​Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагыг ярилцав

Эдийн засагч Д.Ганболд, Гурамсан холбоо нэвтрүүлгийн үеэр, "Бид эдийн засгийн олон шилжилтийн үеийг давж туулаад өдийг хүрсэн. Социалист эдийн засгийн сууриар нэг хэсэг явсан. Монгол Улс 1990 оноос хойш шилжилтийн эдийн засгийг дайрч өнгөрсөн. Одоо ч гэсэн тэр үед хүсэж тэмүүлж байсан нийгмийн байгуулалтдаа хүрч чадаагүй учраас эдийн засгийн шилжилтийн үе дуусаагүй" гэв. 


Оролцогчдын нэг УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, “Төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлогын хэрэгжилт үр дүн муутай, төрийн оролцоо хэт их, хүнд суртал, шат дамжлага, орон тоо их байгаа нь бизнесийнхэнд ихээхэн дарамт болж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлмээр байна. УИХ-аас батлан гаргах хуулиудад хувийн хэвшил, бизнесийнхний дуу хоолой, санал бодлыг тусгах хэрэгтэй. Төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнд бизнес эрхлэгч, татвар төлөгчид маань сэтгэл дундуур байгаагаа компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган “CEO SAMMIT -2013” арга хэмжээний үеэр ярьж байна. Иймээс шийдвэр гаргагч бид энэ асуудалд онцгой анхаарлаа хандуулах шаардлагатай юм байна. Бизнес дэх төрийн оролцоо нь эдийн засгийн хүндрэлийг үүсгэж байгаад анхаарах ёстой.” хэмээсэн юм.

Түүнчлэн Төр, засгийн бодлогын алдаанаас болж хөдөөд хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж ч ховордсон тухай асуудлыг нэвтрүүлгийн оролцогчид хэлж байв. Санхүүгийн эрсдэл, дэд бүтцийн сул дорой байдал, зах зээлээс алслагдсан байдал гээд тулгамдсан олон бэрхшээлийг хөдөөд чиглэсэн төрийн оновчтой бодлогоор л засч чадах аж.  

Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлж, эрчимжүүлэх, төв суурин газрын дэргэд суурин фермерийн аж ахуй хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, дэлхийн зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гаргах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.
 
Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 2,2 мянган аж ахуйн нэгж байгууллагын 33,9 хувь нь бүтээгдэхүүнээ 100 ба түүнээс дээш км хол зам туулж зах зээлд гаргадаг гэсэн судалгаа ч бий аж.