ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ТҮМЭНЦОГТ

Ц.Түмэнцогт нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016 оны 10-р сард томилогдон ажиллаж байна.

2011-2016 онуудад Женерал Электрик (GE) компанийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, төмөр зам, агаарын тээвэр, эрүүл мэндийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажиллаж байв. Одоогоор Түмэнцогт нь Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Түмэнцогт нь эрчим хүч, дэд бүтцийн бизнесийн салбарт олон жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр 2001-2004 онд Дэд бүтцийн яамны Түлш, эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтэн, 2004-2005 онд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, 2005-2006 онд Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, 2006-2007 онд Түлш, эрчим хүчний яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга, 2007-2011 онуудад Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагчаар ажиллаж байжээ.

Түмэнцогт нь Оросын Холбооны Улсын Москва хотын Эрчим хүчний дээд сургууль, Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн, Эрчим хүчний инженер болон Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.