​Хэвлэл мэдээллийн салбарт зөв эрхзүйн тогтолцоо үгүйлэгдэж байна гэв

Гурамсан холбоо нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт харилцаа холбооны салбарын асуудлаар ярилцлаа. Нэвтрүүлгийн эхэнд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, “Харилцаа холбооны салбар тэр дундаа телевизийн салбар хаашаа явах ёстой, дэлхийн чиг хандлага хаашаа эрэгж байгааг бид ярьж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид энэ тал дээр ажиллаа. Харилцаа холбооны салбар бол стратегийн салбар юм. 40 гаруй телевизэд бид өнгөрсөн хугацаанд техникийн хүрээнд шалгалт явуулсан. Ингээд найман телевизийг хаалаа. Ингээд ажиллахаар тэнд ажиллагсдыг хохироогоод байгаа тал бий. Ерөнхийдөө энэ салбарт маш зөв эрхзүйн тогтолцоо хэрэгтэй” хэмээв. 

Мөн эдийн засагч Д.Жаргалсайхан “Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл рекламаар амьдардаг. Гэтэл одоо нийслэлд байгаа 60 гаруй телевизийн ихэнх нь ашиггүй ажиллаж байна. Тэгэхээр ашиггүй ч хамаагүй телевиз ажиллуулах сонирхол байгаа нь илэрхий байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ” хэмээн асуухад оролцогчид эрхзүйн зөв зүйтэй орчин үгүйлэгдэж байгааг хэлж байлаа. 

Сүүлийн хоёр жилийн дотор телевизийн салбарт тавих шаардлагууд өндөрсөж, контент, түүнтэй холбоотой зөвшөөрлийн асуудлыг хөндөх болсон. Нөгөөтэйгүүр телевизүүдэд ашиг болох сувгийг нь нээж өгч байж шаардлагаа өндөрсгөх ёстой юм. ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн энэ тухайд, “Өмнө телевизүүдэд тавигддаг байсан шаардлага, дүрэм журмуудын мөрдлөг болох асуудал дээр төвөгтэй байсан бол оюуны хэрэглэгчийн эрх ашгийн тухай асуудлыг тодорхой болгож, жишээлбэл өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн зөвшөөрөлгүйгөөр кино гаргахыг хориглосон зэрэг нь энэ салбарт хөгжих боломж олгож байгаа зүйл гэж ойлгож болно” хэмээсэн юм.

Нөгөөтэйгүүр vонгуулийн үеэр телевизийн лицензийн тоо нэмэгдээд байдаг асуудлыг оролцогчид зохих шугамаараа явж байгаа зүйл биш гэдгийг онцолсон юм. Телевизийн лиценз тооны хувьд 2011 онд кабелийн суваг хэлбэрээр олгож эхэлсэн. Үүнийг дагаад жилийн дотор 80 гаруй лиценз олгогдсон. Улмаар сонгуулийн өмнө зогсоосон бөгөөд олон улсын жишгийн дуу дүрсний стандарт хангахгүй байсан зарим сувгийг хаажээ.  

Мөн телевизийн рекламны өсөлт удааширсан тухай телевизийн салбарын төлөөлөл хэлсэн юм. Энэ салбарт хэт төвлөрөл явагдсны улмаас өнөөдөр бүх рекламны 50 хувийг 20-хон компани өгч байгаа. Тэдгээр компанитай ихэвчлэн хаалтын гэрээ хийх замаар хамтран ажиллаж байгаа асуудалд оролцогчид мөн шүүмжлэлтэй хандаж байлаа.

                                                                                                                                                 Т. Бэх