“Гүйцэтгэх Захирлуудын Клуб”-ээс хүргэж буй мэдэгдэл

 “СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АЖ АХУЙН НЭГЖИД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ”-ийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан “Гүйцэтгэх Захирлуудын Клуб”-ээс хүргэж буй мэдэгдэл

 

Улаанбаатар хот                                                                                                                       2012 оны 5 сарын 4

  

            “Гүйцэтгэх Захирлуудын Клуб” нь Монголын эдийн засгийн олон салбарт үйл ажиллагаа явуулж буй баялгийг бодитоор бүтээгч, бүтээн байгуулагч үндэсний томоохон компаниудын захирлуудын нэгдмэл дуу хоолой, байр суурийг илэрхийлэгч идэвхтэй талбар билээ.

Бид гадаадын олон орон, байгууллагын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж, бүс нутаг болон дэлхийд хөгжил дэвшлээрээ тэргүүлэгч эдийн засагтай томоохон улс гүрнүүдийн хөгжлийн чиг хандлага, ололт амжилтуудаас суралцаж, судлаж байдгийн хувьд энэ цаг мөчид Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах гэж буй “СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АЖ АХУЙН НЭГЖИД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ” хуулийн төслийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй бөгөөд зайлшгүй гэж үзэн, энэхүү мэдэгдлийг та бүхэнд хүргүүлж байна. Анхааран соёрхоно уу.
 

            “Стратегийн ач холбогдолтой ашигт малтмал”-ыг гадны төрийн өмчит аж ахуй нэгжид алдахгүй байх, үндэсний аюулгүй байдлыг хадгалах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан хэлэлцэж байгаа боловч эдийн засгийн бусад олон салбарыг “Стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа” хэмээх нэрийдлээр гадны хөрөнгө оруулалтаас “хоморголон” хамгаалах үзэл санааг хуульчилах гэж байгаа нь эдийн засагт олон сөрөг үр дагаврыг дагуулах юм.

Үүнд:

  1. Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар бизнес эхлүүлэх, үүсгэн байгуулахад Засгийн газраас зөвшөөрөл авдаг байх нь тухайн хөрөнгө оруулагчид ихээхэн чирэгдэл үүсгэхээс гадна өдөр тутмын асар их ачаалалтай ажиллаж буй Засгийн газарт нэмэлт хүндрэл, ачаалал үүсгэж, улмаар түүний үйл ажиллагааны хүртээмж, үр ашгийг бууруулна.
     
  2. Энэхүү хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж буй олон чухал хууль тогтоомжтой үзэл баримтлалын хувьд зөрчилдөж байгаа учир холбогдох бүх хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Энэ нь тогтворгүй байдалд хүргэж, хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг алдагдуулахад хүргэнэ.
     
  3. Компанийн дотоод үйл ажиллагаанд төр засгийн зүгээс хяналт тавьдаг болсноор ардчиллын үнэ цэнийг үгүйсгэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголоос дайжихад хүргэнэ.
     
  4. Авлига үүсэх суурь нөхцөл бүрдэн, хүнд суртал нэмэгдэнэ.
     
  5. Энэ хуулийг одоо хэлэлцэгдэж буй хувилбараар батлавал төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, түүгээр дамжуулан үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх санал санаачилга, яриа хэлэлцээ, өнөөг хүртэл хүрсэн ололж амжилт, итгэлцэлийг үгүй хийнэ.
     
  6. Олон арван жилийн турш мянга мянган хүний хүчин зүтгэлээр олж авсан Монгол Улсын нэр төр сэвтэн, түүнийг сэргээх гэсээр асар их цаг хугацаа, нөөц бололцоог алдах болно.

Ийнхүү хэлэлцэгдэж буй хуулийн төсөл нь эдийн засагт маш их хэмжээний хор хохирол учруулж болзошгүй тул энэ удаад та бүхэн зөвхөн бусад орны төр засаг, түүний төлөөллийн компани, хуулийн этгээдэд стратегийн ач холбогдол бүхий ашигт малмалын ордын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах тал дээр илүүтэй анхаарч, харин бусад салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг сонгуулийн дараа, нарийн тооцоо судалгаа, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн нухацтай үнэлгээнд түшиглэн, гадаадын хөрөнгө оруулагчидтай ажиллаж ирсэн арвин туршлагатай үндэснийхээ компаниудтай зөвшилцсөний үндсэн дээр “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар ажиллаж шийдвэрлэхийг хүсэж байна.

 

“Гүйцэтгэх Захирлуудын Клуб” 

Мэдээ