​Өрхийн орлого зарлагаа давахгүй бол эдийн засгийн өсөлт ярихаас татгалзъя

Ирэх онд эдийн засаг хэрхэх тухай асуултуудыг хэвлэлийнхний зүгээс шинжээч, мэргэжилтнүүдээс түлхүү асууж байна. Гэхдээ манай улсын макро эдийн засагт тодорхой бус байдал их байдаг нь ул суурьтай судалгаа хийхэд хүндрэл учруулахыг үгүйсгэхгүй гэдэг. Өнгөрсөн жил бидний тавьсан зорилт ёсоор инфляци найман хувьтай байсан ч тэрхүү төсөөлөл рүү оны дунд хагаст багахан дөхөж очсоноо эргэн өссөн. Инфляци ийм тогтворгүй байгаа нь мөнгөний бодлогын арга хэрэгслээ анхаарах, хэт хатуу бодлого барихгүй байхыг зөгнөж байгаа хэрэг хэмээн Монголын Банкны холбооны мэргэжилтнүүд хэлж байна. 


Дэлхийн банкнаас жил бүрийн сүүлийн улиралд бидэнд ирэх онд хэрхэх тухай ёсчлон сануулга өгнө. Сүүлийн таван жил шахам тэд манай мөнгөний бодлого хатуу байх ёстой тухай сургаж ирснээс гадна гадаад зах зээл дээр бонд гаргах асуудлыг дэмжихгүй явж ирсэн. Парламент болон эдийн засгийн мэргэжлийн байгууллагууд Дэлхийн банкны сануулгаас эш татдаг ч тэр бүр үйл ажиллагаандаа тусгахаа больсон нь бид өөрсдөө эдийн засгийн бодлогын шийдвэр гаргах түвшинд харьцангуй туршлагажиж, чадваржиж буйг харуулж байгаа хэрэг болохыг Санхүүгийн зах зээлийн холбооны мэргэжилтнүүд онцолсон юм. 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эдийн засгийн бодлогын асуудлаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсдог “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн хэд хэдэн дугаараар мөн л эдийн засаг ирэх онд хэрхэх туай хөндсөн байна. Тухайлбал, эдийн засагч Ч.Хашчулуун, “Манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй төмөр зам, ТЭЦ-V, нефтийн төслүүд, хүнд аж үйлд¬вэрийн гэх зэрэг хэд хэдэн том төсөл бий. Эдгээр том бүтээн байгуулалт одоо бүрэн зураг төсөлгүй, бодитоор хэрэгжиж эхлээгүй, ирэх жил ч яаравчлан хэрэгжихгүй учраас эдийн засагт төдийлөн үр дүн гарахгүй болов уу” хэмээн эргэлзсэн бол  Оюутолгой төсөл ирэх онд тодорхой шийдэлтэйгээр тасралтгүй ажиллаж чадна гэдэгт итгэсэн, мөн түүний экпортын орлогыг тооцоолж өөдрөг төсөөлөлтэй суугаа эдийн засагч олон байна. 

Мөн нөгөө талаас эдийн засгийн тоон өсөлтийг эрс шүүмжилдэг санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн байр суурь тун чухал. Үнэхээр ДНБ-ий өсөлтөөр хэмжиж ирсэн эдийн засгийн өгөөж маань нэгж иргэн бүрт, нийгмийн гишүүд болгонд хамаатай эсэх нь асуудал аж. Жишээ нь, өнгөрсөн сард манай улсын нэгж өрийн сарын орлого 860 мянган төгрөг байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 орчим хувиар өсчээ. Гэтэл өрхийн сарын зарлага нь үүнээсээ давж 27 орчим хувиар өссөн байх жишээтэй. 

Зах зээлээ ерөнхий төлөвөөр нь харвал ирэх оны хавраас эдийн засаг сэргэх магадлал байгааг манай улсын банкны салбарын лидерүүд хэлж байна. Яагаад гэвэл, Самурай бондын зарцуулалт, уул уурхайн салбарын сэргэлт энэ үеэр эхлэх аж. Мөн Чалкагогийн өрийг дуусгах Засгийн газрын тэргүүний амлалт хэрэгжвэл нүүрсний экспортын орлого эдийн засагт орж ирэх гэхчлэн боломжууд бий гэнэ. Харин энэ бүхэн биднээс бүрэн дүүрэн шалтгаалахгүй учраас хүлээх л үлдэж байгаа юм.