Мэдэгдэл: 2014 оны 5-р сарын 21
clock2014-04-21 00:25
Мэдэгдэл: 2014 оны 5-р сарын 21
CEO КЛУБИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ц.ТҮМЭНЦОГТ ТОМИЛОГДЛОО

Монголын бизнесийн тэргүүлэх захирлуудын CEO клуб 5-р сард болж өнгөрсөн гишүүдийн хурлаар General Electric компанийн суурин төлөөлөгч Цэвэгмидийн Түмэнцогт клубийн Ерөнхийлөгчөөр томилогдлоо.

Ц.Түмэнцогт нь дэлхийн дэд бүтцийн инженер, технологийн шилдэг компани болох General Electric-ийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын Ерөнхий Захирлаар 2011 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд тэрээр эрчим хүч, дэд бүтцийн салбарт олон жил үр бүтээлтэй, өндөр хариуцлагатай ажлуудыг эрхэлж ирсэн юм.

CEO Клуб нь 2007 онд байгууллагдсан цагаас эхлэн хоёр жил тутамд клубийн ерөнхийлөгчийг ээлжлэн сонгож ирсэн уламжлалтай бөгөөд 2011-2013 онуудад CEO клубийн Ерөнхийлөгчөөр Оюуны Ундраа Группын Ерөнхий Захирал С.Амарсайхан ажиллаж байгаад ийнхүү албан үүргээ шилжүүллээ. Түүний удирдлага доор клуб нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр өргөн цар хүрээтэй санал санаачилгуудыг өрнүүлж ирсэний дээр гадаад, дотоодын нэр хүнд бүхий бизнес, улс төрийн төлөөлөгчид, байгууллагуудтай харилцаа холбооны эх суурийг тавьж ажилласан.

Цаашид клуб нь C30 нэрийн хүрээнд гишүүнчлэлээ өргөжүүлж, бизнес эрхлэгчдийн санаа тавьж буй олон асуудлууд тэр дундаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэржилт, гадаад худалдаа, хотжилт зэрэг тодорхой салбар асуудлуудаар төр засгийн удирдагчид, бизнесийн бусад байгууллуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлж, үзэл бодол, үлгэр дууриаллаараа манлайлж ажиллана гэдгийг клубийн шинэ Ерөнхийлөгч Ц.Түмэнцогт онцолж байгаа юм.

ТӨГСӨВ

CEO клубийн тухай

СЕО клуб нь Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгыг өмнөө дэвшүүлсэн хувийн хэвшлийн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлсон гүйцэтгэх захирлуудын нэгдэл болж МҮХАҮТ-ын дэргэд 2007 онд байгууллагдсан.

СЕО Клуб нь хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, дэмжин урамшуулахад чиглэсэн эдийн засаг, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, захирлуудын шинэ санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, шинэ технологи нэвтрүүлэхэд бизнесийн удирдагч нарийн нэгдмэл санааг УИХ, Засгийн газарт илэрхийлэн хамгаалах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

СЕО клубийн Ерөнхийлөгчөөр ХасБанкны Гүйцэтгэх захирал асан Ч.Ганхуяг, Монос Группын Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Mongolia Opportunities Partners Компанийн захирал Ж.Батсайхан, Оюуны Ундраа Группын Ерөнхий захирал С.Амарсайхан нар ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагааны 7 жилийн хугацаанд Монголын Эдийн Засгийн Форумыг санаачилж, дэмжиж ажилласан түүхтэй.

CEO клубтэй холбоотой нэмэлт мэдээ, мэдээллийг авах бол дараахи хүмүүстэй холбоо барина уу.

О.Гэрэлтуяа

Хэвлэл мэдээллийн зөвлөх

88779173

gerel.o@eastmaven.co

 

Б.Сайнбаяр

Клубийн Ерөнхий Зохицуулагч

Утас: 89112028, 70114481

Имэйл: Sainbayar@ceoclub.mn