ШААРДЛАГА
clock2021-11-12 09:00
ШААРДЛАГА
Монгол Улсын эдийн засгийн хөдөлгүүрийн 80 орчим хувь хувийн хэвшил дээр суурилдаг. Зах зээлийн эдийн засгийн үндэс болсон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хөдөлмөр эрхлэгчдийн мөн 80 гаруй хувийг шууд ажлын байраар хангадаг. Энэ хэрээр цар тахлын хүнд үед улсын төсвийн орлогыг татвар, шимтгэлээр бүрдүүлж нийгэм, эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулж байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд томоохон бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн эрхэнд халдах, бизнесийн нэр хүндийг гутаан доромжлох, тэр байтугай зарим салбарын үйл ажиллагааг төр авч явах ёстой тухай хандлага эрс нэмэгдэж байна. Эдгээр хандлагыг баталгаажуулсан хууль, журмуудыг төрийн байгууллагуудаас санаачлан, УИХ-ын дэд даргаас авахуулаад төрийн өндөр албан тушаалтнууд үндэслэлгүй мэдээлэл, ёс зүйгүй мэдэгдэл хийж буйг бид цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Үүний хамгийн сүүлийн жишээ бол Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “... бизнесменүүд хулгай, дээрмээр мөнгө олдог учраас залхуу. Тэд хөдөлмөрлөж мөнгө олоогүй ...” гэх мэтээр хэлж олон мянган бизнес эрхлэгчийн нэр хүнд, үндэсний компаниудын нөр их хөдөлмөрийг доромжиллоо. Энэ бол баялаг бүтээн татвар төлдөг бидний бизнесийн эрхэнд бүдүүлгээр халдаж буй увайгүй үйлдэл гэж бид жигшин харж байна. Хэрвээ энэ хандлага, үйлдэл энэ мэтээр даамжирвал цар тахлын хүндрэлтэй тулгараад байгаа энэ цаг үед ажлын байраа хадгалж, бизнесээ тогтвортой эрхлэхийн төлөө чармайн хөдөлмөрлөж байгаа нийт бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тэр чигээр нь үгүйсгэж, нийгэмд талцал үүсгэн үл ойлголцлыг өдөөж, цаашилбал эдийн засаг, нийгмийн салбар бүрт маш том сөрөг зүйлийг дагуулах болно. Иймд иргэдийг төлөөлөх үүрэгтэй “эрхэм” гишүүд та бүхэн энэ бүдүүлэг үйлдэлдээ дүгнэлт хийн хариуцлага хүлээж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Татвар төлөгч бидний мөнгөөр цалинжин, төрийн өндөр үүрэг хариуцлагыг сонгогч олон, ард түмнийхээ төлөө үүрч буй албан тушаалтнуудын хэлсэн үг, үйлдэл бүр дотооддоо Монгол төрийг төлөөлдөг төдийгүй гадаад ертөнцөд төрийн бодлогыг илэрхийлдэг. Энэ том үүрэг, хариуцлагаа ухамсарлан та бүхнийг дахин ийм үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байна. УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ 2021 оны 11-р сарын 10-ны өдөр