Ч.Хашчулуун: Ашигт малтмалын хуулиа өөрчлөх эсэхээ шийдмээр байна

Эдийн засагч Ч.Хашчулуунаас цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Металлургийн салбарыг хөгжүүлэх тухай ярих боллоо. Үүнийг та аль өнцгөөс нь харж байна вэ?

-Металлург бол томоохон хөрөнгө оруулалт шаарддаг салбар. Энэ утгаараа уул уурхайн салбарыг авч явна гэдэг нь жижиг, дунд үйлдвэр ажиллуулахтай зүйрлэх аргагүй зүйл. Өөрөөр хэлбэл, энэ төслүүдийг хэрэгжүүлэх томоохон компаниудын асуудал гарч ирж байна. Тухайлбал, Өмнөд Солонгост “Хьюндэй”, “Самсунг” зэрэг томоохон компани нь улс орныхоо эдийн засгийг аваад явж байна.

Гэтэл манай улсад аль нэг том компани нь нэгэн томоохон төсөл хэрэгжүүлье гэхээр заавал хардлага сэрдлэг үүсээд байдаг. Тэгээд л өнөөх төслийг нь юу ч биш болгоод хаячихаж байна. Үүнийг хуулиараа зохицуулж, үндэсний манлайлагч компаниуд гэж хэн болох, яаж эдгээр том төслийг хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, тэр компанидаа жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжих, ажлаар хангах үүргийг хариуцуулж болно гэж бодож байна.

-Монгол зэс, Монгол төмөр, Монгол алт гэсэн гурван төсөл яригдаж байгаа. Эдгээрт ойрын хугацаанд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй юм бол. Бас тэр хөрөнгийг хаанаас гаргах вэ?

-Тийм ээ. Эдгээр төсөлд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс одоо энэ тал дээр хуульчлаад өгмөөр байна. Төр яаж оролцох, юунд нь оролцохгүй байх вэ гэдгийг нь их тодорхой болгох хэрэгтэй байна. Сүүлийн үед манай оронд юм бүрт л төрийн компани байгуулаад, зарим нь үр ашиггүй ажиллаад, Төрийн өмчийн хороо бүр толгойгоо гашилгаад сууж байна шүү дээ.

Хувийн хэвшлийн хийх боломжтой зүйлсийг төр яаж булаахгүй байх вэ, нөгөө талаасаа төртэй яаж хамтарч ажиллах вэ, бүтээн байгуулалтыг яаж хийх вэ гэдгээс авахуулаад маш олон асуудал байна. Үүнийгээ ил тод, нээлттэй ярилцаад шийдэх нь зөв байх.

-Тэгээд хөрөнгө оруулалтыг нь яаж шийдвэл зүгээр юм бол?

-Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтын дийлэнх нь ордог. Улс төрийн байдал түүнд нь амархан нөлөөлдөг учраас сүүлийн нэг жилийн дотор хөрөнгө оруулалт унасан нь ч нууц биш. Үүний дүнд бид бүгдээрээ зовж байна.

Валютын ханш ихээр өслөө, юмны үнэ нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, бид ганцхан салбараас ийм их хамаарч байна шүү дээ. Тэгэхээр энэ салбараа олигтойхон аваад явбал улс орон гайгүй хөгжих нь тодорхой байна. Ашигт малтмалын тухай 2006 оны хууль байгаа шүү дээ. Тэр бол үндсэн суурь нь. Тэр хуулиа өөрчилнө гэж хаваржин бөөн шуугиан тарьсан. Олон удаа хэлэлцүүлэг хийж, стратегийн ордтой болно, болохгүй гэж шуугилаа. Ингэж хий хоосон ярьсаар хөрөнгө оруулалтаа үргээсэн шүү дээ.

Иймд одоо тэр хуулиа өөрчлөх, үгүйгээ, шинэ төслөө татах, татахгүйгээ ил тод болгохгүй бол тодорхой бус байдлын хүчтэй нөлөөлөл бий болоод байна. Жишээ нь, хувийн өмчийн ТҮЦ байсаар байтал төрийн өмчийн ТҮЦ гэж байх хэрэггүй л байхгүй юу.

М.Гэрэл

Эх сурвалж: news.gogo.mn