CEO CLUB-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГ СОНГОГДЛОО
clock2016-02-22 05:05
CEO CLUB-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГ СОНГОГДЛОО
Монголын гүйцэтгэх захирлуудын клуб буюу CEO Club-ын уулзалт 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр болж Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал Чулууны Ганхуягийг клубын Ерөнхийлөгчөөр сонголоо.

Чулууны Ганхуяг нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй, тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ганхуяг нь ХасБанкийг байгуулагдсан цагаас хойш 2009 оныг хүртэл Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2009-2010 онд ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирлын албан тушаал, 2010-2012 онд Монгол Улсын Сангийн Дэд сайдын албанд томилогдон тус тус ажиллаж байв.

Ганхуяг нь CEO Club-ыг үүсгэн байгуулалцаж, анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв.

CEO Club нь 2007 онд байгуулагдсан цагаас эхлэн жил бүр клубын ерөнхийлөгчийг ээлжлэн сонгож ирсэн уламжлалтай бөгөөд 2013-2015 онуудад CEO клубийн Ерөнхийлөгчөөр General Electric компанийн суурин төлөөлөгч Цэвэгмидийн Түмэнцогт ажиллаж байсан ийнхүү албан үүргээ шилжүүллээ.

CEO Club-ын тухай

СЕО Club нь Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгыг өмнөө дэвшүүлсэн хувийн хэвшлийн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлсон гүйцэтгэх захирлуудын нэгдэл болж 2007 онд байгуулагдсан.

СЕО Club нь хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, дэмжин урамшуулахад чиглэсэн эдийн засаг, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, захирлуудын шинэ санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, шинэ технологи нэвтрүүлэхэд бизнесийн удирдагч нарын нэгдмэл санааг УИХ, Засгийн газарт илэрхийлэн хамгаалах, нийгмийн хөгжил рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.