Ж.Оджаргал: Нүүрсний үнийн зөв бодлого тасраад байгаа төсвийг бүрдүүлэхэд том нөлөөлөх боломжтой
clock2016-09-09 10:50
Ж.Оджаргал: Нүүрсний үнийн зөв бодлого тасраад байгаа төсвийг бүрдүүлэхэд том нөлөөлөх боломжтой
“Бизнесмэнүүд улстөрчидтэй байнга уулзаж байх ёстой. Бид өөрсдийн мэдсэн, сонссоноо тэдэнд байнга ярьж, хэлж байх ёстой юм билээ” гэж MCS группын Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал нэгэн ярилцлагын үеэрээрээ хэлж байв.

Гадны улстөрчид гадаад, дотоод дахь айлчлал, бизнес уулзалтууд дээрээ үргэлж л өөрийн орны томоохон бизнесийн байгууллагуудын ашиг сонирхлыг төлөөлж, тэднийгээ төсөл, хөтөлбөрийн хамтрагч болгохыг санал болгож үүнийгээ ч нуулгүй хэлдэг. Тэд өөрийн улс орны бизнесийн салбараа иймэрхүү байдлаар буюу глобал асуудал дээр хүртэл дэмжиж, өргөдөг.

Харин манай улстөрчид яг юу ярьж явдаг нь тодорхой бус. Ямартай ч дотоодын улстөрөөс харахад бизнесийн төслүүдийг гацаах, өмнүүр нь орж хийхийн гайхамшгийг харсаар ирлээ.

Учир нь төр засгийнхан бизнес эрхлэгчдийн жаргал зовонг сайн ойлгодоггүйгээс гадна өөрсдийн эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьсаар буй.

Харин өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Монголын бизнесийн салбарын гол төлөөллүүдтэй уулзаж ирэх дөрвөн жил МАН ямар бодлого баримтлах талаараа мэдээлэл өгч, бизнесийнхэний өмнө тулгамдаж буй асуудал, санал бодлыг сонслоо.

 

Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл “Хөрөнгийн биржийг хөгжүүлж, хувьчлал явуулснаар төсөвт томоохон мөнгө бүрдүүлэх боломж үүснэ.

Мөн хувийн хэвшил төрд найдаад гэрээ байгуулаад, ажлыг нь хийгээд өгдөг, төр мөнгөө өгдөггүй, компани асар их хэмжээний алдагдалд орж байна” гэж концессийн гэрээгээр ажил гүйцэтгэсэн компаниудын тухай ярилаа.

Харин улстөрчид үүний хариуд өмч хувьчлалын ажлыг эрчимжүүлнэ, эдийн засаг, компанийн засаглал, мөнгө эргэлдэх боломж гэх мэт зүйлсээс шалтгаалан яаралтай эхлүүлнэ гэдгээ хэллээ.

 

MCS группын Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Төрийн компани хямд түүхий нүүрс гаргаад байдаг. Гэтэл хувийн хэвшил коксжуулах, үнэ цэнэ оруулах гэж хичээсээр байна. Үнийн бодлого дээрээ төр, хувийн хэвшил хамтарч ажиллах хэрэгтэй байна. Нэг цонхны бодлого баримталж ажиллах шаардлагатай байна.

Төмөр зам ашиглалтанд орсноор, экспорт нэмэгдэж, тасраад байгаа төсвийг бүрдүүлэхэд том нөлөө үзүүлэх боломжтой” талаар хэлэв.

MMC 600 сая ам.долларын төлбөрөө зургаан жилээр хойшлуулжээ.
 
 

Мөн MMC дефолт зарлах ташаа мэдээлэл явсаар байгаа бөгөөд 600 сая ам.долларын бондын төлбөрөө зургаан жилээр хойшлуулсан амжилттай хэлэлцээ хийсэн тухайгаа Ж.Оджаргал уулзалтын үеэр дуулгаж байлаа.

Харин нүүрсний үнийн талаарх төрийн бодлогын тухай нэг цонхны бодлого баримтлах, төр, хувийн хэвшил уул уурхайн салбарт хамтарч ажиллана гэсэн нааштай хариултыг улстөрчид өгч байв.

 

Мөн бизнесийн төлөөлөл гадаадын банк оруулж ирэх эсэх талаар тодруулахад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Гадны банк оруулж ирэхээс өмнө хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлах хэрэгтэй. Үүний дараа оруулах асуудал яригдана” гэлээ. Учир нь эрх баригчид гадны банк оруулж ирэхдээ одоогийн арилжааны банкуудтай шууд утгаараа өрсөлдүүлэх бус хөрөнгө оруулалтын томоохон зээлүүд гаргах боломжтой хөрөнгө оруулалтын банкуудыг оруулж ирэх боломжийг судалж байгаа аж. Шалтгаан нь дотоодын банкууд томоохон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийх, зээл олгох боломжгүй байгаа нь манай бизнесийн орчинг улам хумиж байгааг улстөрчид хэлж байлаа.

Уулзалтад барилгын салбарыг төлөөлж ирсэн бизнесийнхэн ипотекийн зээлийг зогсоосон тохиолдолд барилгын салбар, туслан гүйцэтгэгч, банк, ар гэр гээд маш олон хүмүүс хохирно. Энэхүү зээлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд улстөрчид ч ипотекийн зээлийг бол зогсоохгүй гэдгээ хэллээ.

"Нарантуул" зэрэг жижиглэн худалдаа эрхлэгч нар бэлэн мөнгөөр наймаа хийж, татвараас тойрч байгаа. Энэ цугларвал 15-20 их наяд мөнгө цугларах боломж бий. Хүн бүр, байгууллага бүр тэгш татвар төлдөг тогтолцоог сайн хангаж өгөх хэрэгтэй байна.

 

Мөн ТОП 100 аж ахуйн нэгж шалгаруулахдаа салбараар, бизнесээр нь ангилж өрсөлдүүлэх хэрэгтэй байна" гэж Номин Холдинг ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан хэлж байв. Тэрбээр мөн 1-50 төгрөг хэвлэх зардалд хэт өндөр, хэвлэхгүй бол 100 тэрбум төгрөг хэмнэх тухай саналаа хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл бизнесийнхэн нийтээр нь жигд татвар авах бизнесийн бусад салбарт төр зөв менежмент хийж чадвал тасраад буй татварын орлогоо бүрдүүлэх олон боломж байгааг ийнхүү дурдаж байлаа.

Монголын Хөрөнгө Оруулалтын Сангийн захирал Б.Батсайхан “Хөрөнгө оруулагчдын хүсэл бол тогтвортой, сайн залгамж халаатай, татварын орчин байнга өөрчлөгдөөд байдаггүй болох. Тийм үед хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой” талаар хэлэв. Энэ уулзалтад цугласан бизнес эрхлэгчдийн давхцаж байсан гол санаа нь улстөр, хууль эрх зүйн тогтвортой орчин хамгийн чухал байгааг онцолсоор байлаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хууль эрх зүйн орчныг бизнест таатай болгоход бид нээлттэй байгаа. Салбар, салбараар бидэнд саналаа өгөх хэрэгтэй байна. Тэрийг нь бид дэмжээд өгье, хувийн хэвшлийнхэн хүний нөөц сайтай, зовлонгоо сайн мэддэг учир бид хамтрахад бэлэн. Гол нь бодит санал чухал” байгааг уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Тус уулзалтаар ОУВС-ийн “Стэнд Бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар УИХ-ын гишүүд“ОУВС-д ирж ажиллах хүсэлт илгээсэн. Тэд хөтөлбөр авах эсэх хариу өг гэсэн. Одоохондоо хариу өгөөгүй байгаа” гэв.

Мөн ирэх жилээс төлөгдөж эхлэх бондын төлбөрийн тухай “Бондны нөхцлийг дахин хэлэлцэх юм бол дефолт зарласнаас ямар ч ялгаагүй болно. Тиймээс дахин шинэ бонд гаргах хэрэгтэй” гэж хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалай улстөрчдөд саналаа хэллээ.

"УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө дахин бизнесийнхэнтэй хамтарсан уулзалт хийнэ. Та бүхэн идэвхтэй оролцоорой" гэж МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан хэлж уулзалтыг дуусгав.

 
Төр бизнесийнхэний дуу хоолойг сонсох энэхүү уулзалтыг CEO клуб санаачлан зохион байгуулсан бөгөөд бизнесийнхэн өөрсдийн санал бодлыг сонссон энэ арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Улстөрчид ч бизнесийн олон салбарт учирч буй бэрхшээлийг сонссон танин мэдэхүйн ач холбогдолтой уулзалт болсныг онцолж байв.