Хувийн хэвшлээ дэмжсэн шиг дэмжээд, эрх зүйн орчин бүрдүүлж чадвал хөгжил урагшилна

ХХДҮЗ-өөс зарлаж буй уралдаанд оролцогчП.Буян-Эрдэнэ 

МХАҮТ-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай улсын ДНБ-ний 73,7-74,3 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар төсөвт төвлөрүүлсэн гэсэн байдаг.  Тиймдээ ч УИХ, Засгийн газраас 2010-2011 онд хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Төрөөс төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого”, Концессийн тухай хууль, “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”, “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байгаа юм.

             “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2009 оноос 2012 оныг дуустал гурван жилийн хугацаанд гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн нь зохих үр дүнгээ өгч байгаа гэдэг. Тэгвэл саяхан МАН-аас бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн. Бизнес эрхлэгчид гэдэг бол хувийн хэвшлийнхэн. Энэ уулзалтын үеэр бизнес эрхлэгчид Монголд бизнес эрхлэхэд ихээхэн хүндрэлтэй байгаа тухай ярьж байсан юм. Тодруулбал,         Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс саяхан хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон таван хүн тутмын нэг нь буюу 24,2 хувь нь одоогийн эрхэлж буй бизнесээ зогсоох, орхих эсвэл өөр чиглэлийн бизнес рүү орно гэж үзсэн байна.

Тэгвэл бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл саадын хамгийн эхэнд валютын ханшийн өсөлтийг дурдсан байна. Түүнчлэн арилжааны банкны зээлийн хүү өндөр, түрээсийн дарамт их, элдэв тусгай зөвшөөрөл, Засгийн газрын бизнесийг дэмжсэн бодлого сул, татварын буруу тогтолцоо, авлига, хувь тооцдог буруу жишиг зэрэг нь бизнест дарамт болсоор байгаа аж. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн нэн тэргүүнд төрийн дарамт, шахалтаас ангид байхыг хүсч байна гэсэн үг. Түүнчлэн гадаад валютын ханшийг тогтворжуулах нь хувийн хэвшлийг дэмжихийн зэрэгцээ Монгол дахь ядуурал, ажилгүйдлийн хэмжээг бууруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх нэг хүчин зүйл болно гэж үзсэн байна.

Хувийн хэвшил дан ганц баялаг бүтээх бус тэнд ажлын байр бий болгож, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, татвараа төлж яваагийнх нь хувьд дээрх дарамтуудыг багасгавал манай улсын эдийн засагт ч ашигтай. Үндсэндээ хувийн хэвшлийн хөгжил  ярихын тулд орчин нөхцөлийг сайжруулах талаар эхлээд ярих хэрэгтэй болно. Тодруулбал, хувийн хэвшлийнхэн тогтовортой үйл ажиллагаа явуулахад тохирох орчин бий болгоно гэсэн үг юм. Үүнд төр оролцох зайлшгүй шаардлагатай. Учир нь аливаа нэгэн бизнес эрхлэхэд тусгай зөвшөөрөл, тамга тэмдэг, оффис байр гээд наад захын хэрэгцээ үүснэ. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл гаргахад л төрөөс маш их хүнд суртал гаргадаг. Мэдээж хүнд суртал гэдэг зүйл өнөөдөр төрийн албатай байнга хамт яваа нь нууц биш.

Тухайн компани үйл ажиллагааны зөвшөөрөл гаргуулах гэж шат шатны хурган дарга нарын хаалга сахиж, цаг хугацаа алддаг байдал өнөөдөр хамгийн түгээмэл байна. Ингээд ажлаа бүтээхийн тулд авлига, хээл хахууль өгөхөд хүрдэг тухай ч байнга яригддаг. Тиймээс бизнес эрхлэхэд юу саад болоод буйг ярилцаж, хууль эрх зүйн орчныг боловсруулах шаардлагатай бол боловсруулъя гэдэг байр суурийг хувийн хэвшлийнхэн баримталж байгаа. Бизнесийн орчинг гацааж байгаа ажил санаачилж хийхгүй байгаа холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно гэх асуудлыгч нэн тэргүүнд ярих хэрэгтэй.

Энэ жилийн тухайд Монгол Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасрах гэж байгаа. Тасрах болсон гол шалтгаан нь төсвийн орлого татвар төлөгч нарын мөнгөнөөс бүрддэг. Татвар төлж чадахгүй байна гэдэг чинь бизнес эрхэлж ашиг олох боломж тэр хэмжээгээрээ буурсан байна гэсэн үг. Яагаад гэвэл урьд нь ашиг олоод татвараа төлдөг байсан байгууллагаа өнөөдөр яагаад татвараа төлж чадахгүй, ашиг орлогоо олж чадахгүй байна вэ. Энэ нь эрх баригчдын алдаатай бодлогын харгай гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлын хамгийн нэгдүгээрт хөндөх ёстой.

Төрөөс хувийн хэвшлийнхэнтэй ялгавартай хандаж байна. Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээл гэж 3 их наяд төгрөгийн зээл олгож байгаа. Үүнд хамрагдаж буй хүмүүс нь ямар нэгэн байдлаар эрх баригчдын танил тал, тодорхой нөлөөлөл орсон асуудал байна гэдгийг ч бизнес эрхлэгчид хэлж байгаа юм. Өнөөдөр монголчууд цахим ертөнцийг нэлээд өргөн хүрээтэй ашиглаж байгаа. Тиймдээ ч хувийн хэвшлийнхэн өөрсдийн эрхэлж буй бизнесийн талаарх мэдээллээ цахим ертөнцөөр дамжуулан хуваалцах болсон. Эндээс харахад тэдэнд татварын дарамт их байдаг нь ажиглагдсан. Учир нь тодорхой хэмжээгээр ажлын байр гаргаад, татвараа төлөөд хуулийн дагуу бизнесээ хийгээд явж байгаа тэдний үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцож, байнга шалгалт оруулж, шалгалтаар зөрчил илрээгүй байсан ч ямар нэгэн жижиг сажиг зүйлээр шантаажлах байдал олонтаа давтагддаг байна.

Монголд хувийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал эмч С.Хүрэлбаатар “Монголчуудын хувьд хэдийгээр ардчилал гэж яриад эрх чөлөөтэй байгаа боловч яг бизнес хийдэг гэдэг утгаараа бол ерөөсөө орчин нөхцөл муутай байдаг. Сая гэхэд Эрүүл мэндийн яамнаас батламж өгдөг шалгалт ирсэн. Төө хэрийн зузаан бичиг баримтад 00-ын цаас чинь хэд вэ гэдэг асуулт хүртэл байсан. Бид нар хүнээ эмчлэх гээд явж байх уу тэр 00-ын цаасны араас хөөцөлдөөд явж байх шаардлагатай юу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Энэ бол өнөөдөр эмч хүн хүнээ эмчлэхэд анхаардаг болохоос бичиг цаасанд анхаарлаа төвлөрүүлдэггүй. Хуулийн хүрээнд бичиг цаасаа багасгаасай. Хоёрдугаарт, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд энэ тэндээс дарамтууд их ирдэг. Тухайлбал, татвар, жижиг аж ахуйн нэгжүүдэд асар их мэдрэгддэг. Мөн хорооноос их шахалт бий. Ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүд их дарамтад байгаа” хэмээн нэгэнтээ ярьсан байна.

Тэгвэл энэ ганцхан “Сэтгэшгүй” эмнэлэгт тохиолдож буй асуудал биш юм. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх хувийн эмнэлэг энэ хүндрэлтэй нүүр тулж байгааг хэлэх хэрэгтэй. Мэдээж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хувьд МҮХАТ-аас тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй ТОП-150 компанийг шалгаруулж эхэлсэн гэнэ. Түүнчлэн ГЕГ, ҮТЕГ, МХЕГ зэрэг бизнесийнхэнтэй өргөн харилцаатай байдаг агентлагууд, байгууллагуудад хамтарсан зөвлөлдөх хороодыг байгуулсан байна.

Үүгээр ч зогсохгүй Улаанбаатар хотын дүүргүүдэд Бизнесийн зөвлөл байгуулан дүүргийн захиргаатай хамтран ажиллаж зохих үр дүнд хүрч байна гэж мэдэгдсэн. Ямартай ч тухайн байгууллага энэ чиглэлээр ажиллаж байгаа бололтой. Гэвч бодит байдал, хөрсөн дээрх үр дүн чухал. Мэдээж төр, хувийн хэвшлийн түншлэлийн явцад саад бэрхшээл учирч байгаа бөгөөд цаашид ч учрах нь зайлшгүй аж. Учир нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх ойлголт төрийн болоод хувийн хэвшлийн аль алинд нь дутмаг байдаг гэх. Энэ ч үнэний ортой. Гэхдээ энэ байдлыг засч залруулаад явах зайлшгүй шаардлагатай.

Өнөөдөр манай улсын ажиллах хүчний 70 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгаа. Өнгөрсөн 2013 онд эдийн засгийн өсөлтийн 75 орчим хувийг хувийн хэвшлийнхэн дангаар бүрдүүлсэн байдаг. Энэ мэтээр хувийн хэвшлийнхэн Монголын эдийн засгийн хөгжилд чухал байр суурьтай хүмүүс. Тиймээс төр цаашдаа улам данхайна гэлгүйгээр хөгжлийн жолоог аль болох хувийн хэвшлийнхэнд атгуулах хэрэгтэй гэж үзэж болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэвшүүлээд байгаа. Энэхүү санаачилгын хүрээнд төрийн оролцоо, урт гарыг аль болох багасгаж, хүнд суртал, зардал чирэгдлийг бууруулсан ухаалаг төртэй болох зорилт дэвшүүлсэн. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд мөн “Уул уурхайн салбарт хувийн хэвшлийн оролцоог түлхүү эрхэмлэх” тухай заалт туссан. Мөн дээр дурдсанчлан Төвбанкнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд бүхий л шатандаа хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа аж.

Ингэхээр үндсэндээ хонгилын үзүүрт гэрэл  асч байна гэж ойлгож болох юм. Мэдээж ДНБ-ий 70 гаруй хувийг үйлдвэрлэж, татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж, 600 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, улс орны хөгжлийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлээ дэмжсэн шиг дэмжээд өгвөл энэ салбарын хөгжил хурдацтай урагшлах нь зүйн хэрэг. Баялаг бүтээгчид өнөөдөр бизнесийн таатай орчинг л хүсч байгаа билээ. Үүнийг бичигч би ч мөн адил хувийн хэвшлийн 600 мянга гаруй ажилтны нэг. Тиймдээ ч хувийн хэвшлийн хөгжилд ташуур хэрэгтэй байгааг эцэст нь хэлэх нь зүйн хэрэг биз ээ.

П.Буян-Эрдэнэ 

Мэдээ