Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Бямбасайхан

Бямбасайхан нь Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2010-2012 онуудад тэрээр Монголын технологийн салбарт хөрөнгө оруулагч компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байх хугацаанд Монголын анхны салхин цахилгаан станцын 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож, барьж байгуулсан. 2004-2010 онд Азийн хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Дундад Азид эрчим хүчний хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж байжээ. Бямбасайхан нь бүс нутгийн эрчим хүчний худалдааны зах зээл, ба Азийн Супер Сүлжээг (Зүүн Хойд Азийн эрчим хүчний зах зээл) бий болгохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж байна.

Бямбасайхан нь дэд бүтцийн төслийн санхүүчээр мэргэшсэн бизнес эрхлэгч юм. Тэрээр төрийн болон хувийн хэвшлийн салбарт хөрөнгө оруулалтын олон төслийг удирдаж байсан туршлагатай. Тэрээр Азийн хөгжиж буй орнуудад олон төрлийн төслийн багуудыг удирдан цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээний хөрөнгө оруулалтын нийт 4 тэрбум ам.долларын төслүүдийг хариуцан гүйцэтгэсэн билээ. Монголын хамгийн том үүрэн телефон холбооны компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Монголд зэсийн катод боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг мөн босгосон.

Одоогоор Бямбасайхан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэд бүтцийн орон тооны бус зөвлөх;
Ерөнхий Сайдын Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга; Монголын урлагийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн; АНУ-дах Зориг сангийн УЗ-ийн гишүүн; Монгол Экономи сэтгүүлийн зөвлөлийн тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. 2012 оноос Монгол Улс дахь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын өргөмжит консулаар томилогдсон. Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч. Байгаль Орчны Манлайлалгч хөтөлбөрийг ивээн тэтгэгчээр ажилладаг. Жорж Вашингтоны Их Сургууль ба Монгол Улсын Их Сургуулийг тус тус дүүргэсэн. Тэрээр 2014 онд Дэлхий эдийн засгийн форумын Дэлхийн Залуу Манлайлагчаар тодорсон билээ.