Төсөв бүрдүүлж байгаа татварыг зориулалтаар нь ашиглах зайлшгүй шаардлагатай

Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлөөс санаачлан “NTV” телевизээр бэлтгэн хүргэж байгаа “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн ээлжит дугаараар Эдийн засаг дахь төрийн оролцоо, Төсвийн талаар голлон ярилцлаа. 


Юун түрүүнд нэгэн мэдээллийг хүргэхэд Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг аж. Улмаар 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараа олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээсээ авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоосон байна. 

Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хувиарлахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв хэмээнэ. Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчдын цалин хөлс, үйл ажиллагааны зардал, төрийн өмнөөс бизнес эрхлэх зардал, нийгмийн халамжийн тогтолцооны зардал гэх мэт энд багтана.

Төсвийн систем, төсвийн бүрэлдэхүүн нь тухайн улсын төрийн байгуулалтын тогтолцооноос шууд хамаардаг. Бүгд найрамдах улсад нэг үндсэн хууль үйлчилж, төр захиргааны болон эрх зүйн нэгдсэн тогтолцоотой байдаг ба төсвийн систем нь улсын, орон нутгийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Монгол Улс нь Бүгд найрамдах засаглал бүхий улс учир Монгол Улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрддэг. Мөн Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болдог байна. Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн засгийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн засгийн амьдралд төсвөөр дамжуулан оролцдог. 

Мөн шинэ зах зээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Манай улсын тухайд юун түрүүнд боловсрол, эрүүл мэнд гэсэн хоёр салбарт төсвийнхөө  дийлэнх хэсэгийг зарцуулагдаг гэнэ. Тухайлбал, улсын санд хуримтлагдсан нийт мөнгөн дүнгийн 30 орчим хувь нь дээрх хоёр салбар руу шууд болон шууд бус утгаараа урсаж байна. Тэгсэн атлаа үр дүн буюу иргэдэд очиж байгаа өгөөж  тал дээр төдийлөн ахиц гардаггүй. Хэрэв тиймгүйсэн бол иргэд их хэмжээний зардал төлж гадаадад боловсрол эзэмших юмуу эсхүл биеэ эмчлүүлэхээр гадны орнуудыг зорихгүй байхсан. 

Үүнээс гарах арга зам нь магадгүй дээрх хоёр салбарыг бүхэлд нь хувьд шилжүүлэх явдал ч байж болох юм. Энэ тохиолдолд улс ч төсвөө тэр чинээгээрээ хэмнэнэ. Эрүүл мэнд, боловсролын чанар дээр мэдэгдэхүйц ахиц гарсанаар эмчилгээ хийлгэх юмуу боловсрол эзэмшихийн тулд харь орныг зорьдог байдал ч нэг мөр ул болж, үндсэндээ иргэдийн дотооддоо итгэх итгэл тэр хэмжээгээрээ баталгаажих болов уу хэмээн таамаглаж байна.

Мөн татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн улсын төсвийн зарим хэсэг алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын алдагдалыг нөхөхөд зориулагдаж байна хэмээн “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн оролцогчид ярьж байлаа. 

Энэ тухай Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба хэлэхдээ “Үүний хамгийн тод жишээ бол уул уурхайн салбар. Өөрөөр хэлбэл, нүүрсний уурхайнууд ашигтай ажилладаг боловч тэдгээрээс орж ирсэн ашгийг цахилгаан станцуудын алдагдалыг нөхөхөд ихэвчлэн зарцуулдаг. Энэ нь цахилгааны үнийг нэмэхгүйн тулд бүтээгдэхүүний үнийг албаар тогтоон барьж байгаа явдал юм. Эцэст нь уурхай ч тэр, цахилгаан станцууд нь ч тэр ялгаагүй алдагдалд орж, өнөө маргаашаа аргацаасан байдалд ордог. Үндсэндээ урд хормойгоороо хойд хормойгоо нөхөнө гэгчийн үлгэр энэ салбарт явагдаж байгаа” гэлээ. 

Үнийг ийнхүү хүчээр тогтоон барьж байгаа нь өнгөн талдаа ард түмний төлөө төрийн зүгээс анхаарал тавьж байгаа сайн зүйл мэт харагдах хэдий ч цаад утгаараа эдийн засагт өвчлөл үүсгэх үндсэн нөхцөл ийнхүү бүрддэг аж.

Сүүлийн үед Төрийн оролцоо, харъяалалтай компаниуд олноор бий болж байгаа явдлыг Монгол банкны захирал асан Ж.Үнэнбат тайлбарлахдаа “Нийгэмд учирч байгаа алдагдалыг өөртөө шингээж авах гэсэн зорилгоор төр ийм арга хэмжээ авч байна. Гэхдээ энэ нь аль нэг талаараа урт хугацаанд хол зам туулахгүй. Эцсийн эцэст төр өмчит компаниудаа хувьчлахаас өөр аргагүй байдалд орно” гэв.

Нөгөөтэйгүүр уул уурхай уналтанд ороход үүнтэй зэрэгцээд улсын төсөв хүнд цохилтонд орж байгаа талаар Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба ярихдаа “2012 оны гүйцэтгэлээр уул уурхайн салбар улсын төсвийн 43 хувийг дангаараа бүрдүүлж байсан. Харин энэ оны есөн сарын байдлаар уул уурхайгаас төсөвт орж ирэх орлого 22 хувьтай байна. Эндээс харахад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшаас хамаарч их хэмжээгээр төсвийн орлого тасарч байгаа нь харагдаж байгаа юм. Гарах арга зам нь бүтээгдэхүүний үнэ ханш уначихсан байгаа энэ үед төр татварынхаа бодлогыг зөөллөх  эсхүл тээвэрлэлтийн өртөг зардалаа багасгах” гэлээ.

Бидний сонгож авсан нийгмийн тогтолцооны хамгийн чухал зүйл нь үнийг чөлөөтэй байлгах явдал билээ. Үнэ чөлөөтэй байгаа үед зах зээл өөрөө өөрийгөө тохируулаад зөв гольдирлоороо явдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд манай  төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого нь үнийг тогтвортой байлгах үүднээс үнэ гэдэг зүйлийг хүчээр барих гэж оролдож  байгаа нь  харин ч эсрэгээрээ огцом үнэ савлах, бүтээгдэхүүн тасалдах гэх мэт сөрөг хандлагууд гарч байгаа. Үүний хамгийн тод жишээ бол нефтийн салбар юм. Зарим төрлийн нефт тасалдсан шалтгаан нь энэ төрлийн импортлогчид алдагдалд орохгүйн тулд гаднаас өндөр үнэтэй түүхий эд татаж авахаа больсон. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг төрөөс хүчээр барьсан учир А92 бензин тасалдсантай холбон ойлгож болох аж.

Эцэст нь хэлэхэд улсын төсвийг бүрдүүлж байгаа татварыг тухай бүрт нь зориулалтаар  нь ашиглах зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэвтрүүлэгт оролцогчид онцлож байв. Тухайлбал, гаалиас орж ирж байгаа татварыг гаалийн салбар, тэнд ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн цалин хангамжийг сайжруулах тал дээр зарцуулвал илүү өгөөжтэй юм гэсэн санаа нэвтрүүлгийн төгсгөлд гарч ирэв. 

Энэ мэтчилэн зам барилгаас орж ирж байгаа татварыг зам барилгад нь, бизнесээс орж ирж байгаа татварыг бизнесийн салбарт нь хувиарлан зарцуулах нь татвар төлөгчдийн мөнгө улсын төсөв гэх их сан руу орж хаашаа орсон нь мэдэгдэхгүй замхарч алга болохоос сэргийлэх давхар давхар ач холбогдолтой ажээ. 

                                                                                                                                  Р.Улам-Оргих