“СЕО” клубийн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзлаа
clock2019-04-12 17:14
“СЕО” клубийн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзлаа
Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн санаачилгаар бизнесийн дөрвөн холбооны төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай албан уулзалт хийлээ.

Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн санаачилгаар бизнесийн дөрвөн холбооны төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай албан уулзалт хийлээ.

Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн санаачилгаар бизнесийн дөрвөн холбооны төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай албан уулзалт хийлээ. Уулзалтад Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клуб, МҮХАҮТ, Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.

Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатартай эдийн засаг, нийгэм, улс төр, шүүх засаглалын шинэчлэл, банк санхүү, уул уурхайн салбарын нөхцөл байдлыг талаар мэдээлэл солилцож, “Монголын Эдийн Засгийн Форум 2019”-ыг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулах, улмаар энэ оны ирэх зургадугаар сард БНХАУ-ын Далиан хотод болох Зуны Давост хамтран оролцох асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд бизнесийн холбоодын зүгээс аливаа хувийн хэвшил, нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц томоохон хуулийн төсөл, хөтөлбөрүүдийг УИХ-аар оруулж батлуулахаас өмнө бизнесийн холбоодтой тогтмол уулзаж хийж, хувийн хэвшлийн байгуулагуудын санал хүсэлтийг хүлээн авч, харгалзан үздэг байхыг хүсэв.

Мөн “СЕО” клубийн зүгээс Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран Монголын эдийн засгийн форумыг энэ хавар зохион байгуулах асуудлыг ярилцсан юм. Энэ талаар Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Монголын эдийн засгийн форумыг энэ хавар урагшлуулан зохион байгуулах шалтгаан нь Монголын хууль, шүүхийн байгууллагуудад сүүлийн үед гарч буй өөрчлөлтүүд, хууль зүйн шинэчлэлтэй холбоотой. Энэ хүрээнд гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын хууль, шүүхийн байгууллагуудын талаар сөрөг мэдээлэл цацагдаж, манай улсыг ардчиллын өмнөх үе рүүгээ ухарлаа гэх хардлагыг олон нийтэд түгээж байгаа тул гаднын хөрөнгө оруулагчдад зөв, тодорхой мэдээлэл өгч, тэдний илтгэлийг олж авах шаардлагатай байна.

Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга гээд Монголын гол бизнесийн цикл жил бүрийн хавар сэргэдэг. Хэрэв энэ үеэр бид хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, зөв мэдээллийг өгч чадахгүй бол томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд хугацаанаасаа хойшлох цаашлаад санхүүжилт нь зогсох хүртэл эрсдэлтэй байна. Тиймээс Монголын эдийн засгийн форумын зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хамтран ажиллахыг хүсч байна” гэв.

Мөн Засгийн газраас бизнесийг орчныг дэмжих, хөрөнгө оруулалтыг сайжруулах зорилгоор татварын багц дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Монгол Улсын макро эдийн засаг, нийгэм тэлэхийн хэрээр бизнесийн үйл ажиллагаа өргөжиж, түүнийг дагаад татварын эрх зүйн орчинд цаг үедээ нийцэн өөрчлөгдөх шаардлагын дагуу дээрх хуулийн төслийг боловсруулж, бизнес эрхлэгчдэд таатай зүйл, заалтуудыг оруулсан билээ. Гэвч тус хуулийн зарим хэсэгт ойлгомжгүй, тодорхой бус заалтууд байгаа учраас Монголын эдийн засгийн форумаар дамжуулан олон нийтэд Татварын багц хуулийн талаар мэдээлэл өгөх, сурталчлах ажлыг хийх саналыг өглөө. 

Бид хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, зөв мэдээллээр хангаж чадахгүй бол томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд хугацаанаасаа хойшлох цаашлаад санхүүжилт нь зогсох хүртэл эрсдэлтэй байна. 

Банк, санхүүгийн салбарт сүүлийн үед болж буй асуудалтай холбогдуулан “СЕО” клубийн ерөнхийлөгч В.Ганзориг зээлийн хүү бууруулах, гаднын банк оруулах зэрэг банкны салбарт тулгамдаж буй асуудлыг хөндлөө. Сүүлийн үед дэлхий дахинд банкны салбарт технологийн дэвшлүүд нэвтэрч, хиймэл оюун ухаанд суурилсан финтек үйлчилгээ, шинэ шийдлүүд улам бүр өргөжин тэлж байгаа тул төрөөс энэ салбарт хууль эрх зүйн хүрээнд тодорхой зохицуулалт хийх шаардлага гарч магадгүй байгаа талаар онцлон дурдсан юм.

Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон бусад намын гишүүд зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаатай холбогдуулан энэ талаарх байр суурийг нь тодруулснаас гадна Хөгжлийн банканд тулгарч буй асуудлууд, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл ямар шатанд байгааг лавлалаа.

Бизнесийн төлөөллүүдийн санал хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, тодорхой мэдээлэл өгөн, асуултад хариуллаа.

Тухайлбал, УИХ-ын Зээлийн хүү бууруулах тухай хуулийн төслийг энэ сарын сүүлээр, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгааг дуулгалаа. Зээлийн хүү бууруулах тухай хуулийн төслийг зээлийн хүү бууруулах гэхээсээ илүүтэй мөнгө хүүлэлттэй тэмцэх зорилготой гэдгийг энэ үеэр онцлов.

Банкны салбарт тулгарч буй асуудалтай холбоотойгоор Монгол Улс “Financial Action task force” жагсаалтад өндөр эрсдэлтэй байгаа тул банкнуудын активын чанарыг сайжруулах, мөнгө угаах, авилгатай тэмцэх асуудлыг цэгцэлж, банкны салбарыг сайжруулах үүргийг олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын өмнө хүлээж байгааг хэлсэн юм.

Тэрбээр энэхүү уулзалтыг тохиолдуулан хувийн хэвшил, бизнесийн холбоод цаашид улам нэгдэн, төр, засгийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа нэгдсэн санал, хүсэлт, үзэл бодолтой байх шаардлагатай байгааг ярилаа. Хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод, бизнес холбоод улам цул байж, нэгдсэн байдлаар мэдээлэл, асуудал, шийдлээ танилцуулж байх нь богино хугацаанд үр дүнтэй шийдвэр гаргахад төрийн байгууллагуудад туслах ёстойг онцолсон юм.

Энхүү зорилгын хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбоодын тухай хууль, Баялаг бүтээгчдийн багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэв. Эдгээр хуулиуд болон УИХ-ын хийж байгаа ажлууд нь 2018 онд батлагдсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа багц ажлууд болохыг УИХ-ын дарга мэдээллээ.

Түүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх зургадугаар сарын 28-нд БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн форум буюу Зуны Давост оролцох сонирхлоо илэрхийллээ. Тус чуулганд оролцох ажлын хэсгийг Дэлхийн эдийн засгийн форумын гишүүн В.Ганзориг, Ч.Ганхуяг нар хариуцан, төр болон хувийн хэвшлийн төлөөлөл, бизнесийн холбоод нийлэн Зуны Давост үр дүнтэй уулзалтыг хийхээр эхний байдлаар ярьж тохиролцлоо.