CEO SUMMIT 2012 амжилттай зохион байгуулагдлаа.

КОМПАНИЙН ЗАХИРЛУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ПРОТОКОЛ

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН УРИА: Тогтвортой, тэнцвэртэй, оролцоотой, хөгжлийн төлөөх түншлэл

ХААНА: МҮХАҮТ  -ын Хурлын зааланд

ХЭЗЭЭ: 2012 оны 5-р сарын 25, Баасан гариг,

ОРОЛЦОГЧИД: МУын ААН байгууллагын захиралуудын төлөөлөл болох 117 хүн уг чуулга уулзалтанд оролцлоо.

МҮХАҮТ “CEO Summit – 2012” компанийн захирлуудын чуулга уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Анхны чуулга уулзалтыг 2010 онд зохион байгуулж байсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь  компанийн захирлууд нэгэн дор цугларч  бизнесийн амжилт, арга туршлагаа солилцох, учирч буй бэрхшээлээ ярилцах санал солилцдог. Энэ удаагийн чуулган нь “Тогтвортой, Тэнцвэртэй, Оролцоотой хөгжлийн төлөөх түншлэл” уриатайгаар явагдсан бөгөөд тус чуулганд дараах хүмүүс илтгэл тавилаа.

  1. Терра экспресс ХХК-ийн захирал Ш. Алтанабагана

Бизнес эрхлэх, удирдан зохион байгуулахад CEO нарт тулгарч буй бодит саад бэрхшээл, шийдэх арга замын талаар,

  1. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Инновацийн бодлогын хэлтсийн дарга н.Ганбат

“Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, инноваци, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд

  1. ЖДҮГ-аас

 ЖДБ-г дэмжих, бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, туршлага бодит үр дүнгийн талаар  

  1. Монголын санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаа Монгол улсад тэтгэврийн сангийн тогтолцоог нэвтрүүлэх болон түүний ач холбогдол, үр дүнгийн талаар илтгэл тавьсан.

 

Чуулга уулзалт 10.30 цагт эхэлж, чуулганыг МҮХАҮТ -ын дарга С.Дэмбэрэл нээж үг хэллээ.

МҮХАҮТ  -ын дарга С.Дэмбэрэл:

Та бүхний өглөөний амар амгаланг айлтгая. Өнөөдөр Захирлуудын Хоёрдугаар чуулга уулзалтыг хийж байна. Төрийн холбогдох байгууллагуудын төлөөлөл болох  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын дарга н.Ням -Осор, Шинэтгэлийн хорооны н.Ганбат, Танхимын төлөөлөгчдийн тэргүүлэгчид оролцож байна. Ерөнхий сайд, Намын дарга нарыг урьсан боловч тэд ирсэнгүй. Тэд сонгууль болох гээд завгүй байгаа байх. Өмнөх жилүүдэд бид хамтран ажиллах санамж бичиг гаргадаг байсан бол энэ удаад тэгсэнгүй. Дараагийн Засгийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Дунд ангийн төлөөлөлийн үйл ажиллагааг улс төрийн намууд дэмжинэ гэсэн. Хэзээ яаж дэмжих нь тодорхой болоогүй байна. Ямар санаа санаачлага дэвшүүлэхээ та бүгдээс авсан саналыг нэгтгээд нэг форматад оруулаад бэлдсэн байгаа. Хурлын явцад та бүгдэд тараах хуудсан дээр хүн бүр  хоёр саналаа бичиж бидэнд өгөөрэй.

Та бүгдийн гар дээр байгаа чуулганы мэдээлэлээс та бүгд ямаршуу явцтай явах талаар мэдээлэл авч байгаа байх. Хурал явагддаг жишгээрээ явагдана. Төрөөс баримталж байгаа бодлогын талаар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих газрын дарга Ням -Осор та бүгдэд танилцуулна.

Өнөөдрийн чуулга уулзалт дотор нэг шинэ санаа явж байгаа. Энэ бол Хувийн хэвшлийн тэтгэврийн сангийн санал байгаа.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд юу хийх ёстой вэ. Бизнесийн сектор бүрээр хуримтлагдсан олон асуудлууд байна. Бизнесийн орчны шинэтгэлийн жилд хийгдээгүй дутуу үлдсэн олон ажил байна. Шинэ Засгийн  газар бүрдээд мөрийн хөтөлбөрөө боловсруулах тэр үед нь бид бизнесийн саналаа өгөх юм.  

МҮХАҮТ᠎-аас УИХ  -д та бидний төлөөлийг оруулах талаар анхаарч дэмжиж ажиллана. Хувийн хэвшлийн тухай ойлголт их эерэг болсон. Хувийн хэвшлийн стратегийг боловсруулсан. Өнөөдөр бид монголын бизнесийн секторт шинэ өнгө төрхийг оруулах шаардлага байна .Энэ бол ногоон өнгө  юм. Төрийн бичиг баримт цаас болдоггүй болохын тулд бид оролцож саналаа оруулах хэрэгтэй байна.

Терра экспресс ХХК-ийн захирал Ш. Алтанабагана:

Илтгэлийн сэдэв: Монголын бизнес дэлхийд өрсөлдөх боломжтой юу?

Бизнес эрхлэх, удирдан зохион байгуулахад CEO нарт тулгарч буй бодит саад бэрхшээл, шийдэх арга замын талаар илтгэл тавих санал ирсэн боловч би сэдвээ бага зэрэг өөрчиллөө.

Монголын бизнес эрхлэгчид дэлхийд өрсөлдөх боломжтой юу?, Бид өнөөдөр өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?

Би өнөөдрийн илтгэлээрээ доорх сэдвийг хөндөн ярих болно.

ü  Бизнесийн өрсөлдөх чадварын тухай, ерөнхий төрх нь ямар  байна гэдэг талаар

ü  Кластерийн хөгжил

ü  Үндэсний компаниудын давуу талыг бий болгох

талаар ярина.

Өрсөлдөх чадвар нь нэлээн өргөн ойлголт юм. Манай улсад тэмдэглэгдсэн 60,000 гаруй, үйл ажиллагаа явуулж байгаа 10,000 гаруй компани байна. Монголын компаниудад арай том зорилт хэрэгтэй байна. Манайхан нийтийн хоол, худалдаа, уул уурхайн лизенз эзэмшихэд л анхаарч байна. Хоёр том улсын зах зээлрүү орох талаар зорихгүй байна. Дэлхий маш хурдацтай даяарчлагдаж байна. Улс орнуудын бизнесийн орчин, өрсөлдөх чадварын тухайн ойлголт өөрчлөгдөж байна. Дэлхийн бизнесийн орчин нэлээн сайжирч, нээлттэй мэдлэг мэдээлэл авах боломж өсөж байна.

Хэрэглэгчдийн шаардлагаар бүтээгдэхүүний чанар нэмэгдэж байдаг. Харин монголын дотоод зах зээл бага тул энэ шаардлага бага байдаг. Ханган нийлүүлэх салбарын хөгжил байна. Манайхан бэлэн байгаа байгалийн баялгаа гаргах гээд байдаг бол дэлхийн жишиг арай өөр байна. Бизнесийн орчныг сайжруулахын тулд бизнес эрхлэгчид бизнес эрхлэх санаа санаачлага, уур амьсгал маш чухал байна. Манай хандлага бол хувийн хэрэгцээгээ хангахад чиглээд байна.Шударга бус өрсөлдөөн монголд давамгайлаад байна. Монголын бизнесийн нүүр царай, соёлыг сайжруулахад бизнесийнхэн саналаа сайн өгөх хэрэгтэй байна. Монголын бизнесийн өрсөлдөх чадварын стратеги:

  • National Value Proposition д суурилсан бизнесийн кластеруудыг хөгжүүлэх
  • Монголоос бизнесийн Hidden Champion  -ийг төрүүлэх
  • Үндэсний компаниудын онцгой давуу талуудыг бий болгох

Бизнесийн кластеруудыг хөгжүүлэхийн тулд ОУ болон үндэсний хэмжээнд өрсөлдөх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд бизнесийн байгууллагууд хамтрах, судалгаа шинжилгээний ажлыг хийх, санхүүжилт хөрөнгө оруулалт, ОУ᠎-ын сүлжээ, санхүүгийн хөрөнгө оруулалт дээр төвлөрч ажиллах хэрэгтэй байна. Манайхан үйлдвэрлэлийн хүчин зүйлд ордог эдийн засгийн хэсгийг л зөвхөн авч ажиллаад байдаг. Компаниуд хүний нөөц дутагдалтай байна гээд байдаг:

  1. Компани дотроо цаашид мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах
  2. Монгол менежментийг хэрэгжүүлэх элит сургалт байгуулах. Германд нэлээн олон компани хамтраад нэлээн өндөр төлбөртэй элит сургууль байгуулсан байна.
  3. Дэд бүтэц

Үндэсний бизнесийн кластер

Бид дэлхийн түвшинд үнэхээр жижиг байна. Дотоод зах зээл нь нэг тэрбум доллараас хэтрэхгүй байна. Бусад улс орны эдийн засаг, бизнесийн орчин сайн байна. Энд Hidden champions компаниудын талаар дурдах нь зөв байх.  Энэ жижиг компаниуд нь үндэстэн дамнасан корпорациуд биш жижиг дунд бизнесүүд байдаг боловч  дэлхийн зах зээлд тэргүүлэгч эсвэл хүчтэй өрсөлдөгчид байдаг. Тэд ханган нийлүүлэх салбарт түлхүү ажилладаг.Тухайн компани хир бүтээмжтэй байгаа нь нэг ажилтанд ногдох борлуулалтаар тодорхойлогддог. Хамгийн гол нь компаний зорилго байдаг. Үүн дээрээ тулгуурласан зөв стратеги маркетинг байдаг. Эдгээр компаниудын судалгаа хөгжлийн зардал 10 -20 хувь байдаг. Монголын компаниудад судалгаа хөгжил гэж бараг байдаггүй. Үндэсний компаниудын давуу талыг бий болгохын тулд National Value Proposition&Core Competence ийг тодорхойлох, Мэргэшсэн боловсон хүчинг Inhouse training ээр мэргэшүүлэх, Чадварлаг CEO , бизнесийн удирдагчид төрүүлэх, Гадаад зах зээлийн борлуулалт түгээлтийн сувгуудыг нээх, маркетингийн шинэ сэтгэлгээ, өвөрмөц шийдэл нэвтрүүлэх, үйлчилгээний секторт төвлөрөх хэрэгтэй байна.

Өнөөдрийн миний илтгэл ингээд дууслаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүгдэд амжилт хүсье.

 

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Инновацийн

 бодлогын хорооны дарга н.Ганбат

 

Өнөөдрийн чуулган УИХ-ын сонгууль болох үетэй таарч байгаа нь их чухал ач  холбогдолтой байна. ҮХШХ  нь  төрийн захиргааны байгууллага юм . Анх  2009 оны 3 сард байгуулагдаж байсан манай байгууллага бодлогын шинжтэй бичиг баримт нэлээдгүйг боловсруулж батлууллаа. 2010 оныг бизнесийн орчныг дэмжих жил болгосонтай холбогдуулан нэлээн олон ажил хийгдсэн. МУ -д дэвшилтэт технологийг хөгжүүлэхэд нэлээн их юм хийсэн. Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг 2010 оны 6 сард УИХ- аар батлуулсан, Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг 2011 оны 12 сард ЗГ-аар батлууллаа. Хамгийн сүүлд Инновацийн тухай багц хуулийг УИХ- аар 5 сард батлууллаа.

Технологийн компаниудыг санхүүгээр дэмжих талаар том заалт орсон байгаа. Асуудлыг хариуцсан байгууллагын хувьд хэд хэдэн ажлыг эхэлсэн байгаа. МУ - ын гурван бүсэд технологийн парк байгуулах. Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотод  Герман улсын ЗГ-аас  МУ-д технологийн томоохон сургууль байгуулах болсон. Фрайбергийн их сургуультай хамтарсан сургууль байгуулна.

Цаашид ОУ-ын туршлага, хөгжлийн чиг хандлагын дагуу бизнесийн орчныг шинэтгэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд эрх зүйн болоод санхүүгийн орчныг улам боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, цахим болон нэг цэгийн үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлэх, мөн Инновацийн хууль батлагдсантай холбоотойгоор өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан гол анхаарлаа хандуулж ажиллах болно. За та бүгдэд баярлалаа.

 

Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга н.Нямсор

Энэ өдрийн мэнд хүргье. ЖДҮ эрхлэхэд гарч байгаа бэрхшээлтэй гурван жил ноцолдсон хүний хувьд сайн ч юм байна муу ч юм байна. ЖДҮ-ийг юу гэж ойлгож байна.

ЖДҮ-ийн давуу тал гэж байдаг. ЖДҮ нь жижиг бизнес эрхлэгчдийн шинэ санаачлага, хурдан сэргэх чадвар, тууштай байдал нь хүмүүст ирээдүйд итгэх итгэл өгдөг. Жижиг бизнес нь ямагт том бизнесийн эхлэл болдог, жижиг бизнес нь дунд ангийг төрүүлж баталгаатай татварын бааз үүсгэдэг. Эдийн засгийн ямарваа өөрчлөлтөнд дасан зохицох чадвартай, шинэ санаачлага гаргадаг, бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ тохируулан өөрчилж чаддаг, орчныхоо ямар ч өөрчлөлтөнд түргэн дасан зохицох чадвартай.

Төрөөс ЖДҮ -ийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажил хийгдлээ. Төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын хэмжээнд ЖДҮ-ийг дэмжих хөнгөлттэй зээл олгох сүлжээ бий болсон. Зээл олгосноор иргэд, ААН᠎ -ийн дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхол , санаачлага эрчимжсэн. Зээлийн хүү банкны системд буурч, зээлийн нөхцлөө сулруулсан. Орон нутагт ЖДҮ хөгжсөнөөр ажлын байр олноор бий болсон.

МҮХАҮТ  -ын дарга С.Дэмбэрэл:  

Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах шаардлагатай байна. Боловсон хүчний асуудал яригдаж байна. Уул уурхайн бүс, ажиллах хүч, ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар дутагдаж байна. Онлайн хөдөлмөрийн дэвтэр хийгдэх гэж явагдаж байна. Ажиллах хүчний тогтвор суурьшилыг хангахаар явж байна. Шүхэр зарчмын хүрээнд хамтарсан сертификат олгох. Том компаниудаас Говь энэ чиглэлрүү орсон.

Монголын санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаа

Энэ өдрийн мэнд. Өнөөдөр би хувийн тэтгэврийн сангийн талаар мэдээлэл хийж байна. МУ- д ийм зарчмаар үүссэн юм алга. Тэтгэвэр нь маш олон салбарыг хамарсан ажил байдаг. Ийм тэтгэврийн сан  ОУ-д маш хэрэгтэй байна. Бид яаж хэрэгжүүлэх вэ, Компанид ямар ач холбогдолтой вэ, хүний нөөцөө тогтворжуулах, татахын тулд  тэтгэврийн хувийн санг үүсгэх зайлшгүй шаардлага байна. ОУ  -д өндөр насны тэтгэврийн хуримтлалыг төрийн нийгмийн халамж, хувийн хэвшлийн тэтгэвэр, хувь хүний хадгаламж гэсэн эх үүсвэрээс буюу гурван давхаргаас бүрдүүлэх нь зүйтэй гэж үздэг. Тэтгэврийн гурван давхарга байх ёстойгоос Монголд зөвхөн нэг  нь л байна. Нийгмийн даатгалын өндөр насны тэтгэврийн тогтолцоо нь өндөр насны орлогын үндсэн эх үүсвэр болж чадахгүй, амжиргааны доод түвшинг хангах зорилготой. Цаашид тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа, учир нь хүн амын насжилт үргэлжилнэ. Шинэчлэлийн нэг гол чиглэл нь хуримтлалын зарчмаар ажилладаг тэтгэврийн сангуудыг бий болгох асуудал байх ёстой. Одоогоор хувийн хэвшлийн тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлсэн компани ганц нэг л байна..... Энэ сангийн талаарх мэдээлэл цаашдаа дэлгэрэнгүйгээр та бүгдэд хүрэх болно.

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, САНАЛ ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ

АПУ компаний гүйцэтгэх захирал н.Эрдэнэбилэг

Ерөнхий сайд энэ танхимд бизнесийн орчныг сайжруулах талаар арга хэмжээ авна гэж өнгөрсөн жил ярьж байсан. Бодит амьдрал дээр АА эрхэлж байгаа хүний хувьд бизнесийн орчин улам бүр муудаж байна. Дунд шатны хуулийн байгууллагын бичиг цаасны ажлыг багасгана гэж лөөлөө болоод байна. Импортын мэдэгдэлтэй холбоотой маш том хүнд суртал байна. Эсвэл ерөнхий сайд доод албан тушаалтнууддаа үүрэг даалгавар өгөхгүй байгаа, эсвэл нөгөөдүүл нь хийхгүй байгаа юмуу.

МХЕГ болон төрийн албан хаагчдын хүнд суртал, үйлчилгээний зан ааш, ертөнцийг харж байгаа нүд маш буруу байна. Бизнесменүүд хоорондоо үзэлцсэнээс болоод улс төрийн намууд түүн дээр нь ажиллаж бизнесийнхний  босгосон ажлыг үгүй хийж байна. Уул уурхай, төмөр замын асуудлаас болоод шударгаар татвараа төлж ажиллаж байгаа компаниудын ажлыг харлуулж байна. Төр өөрийнхөө алдааг бизнес эрхлэгч нарт тохож байна.

 Дараагийн нэг асуудал бол CEO бэлтгэх явцыг сайжруулах ёстой. СЕО нарыг бэлтгэх, дэмжих тал дээр би өөр бодолтой байна. Манай аж ахуй нэгжүүдийн зарим нь хөгжих гээд зарим нь хөгжчөөд байна. ОУын  байгууллага болон ОУын банкинд ажиллаж байсан CEO нар монголын компанид ажиллаж чадахгүй  байна. Сурсан мэдсэнээ Монголын хөрсөн дээрээ буулгаж ажлаа явуулж чадахгүй байна. Гадаадад төгссөн гээд том том толгойнуудыг биш (их бие нь байхгүй хөдөлж чадахгүй байна), хөрсөн дээрээ бойжиж байгаа,  монголын бизнесийн хүнд нөхцөлд бизнесээ явуулах гэж тэмцэж байгаа  CEO нараа дэмжье.

МҮХАҮТ-ын  Татварын бодлогын зөвлөлийн дарга н. Ууганбаатар

Би энд нэг юм хэлчье. Манай зөвлөл НӨАТ᠎-ыг тэг болгохоор зорилго тавин ажиллаж байна. НӨАТ бизнес эрхлэгчдэд маш том хүндрэл учруулж байна. НББ -ийг дампууруулж байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллая.

Бизнес эрхлэгчид Монголыг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс. Хамтарч ажиллая.

Бридж группийн ерөнхийлөгч н. Даваажаргал

Миний хэлэх гэж байгаа зүйл бол НӨАТ - ын асуудал байна. МУ-д албан бус бизнес болон ЖДҮ-ийг дэмжих ажил их байна. Бусад ААН -үүд хохироод байна. Тэгш бус ажил яваад байна. Томорч байгааг нь дэмжих биш эсрэгээр яваад байна.

Олон охин компанитай компаний хувьд компани тус бүр дээрээ нягтлан бодох бүртгэлийн тайлангаа өгдөг биш группын хэмжээнд НББ ийн нэг тайлан гаргаж өгдөг болвол сайн байна.

Монгол базальт компаний захирал Ариунболд

Зөгийн үүр гээд гадаадад ажиллаж төгссөн хүмүүсийг баахан юм амлаад аваад ирдэг. Би Эрдэнэбилэгтэй санал нэг байна. Монголын татварын том намган дунд ажилласан хүмүүсээ дэмжих нь зүйтэй. Хувийн хэвшлийнхэн нэгдэж ажилламаар байна. Улс төрийнхөн бизнесийнхнийг зөрчилдүүлээд байна. Саяхан хятадын компанид замын том төслийг өгчлөө. Самсунг констракшн гэхэд л 30  -40 хүнтэй. Монголын компаниуд гадаадын компаниудын хэдэн тэрбумын үнэтэй төхөөрөмжийг авах шаардлага байхгүй. Тэр том компаниудыг гэрээгээр авч ажиллуулах хэрэгтэй. Шударгаар тайлан тооцоогоо өгсөн компаниуд дээр  төрийн институц ажиллаад байна.

Голомт банкны харилцааны менежер Есөн хишиг   

Монголд хувийн тэтгэврийн хөтөлбөр хэрэгжээд 5 жил болж байна. Вагнер Ази, Ньюком, Бодь групп байгууллагуудын ажилчдын санхүүгийн асуудлыг шийдэж байна. Үүн дээр төрийн нарийн зохицуулалт шаардлагатай байна.

Тэтгэврийн сан хөтөлбөрүүд нь 50 -60 жилийн өмнө үүссэн. Энэ бол шинэ зүйл биш, харин тэтгэврийн тогтолцооны шинэчлэл юм. Суурь тэтгэврийн хууль гэж гаргачаад байна. Үүнийг ингээд салгаж байгаа нь зөв үү. Одоогоор зөв гольдрилдоо явж байна.Монголчуудын хувьд тэтгэврийн асуудал зөвхөн настай хүмүүсийн асуудал биш ажилд орж байгаа үеэс эхлэх ёстой .........

Адморко компанийн захирал Ганбаяр

ЗГ  - ын зарласан  ажлууд тухайн жилдээ яваад дараа жилдээ зогсчоод байна. 2012 оны 1 сард МХЕГ ын даргын тушаал гарсан. Гаалиар орж ирсэн бараа бүтээгдэхүүний  дээжийг авах тухай. Тухайн түшмэлийн эрх мэдлийг хөхүүлсэн, ямар ч бүртгэлгүй тушаал байгаа. Үүн дээр танхим ажиллаж байгаа байз. Энэ нь бизнес эрхлэгчдад маш их дарамт, хүнд суртлыг учруулж байна. Хэдэн байцаагч нарын эрх мэдэл, хүнд сурталыг хөхүүлэн дэмжсэн л ажил болсон байна.

Голомт банкны иргэдийн банк хариуцсан дэд захирал Энхтуяа

ААН, байгууллагууд татварын зөв бодлогыг дэмжвэл сайн байна.  Аль шатны компанийг дэмжиж байгаагаа тод болгомоор байна. Төрөөс ямар нэгэн бодлогоор дэмжихээрээ хэтэрхий их оролцдог. Бизнесийхнийг хэт шахаад байх биш уян хатан байгаасай. ЖДҮ эрхлэгчид зээл авахдаа зөвхөн санхүүгийн асуудал ч биш өөр бусад асуудлаа ярьж ирдэг. Төслийн зээл олгодог, энэ нь хавтгайрчихаад байдаг.Үүнийг салбарын болон ханган нийлүүлэгчдийн бодлогоороо тодорхойлж өгнө үү.

Техник импорт компаний захирал

Тендер төслүүдэд хэдхэн компаниудын ажил болчлоо. Тендерийг олон нийтэд ил зарлах, шалгаруултанд хяналт тавих шаардлага их байна.

Улс төр бизнес хоёр их хутгалдаж байна. Нийгэм их бохир болсон байна. Арга залиар ажил явуулдаг болсон байна. Монгол 999 сүүлийн үед ямар ч мэдээлэлгүй болчлоо. Энэ зөвхөн ТУЗ -ынхны  луйвар байв уу, Үүн дээр бодитой хариулт өгөөч . . . . . .

МҮХАҮТ  -ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш

За ингээд өнөөдрийн чуулга уулзалтыг өндөрлөе.Бидний өнөөдрийн чуулга уулзалт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Бид шинэ Засгийн Газар байгуулагдахаар мөрийн хөтөлбөрт нь бизнесийнхий үйл ажиллагааг дэмжсэн санал, санаачлагыг оруулахын төлөө ажиллах болно.

Та бүгдэд ажлын амжилт хүсье. Баярлалаа.Баяртай

 

 

 

 

 

 

Мэдээ