Ньюком компани тавдугаар цахилгаан станцын тендерт ялалт байгууллаа.

 

Тавдугаар дулааны цахилгаан станц (ДЦС-5)-ийг Улаанбаатар хотноо барьж, ашиглаж, шилжүүлэх горимоор барьж байгуулах тендерт Монгол Улсын  Ньюком ХХК болон түүнтэй хамтран оролцсон компаниудын эвслийг ялагчаар тодруулсанаа Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.  

Тендерт оролцож шалгарсан энэхүү эвслийг бие даан эрчим хүч үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох  Интернэшнл ПауэрЖи Ди Эф Суэз, Японы тэргүүлэх худалдааны  корпорациудын нэг Сожитц, БНСУ-ын эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч болох Поско Энержи болон Монголын Ньюком ХХК хамтран бүрдүүлжээ.

Нийт 450 МВт  суурилагдсан хүчин чадалтай энэхүү ДЦС нь эрчим хүчний хэмнэлттэй эргэлдэгч буцламтгай шаталтат технологийг ашиглах бөгөөд ингэснээр эрчим хүчний нийлүүлэлтийн найдвартай, тогтвортой байдалд нөлөөлөлгүйгээр  бага түлш зарцуулж хүхрийн давхар эсэл, азотын эсэл болон бусад хорт бодисын ялгаруулалтыг мэдрэгдэхүйц бууруулах юм.

Монгол Улс байгалийн эрс тэс, хатуу уур амьсгалтай тул дулааны болон цахилгаан эрчим хүчний аюулгүй, баталгаат байдал нь үндэсний аюулгүй байдал, хүн амын ая тухтай амьдралын суурь нөхцөл болдог. Одоогийн ДЦС-уудын тоног төхөөрөмж, технологи хуучирч элэгдсэн бөгөөд ДЦС-5-ийг барьж байгуулах нь хурдтай өсөж буй Монголын эдийн засагт найдвартай, үр ашигтай эрчим хүчийг нийлүүлэх онцгой ач холбогдолтой билээ.  

ДЦС-5 нь 2015 онд ашиглалтанд орно.

Мэдээ