ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУД МОНГОЛ АРДЫН НАМ (АРДЧИЛСАН НАМ)-ТАЙ БАЙГУУЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ


ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын улстөрийн сонгууль 2016 оны 6 дугаар сард явагдахтай холбогдуулан улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчинд үнэлэлт, дүгнэлт хийж, өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноог цэгнэн сургамж гаргаж авсны үндсэн дээр 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдэх Засгийн Газарт Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн шударга, тогтвортой орчныг бүрдүүлэх боломжоор хангаж ажиллахыг улс төрийн гол хүчнүүдэд уриалж, ерөнхий ойлголцолд хүрсэн тул бизнесийн төлөөний байгуулагууд Ардчилсан Нам (Монгол Ардын Нам)-тай энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав.

Энэхүү ХОСБ-ийн хүрээнд үүсэх харилцаа нь эрх мэдлийг хуваарилан заагласан төрийн тогтолцоо, бие даасан, хараат бус, шудрага шүүх засаглал, нээлттэй, ил тод, тодорхой, тэгш үйлчилдэг хууль болон талуудад ижил үйлчилдэг хариуцлагын тогтолцоон дээр тулгуурлана.

  • Бизнес эрхлэх тогвортой таатай орчин бүрдүүлэх, зах зээлийн жам ёсоор шудрага өрсөлдөх боломж олгох талаар:
    • Мега төслүүдийг улстөрөөс ангид нөхцөлд эхлүүлэх, эрчимжүүлэх. Хэлэлцээрийг улс төржүүлэхгүйгээр, бизнесийн гэрээ хэлэлцээрийн олон улсын жишгийг дагаж, ил тодоор шалгаруулсан гадаад, дотоодын зөвлөх, хуульчийг хөлслөн авч харилцан ашигтайгаар шийдвэрлэх.
    • Гадаад болон дотоод хөрөнгө оруулалтаас үл хамааран хуулийг дээдэлсэн бодлогын тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулагчийн өмчийн эрхийг хамгаалах. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хувийн бизнест халдсан түшмэлд хариуцлага тооцох механизмтай болох.
    • Бизнесийн төслийг улстөржүүлж, олон нийтийн дунд популизм хийж, улстөрийн ашиг хонжоо эрэх явдлыг үндсээр нь үгүй хийх.
    • Бизнест төрийн зүгээс оролцох оролцоог зааглан ил тод, ойлгомжтой болгож, төрийн компанийн засаглалыг улстөрөөс ангид байлгах нөхцлийг бүрдүүлэх.
    • Хувьчлалыг ард нийтэд нээлттэй, ил тодоор явуулах. Гадаад, дотоод гэж ялгаварладаг байдлыг зогсоох.
    • Татварын бодлогыг тогтвортой байлгаж, Монголын бизнес олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой түвшинд барих.
  • Эдийн засгийн төрөлжилтийг хангаж, дархлааг бэхжүүлэх талаар:
    • Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, тэргүүлэх чиглэлээ тодорхойлсны үндсэн дээр татварын бодлогоор дэмжих.
    • Санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг нэмэгдүүлэн тэтгэвэр, даатгалын салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх бодлогыг барих. Монгол Улсыг олон улсын санхүүгийн төв болгож, эдийн засгийн чөлөөт бүстэй хослуулах.
    • Бүх төрлийн зөвшөөрөл өгөх, хяналт тавих төрийн үйлчилгээг хялбаршуулж, тэгш хандаж, ил тод шудрагаар шуурхай явуулах.
    • Дэд бүтэц, логистикийн асуудлыг цогцоор нь шийдэх.
  • Хүний болон байгууллагын урт хугацааны чадавхийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх:
    • Хөгжлийн санхүүжилтийн зохистой тогтолцоог бий болгох. Төр хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишгийн дагуу явуулах.
    • Хууль тогтоомжийн нээлттэй, тодорхой байдлыг ханган хараат бус арбитрын болон шүүхийн шийдвэрийг талууд хүндэтгэн хэрэгжүүлэх.
    • Олон түмнийг эдийн засаг, зах зээл, бизнес, санхүүгийн талаар соён гэгээрүүлэх ажлыг кампанит ажил болгон хэрэгжүүлэх.
    • Гадаад, дотоод бизнес эрхлэгчдийн эрх чөлөөнд улстөрийн зорилгоор халдах байдлыг цэглэх.
    • Арбитрын тогтолцоог боловсронгуй болгож, аливаа бизнесийн маргааныг шийдвэрлэх гол арга хэрэгсэл болгож хэвших.
    • Тэргүүний туршлага, технологи, ноү-хаүг нэвтрүүлэхэд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх, шилдэг менежер, инженер, техникийн ажилчдыг ажиллуулах татай орчныг бүрдүүлэх.
  • Хэмжүүр, хариуцлага:
    • Энэхүү ХОСБ-т заасан асуудлаар шинээр бүрэлдэх Засгийн Газар ажлынхаа 100 хоногт тайлагнана.
    • Кабинетын бизнес, санхүү, эдийн засгийн гишүүдийг сонгуулиас өмнө урьдчилан зарлах.
    • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргаж, ажил хэрэг болгох. Засгийн Газрын дэргэд ажиллах эдийн засаг, бизнесийн зөвлөлийг цомхон байнгын ажиллагаатай болгох.
    • Бизнес эрхлэхүй, Өрсөлдөх чадвар, Авилгын индексээр тодорхой зорилтуудыг тавьж, түүнийг тогтмол тайлагнаж хэвших.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ ХҮРЭЭЛЭН МОНГОЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ

Мэдээ