Хөгжлийн урт хугацааны бодлого байхгүйгээс хүч тарамдаж байна уу

Улс орны хөгжил, нийтлэг эрх ашиг, бизнес ба төрийн харилцан уялдаатай ажиллагаа, бодлого энэ бүхний талаар талуудын байр суурийг сонсдог “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн ээлжит дугаар өнгөрсөн долоо хоногт цацагдлаа. 


МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат, Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаа, “NextGen” хөдөлгөөний тэргүүн Б.Дөлгөөн, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн орлогч дарга Б.Сайнбаяр нар энэ удаагийн дугаарт оролцсон бөгөөд ирэх жилийн эдийн засгийн төлөв байдлын тухай нэвтрүүлгийн эхний хэсэгт ярилцав. 

Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 17 хувиар тооцсон ерөнхий төсөөллөөс гадна, Дэлхийн банк, бусад санхүүгийн байгууллагуудын таамагласан 10-12.5 хувийн өсөлт өнөөдрийн түвшнээс харахад хэр бодитой вэ гэдэгт оролцогчид эргэлзсэн хариулт хэлж байна. 

Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн орлогч дарга Б.Сайнбаяр, “Ирэх онд хоёр том төсөөлөл байна. Байгаа байдлаар нь буюу эдийн засгаа улстөрчиддөө найдаад орхивол 10 хувь байна гэж харж байгаа. Хэрэв дотоодын нөөц бололцоог нэлээд ашиглаад, жишээ нь Оюутолгойгоос үл хамаарах байдлыг авч үзвэл эдийн засаг 17 хувь хүртэл өсөхийг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн яриад байгаа тэр ухаалаг төрийн асуудал, улс төрийн тогтвортой байдлын талаарх байр сууриуд ч энд хамаатай” хэмээсэн юм.  Түүнийхээр дотоодын нөөц бололцоог ашиглах, улс төр эдийн засгийн харилцан уялдаатай ажиллагааны төлөвшил манай улсын хөгжлийн бодлогын гол асуудлын нэг болох бололтой. 

Харин МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат, “Манай улсын эдийн засгийн нэрлэсэн өсөлт, худалдааны түншүүдийн өсөлтийнхөөс даваад явчихаар манай төгрөг сулардаг. Макро эдийн засаг хэр зөв зохистой явж байна вэ. Өнөөдөр инфляци 12 хувьтай байна.Зорилт найман хувьтай байсан. Ирэх жил хэрхэхийг одоо тааж хэлэх нь учир дутагдалтай. Магадгүй макро эдийн засагт тодорхой бус байдал их байгаа нь ул суурьтай судалгаа хийхэд хүндрэл учруулж байхыг үгүйсгэхгүй” гэлээ. 

Санхүүгийн зах зээлийн холбооны бие даасан шинжээчид энэ салбарын индикаторуудад үндэслэж тогтмол судалгаа явуулдаг. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаа, “Санхүүгийн зах зээлийн холбооны харж буйгаар ирэх онд эдийн засаг 10 хувь болох байх. Гэхдээ төсөөллөөс өөр үр дүн гарахыг үгүйсгэхгүй. Эдийн засгийн тогтвортой өсөлт, таамаглаж, тооцоолоход дөхөмтэй бодит байдлыг бий болгохын тулд бид хөгжлийн бодлогын тал дээрээ нэг ойлголтод хүрэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Ингэвэл бид хүч тарамдахгүй. Миний харж байгаар хөгжлийн томъёогоо тодорхойлчихвол гурван төрлийн шилжилт хийж болно. Нэгдүгээрт, уул уурхайгаас бусад эдийн засаг руу шилжих шилжилт. Хоёрдугаарт, баялгийн төвлөрөл яваад байна. Өсөлтийг яаж хүн бүрийн амьдралд хүртээх тухай нэгдсэн бодлогод анхаарах, гуравдугаарт одоогоос ирээдүй рүү яаж шилжүүлэх вэ гэдэг асуудал. Одоо олж авсан ололтоо хэрхэн ирээдүйд алдагдсан боломж болгож орхихгүй байх тухай ажиллах хэрэгтэй” хэмээв. 

Ирэх оны эдийн засгийн төлөв байдлын талаар “NextGen” хөдөлгөөний тэргүүн Б.Дөлгөөн, “Дэлхийн банкнаас энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 12.5, ирэх жил 10 хувь өснө гэсэн таамаг гаргасан байна. Гэхдээ энэ өсөлт, ДНБ-ий хэмжээний тухай тоонд дулдуйдсан яриа хэр чухал вэ гэдэг нь эргэлзээтэй. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар нэгж өрхийн сарын мөнгөн орлого 860 мянган төгрөг. Өмнөх жилийнхтэй харьцуулахад 14.7 хувиар өссөн байна. Гэтэл зарлага 26.7 хувиар өссөн. Энэ юунаас болов гэхээр бид хэрэглээнийхээ 60 гаруй хувийг импортоор авдаг. Тэгэхээр ам.долларын ханшын хэлбэлзэл эдийн засагт маань ямар их нөлөөтэй байгаа нь харагдаж байна. Магадгүй энэ жил бид үнэ тогтворжуулах хөтөлбөрт 2.9 их наяд төгрөгийг эдийн засаг руу нийлүүлээгүй бол энэ онд манай эдийн засаг хасах өсөлттэй гарах байсан” хэмээв. Түүний ярьснаар өнөөдөр манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банк, нийт зээлийн 40 хувь нь ам.доллараар гарч байна. Гэтэл ханшийн зөрүүний эрсдлээс хамгаалах даатгалын бүтээгдэхүүн байхгүй. Нэг талаас харахад эдийн засаг өсөөд байдаг. Гэтэл ам.долларын ханш, бусад хүчин зүйлээс болж тоон өсөлтөөс өөр зүйлгүй эдийн засагтай улс болох вий гэсэн болгоомжлол төрж байгаа тухайгаа хуваалцсан юм.