Шилдэг багш шалгаруулах төслийг “СЕО” клубийнхэнд танилцууллаа
clock2019-04-12 10:02
Шилдэг багш шалгаруулах төслийг “СЕО” клубийнхэнд танилцууллаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “Боловсрол” телевизтэй хамтран 100 сая төгрөгийн шагналын сантай “Би багш” Монгол Улсын шилдэг багш шалгаруулах төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам; Боловсрол телевизтэй хамтран манай улсад багш мэргэжлээр ажиллаж буй 30 мянга гаруй сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх ач холбогдлыг таниулах зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай Би багш Монгол Улсын шилдэг багш шалгаруулах төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд CEО клубийн гишүүдэд уг төслийн талаар танилцууллаа. Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх спортын яамны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын телевизийн төлөөллүүд болон CEO клубийн ерөнхийлөгч В.Ганзориг, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, ЛэндМН компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга,MCS  группийн дэд захирал Д.Энхтүвшин, Оюутолгой компанийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ганзориг нар оролцлоо. Дэлхийн дахинд сүүлийн жилүүдэд ихэнх орны хөдөлмөрийн зах зээлд багш мэргэжлийн эрэлт, хэрэгцээ улам өндөрсөж, хөдөлмөрийн зах зээл дээрх чухал мэргэжлийн тоонд багтаж байна. ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн нийт улс оронд 3.4 сая багш дутагдах тооцоог гаргажээ. Өдгөө Монгол Улсын ерөнхий боловсролын 814 сургуульд нийт 597 мянган хүүхэд суралцаж, 30 багш ажиллаж байна. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд ажиллаж байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ онд 1.8 их наяд төгрөг зарцуулахаас 1.3 их наяд төгрөгийн 30 хувийг урсгал зардал болон багш нарын цалин, урамшуулалд зарцуулах ажээ. Харин үлдсэн 600 гаруй тэрбум төгрөгийг бусад салбар болох спорт, шинжлэх ухаан, соёлын үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан байна. Гэвч өдгөө манай улсад бага ангийн багш нарын дундаж цалин 550 мянган төгрөг байгаа төдийгүй багшийн ажлыг үр дүн, чанарыг бодитоор үнэлэх тогтолцоо байхгүй байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр дурдлаа. Тэрбээр Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй багш нарын ур чадварыг дээшлүүлэх, сурагчидтай ажиллах боломж, нөхцөлийг дээшлүүлэх шаардлагатай байна. Судалгаагаар манай улсад нэг багшийн ажлын цагийн хуваарилалтыг задалж үзвэл 30 хувийг хичээл зааж, хүүхдүүдтэй ажиллахад, 70 хувийг хичээлийн бусад бичиг цаас боловсруулж, янзлах, яам тамгын газраас өгсөн ажлуудыг гүйцэтгэхэд зарцуулж байна. Үүнийг бүр задалж үзвэл ажил үүрэгтэйгээ нягт холбоогүй 300 гаруй төрлийн бичиг, цаасны ажлыг хийж байгаа юм. Тиймээс тэдний ажлын ачааллыг бууруулах, ур чадвараа дээшлүүлэх боломжийг бий болгох, ажлаа бодитоор үнэлүүлэх, хүүхдүүддээ ажиллах арга барилаа сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Бид цаашид багшийн ажлын ачааллыг 40 хувиар бууруулж ур чадварыг дээшлүүлэх, заах арга барилыг сайжруулах чиглэлээр анхаарал хандуулж ажиллаж байна гэв. Тус яамны Боловсрол телевизтэй хамтран хэрэгжүүлэх 100 сая төгрөгийн шагналын сантай Би багш төслийн уралдааны нэгдүгээр шатанд Монгол Улсын бүх сум, дүүргийн сургуулиудын I-IV дугаар ангид хичээл зааж буй багш нарын дунд зохион байгуулах ажээ. Ингэхдээ эхний шатанд ЕБС-иуд дотооддоо хэлэлцэн шилдэг гурван багшийг санал болгосны дагуу нэвтрүүлгийн бага сургуулиудад очиж шилдэг нэг багшийг тодруулах юм. Үүний дараа 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгарсан шилдэг  багшийг сонгож нэвтрүүлэгт оролцуулах аж. Өөрөөр хэлбэл, ЕБС-иудаас шалгарсан 30 багш студид зассан тайз дээр ирж өрсөлдсөнөөр үндэсний ялагчийг тодруулж, 100 сая төгрөгөөр шагнах ажээ. Энэхүү төсөл нь багшийн ур чадварыг олон жилийн туршлагыг үл харгалзан бодитоор үнэлэх, олон нийтэд мэргэжлийн үнэ цэнийг өсгөх зорилготой анхны төсөл гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр онцоллоо. Нэвтрүүлгийн явцад мэргэжлийн багш нарын ур чадварыг шүүгчид төрөл бүрээр сорих бөгөөд сурагчдадаа ямар арга хэлбэрээр мэдлэг өгч, шинэ техник, технологи, хэрэглэгдэхүүн ашиглаж буйг нь шоу нэвтрүүлгийн элементтэй хослуулан сонирхолтой байдлаар үзүүлэхийн тулд энэ төрлийн контентод туршлагажсан мэргэжлийн баг буюу  Боловсрол  телевизийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болжээ. Төслийн хүрээнд нийт 30 цуврал нэвтрүүлэг гаргах бөгөөд Бямба, ням гариг бүрийн 21 цагаас  Боловсрол суваг телевизээр орон даяар цацагдах аж. Шилдгээр шалгарсан 30 багш дугаар бүрд сонирхолтой даалгавар гүйцэтгэх юм. Тухайлбал, пифагорын томьёо, зөв бичгийн дүрэм, химийн элемент тайлбарлах нь нэвтрүүлгийн үндсэн даалгавар байхаас гадна гэнэтийн, хүнд даалгавруудыг өгөхөөр бэлтгэжээ. Энэ хүрээнд уулзалтад оролцсон СЕО клубийн гишүүд багш нарын үнэлэмжийг өсгөх, ур чадварыг нь сайжруулах цаашлаад олон нийтийг соён гэгээрүүлэхэд тус нэмэр болох энэхүү чухалд төсөлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.