Ж.Оджаргал: Нүүрсний салбарт жаахан гэрэл гэгээ харагдаж эхэлж байна
clock2016-10-12 14:45
Ж.Оджаргал: Нүүрсний салбарт жаахан гэрэл гэгээ харагдаж эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.

-Төр ганцаараа зүтгээд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадахгүй, ард түмнээ түшиж, хувийн хэвшлээ дэмжих замаар хамтарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд Улаанбаатарын худалдааны танхим болон CEO клубын зүгээс тодорхой асуудлаар Ерөнхий сайдад танилцуулга хийж, гарц шийдэл ярихаар уулзалтад ирснээ “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл хэллээ.

Уулзалтад ирсэн бизнесийн төлөөллүүд:

-Борлуулагдаагүй байгаа орон сууцны барилгуудыг эргэлтэд оруулах,

-Зах зээл дээрх бэлэн мөнгөний урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх, боломж,

-Уул уурхайн салбарт экспортын нэг цонхны бодлого баримтлах,

-Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх арга зам,

-Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах замаар Улаанбаатарыг бүс нутгийн хөгжлийн төв болгох талаар тус Танхимын зүгээс боловсруулсан зарим төслийг Ерөнхий сайдад товч танилцуулж ярилцлаа. Тухайлбал:

 

Ард санхүүгийн нэгдэл корпорацийн захирал Ч.Ганхуяг:

-Бодлогын алдаа гаргаснаас болж ипотекийн зээл өнөөдөр барилгын компаниудын үйл ажиллагааг л тэтгэж, байрны үнийг хэт хөөрөгдлөө, өнөөдөр зарим хүн хоёр, гурав дахь байраа энэ зээлээр авч байна. Гэвч гэр хорооллын айлуудын тоо буурсангүй. Иймд одоо бэлэн болсон 35 мянга орчим орон сууцыг Улаанбаатар хотын баталгаатай өрийн бичгээр борлуулах хувилбарыг давхар ашиглабал борлуулалт нэмэгдэх, эдийн засагт бэлэн мөнгөний урсгал нэмэгдэх боломжтой.

MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал:

-Нүүрсний салбарт жаахан гэрэл гэгээ харагдаж эхэлж байна. Энэ гэрэл хэр сайн тодрох, эсвэл хэр удаан асахыг мэдэхгүй. Энэ боломжийг бодитой ашиглахын тулд Монголын нүүрс, нүүрсний салбарынхан дотооддоо нэгдмээр байна. Тэгж байж Монголын нүүрс дэлхийд өрсөлдөнө, гадаад зах зээлд гарна, үнэ хүрнэ. Тэр хэрээр эдийн засагт өгөөжөө өгнө. Гэтэл бид дотроо л өрсөлдөөд байх юм.

Монгол Улс дотооддоо нэгдэхгүйгээр нүүрсээрээ санасан эдийн засгийн ашгаа олж чадахгүй. Дэлхийн том том гангийн үйлдвэрүүдийн шаардлагад нийцэх коксжих нүүрс гаргахын тулд Монголын нүүрсний экспортод нэг стандарт хэрэгтэй, төрөөс хамгийн гол нь нүүрсээ баяжуулж гаргахыг шаардаж, түүхий нүүрсний экспортод хориг, хязгаар тогтоох хэрэгтэй. Тэгж чадвал дотоооддоо нэмүү өртөг шингээнэ, гадаад зах зээлд “Монголын нүүрс” гэх нэг хаягтай түүхий эдээр бусадтай өрсөлдөж чадна. Түүнээс бус, түүхийгээр нь зөөгөөд, түүхий нүүрсний үнээр баяжуулсан нүүрснийхээ зах зээлийг шахах замаар яваад бид амжилтад хүрэхгүй. Нүүрсний экспорт бол эдийн засгийг тэтгэх, бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, олон аж ахуйн нэгжийг орлоготой байлгах боломжтой нэг чухал гарц юм.

-Петровис компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл:

-Хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь, Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг “ММС” компани бол олон улсад, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хамгийн анх гарсан компани. Түүнээс хойш олон хүн энэ компанийн хувьцааг худалдаж авсан. Одоо “ММС”-гийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр борлуулж, монгол хүн худалдаж авах бололцоог нээж өгөх хэрэгтэй байна.

-Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг

-Ерөнхий сайдын аливаа асуудлыг цогцоор нь шийдье гэдэгтэй санал нийлж байна. Жишээ нь, өнөөдөр банкны зээлийн хүү өндөр байна, буулгахын тулд гаднын банк оруулж ирье гэж байна. Гэтэл бодит байдал дээр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой. Үүний тулд минийхээр банк, санхүүгийн салбарт маш олон талын ажил хийх ёстой гэвэл тэдгээрийн зөвхөн нэг арга зам нь гаднын банк оруулж ирэх арга. Гэтэл бид асуудлаа цогцоор нь авч үзэхгүйгээр ганцхан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэвэл санасан үр дүнд хүрэхгүйн дээр эдийн засагтаа эргээд томоохон хохирол авчирч болзошгүй.

Бизнесийнхэн энэ мэтээр саналаа хэлж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашдаа тодорхой нэг асуудлаар, эсвэл нэг төслөөр дагнасан уулзалт хийж үр дүнг нь үзэж байхаар тохирлоо. Мөн Ерөнхий сайдын дэргэд бизнес, хувийн хэвшлийнхэн оролцсон байнгын ажиллагаатай бүтэц байгуулах талаар ч санал солилцов. Энэ удаагийн уулзалтаар бизнесийнхний танилцуулсанБуянт-Ухаад аялал жуулчалын бүс байгуулах талаар дахин ярилцах, холбогдох судалгааг нь хийх, Засгийн газрын төвшинд хийж байгаа бодлого, судалгаатай уялдуулахаар болов.

Хөшигийн хөндийн олон улсын ниэсх буудал ашиглалтад орсны дараа Буянт-Ухаад аялал жуулчлаын бүс байгуулах, ингэснээр Улаанбаатар хот бүс нутгийнхаа хөгжлийн төв болох боломжтой талаар бизнесийнхэн төсөл боловсруулж ирсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

www.ikon.mn