Ц.Оюунгэрэл: Соёлын салбарын зах зээл маш эмзэг

Соёлын асуудлаар Гурамсан холбоо нэвтрүүлэгт оролцогчид энэ удаад ярилцлаа. Энэ салбарт нийт 3800 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн зөв бодлого, мөн эрхзүйн томоохон шинэчлэл хэрэгтэй байгаа тухай сайд нэвтрүүлгийн эхэнд онцолсон юм. 


Нэвтрүүлгийн оролцогч “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор, “Өнөөдөр соёлын салбарыг зөвхөн урлагтай холбож хараад байдаг тал бий. Өргөн хүрээгээр нь харахад тийм биш гэдэг нь илэрхий. Гэтэл салбараа бүхлээр нь харахаар аль ч түвшиндээ хангалтгүй. Өнөөдөр бүх музей хангалтгүй түвшинд ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарт ажилладаг хүний хувьд үүнийг алхам тутамдаа мэдэрдэг. Ер нь бол энэ салбарт аялал жуулчлал л мөнгө оруулж ирж байна. Гэтэл гуравхан сард олсон орлого маань эргээд татварын дарамтанд ордог нь үнэн. Сайдтай нүүр тулж нэвтрүүлэгт орж байгаагийн хувьд үүнийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Сүүлийн 5-6 жил манай “Цэрэн Турс” компани соёл урлагийн олон арга хэмжээг ивээн тэтгэлээ. Өнгөрсөн жил л гэхэд 18 сая төгрөгийг соёл, урлагт зориулсан. Ийм нөхцөлд хэдхэн тур оператор компанидаа татварын хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг ярих хэрэгтэй гэж бодож байна” хэмээсэн юм.

Сайд хариуд нь, “Татварын асуудал миний эрх хүрээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ эрхзүйн үүднээс шийдэх боломжтой. Соёлын өвийн тухай хуулиа бид шинэчлэхээр ажиллаж байна. Ер нь бол эдийн засгийн хувьд нээлттэй бодлого явуулахгүй бол соёл ч тэр спорт ч тэр хүнд байгаа. Одоо жишээ нь, бооцоот тоглоом, спортын санхүүжилтийн асуудлыг хийхгүй бол салбар хөгжихгүй байна. Соёлын тухайд ганц жишээ хэлэхд Чойжин ламын сүм музей үзэж буй хүмүүстээ зориулж Дарь-Эхийн зураг тавиад календар хийхээр Эрүүгийн цагдаагийнхан хураагаад авчихдаг. Уг нь аль ч музей энэ мэт орлоготой ажиллах ёстой шүү дээ. Тийм учраас Иргэний хууль болон Соёлын өвийн тухай хуульд яаралтай шинэчлэл хэрэгтэй байгаа юм” гэлээ.

Гэхдээ соёлын салбарын зах зээл эмзэг учраас төр зөв зүйтэй үр өгөөжтэй байх алхам хийх нь чухал байдаг аж. Энэ салбарын бизнес хялбархан нээгдчихдэггүй. Жишээ нь нэг театр байгууллаа гэхэд түүний байршил, мэргэжлийн урлагийнхны ажиллагаа, тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах гэх мэтчлэн олон эрш ашгийн уулзвар нэгдэж ирдэг. 

Энэ тухайд кино найруулагч С.Бямба, “Олон жил бид соёлыг дайвар зүйл гэж бодож иржээ. Нэгэнтээ л хүн байж байж соёл байх учиртай учраас хувьсаж өөрчлөгдөх зүйл байнга гарах нь ойлгомжтой. Тэр хувьслаас хоцролгүй явах нь чухал” хэмээв. Оролцогчид соёлын хөгжлийн жишиг тогтолцоог олон улсад харьцуулахад манай улс дор хаяж 20 жилээр хоцорч яваа тал бий гэдэгт санал нэгдэж байлаа.