Санаачилга

10-р сар 01, 2013

Гурамсан холбоо нэвтрүүлгийн I дугаар

"Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл" ТББ-ын санаачлагаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэмийн мэдээлэл дээр хамтраад тухайн цаг үеийнхээ онцгой асуудлаар хэлэлцэх, санал бодлоо солилцох зорилготойгоор бүтээжээ. Энэ нэвтрүүлэгт СЕО Клубаас Петровис ХХК-ийн ТУЗ-ийн Дарга Ж.Оюунгэрэл оролцлоо.

9-р сар 28, 2013

Бизнес дэх төрийн оролцоо хүндрэл үүсгэж байна

Д.Оюунхорол: Бизнес дэх төрийн оролцоо эдийн засгийн хүндрэлийг үүсгэж байгаад анхаарах ёстой


УИХ-ын гишүүн, МАН- ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролыг “Бодлоготой хөгжье” буландаа урилаа.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд эдийн засгийн орчин, хөгжлийн явц байдалд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн судалгаа дүгнэлтийг танилцуулж, хэлэлцсэн.Энэ талаарх таны байр суурь юу вэ?

-УИХ-ын ажлын хэсэг өнөөгийн эдийн засагт нүүрлээд байгаа нөхцөл байдлыг тодорхой бодитой дүгнэсэн байна лээ. Тухайн үед буюу судалгаа, дүгнэлт гаргах үед МАН улс орны эдийн засагт үүсч болох нөхцөл байдалд онош тавьж, бодлого тодорхойлогчдод анхааруулж байсан. Төсөв хүндэрч, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч мэдэх сануулгыг өгч байсан. Валютын ханш, инфляцын өсөлтийг хүртэл урьдчилан таамаглаж, анхааруулж байсан ч Засгийн газар хайхрамжгүй хандсанаас өнөөдөр олон бэрхшээл үүслээ. Гэвч одоо улстөржөөд суух цаг биш. Бид эрүүл саруул ухаанаа уралдуулж, зөвшилцөж, ярилцаж, ойлголцож үүсч бий болсон асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг улстөржүүлэх шаардлага бидэнд байхгүй.


-Өнөөдөр эдийн засгийн орчинг сайжруулахад ямар асуудалд онцгой анхаарах ёстой вэ?

-Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих, татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргахыг бид дэмжиж байгаа. Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй. Мөн гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг энэ хуулийн хүрээнд хамруулахаар ярьж байгаа. Монгол орны эдийн засаг бүхэлдээ уул уурхайн импортоос хэт хамааралтай учраас зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ унахаар л экспортын хэмжээ буурах эрсдэл үүсч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Валютын хэмжээ буурч, төгрөгийн ханш унахын зэрэгцээ гадаад өрийн төвшин нэмэгдсэн нь Монголын эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж магадгүй байгаад анхаарах ёстой. Гадаад өр зээлийн хэмжээ ДНБ-ий хэдэн хувиас давсныг, хүү төлбөрт хэдэн төгрөг төлж байгааг УИХ ажлын хэсэг гарган судалж, эрсдэл хүндрэлийг урьдчилан тооцож дүгнэлт гаргах ёстой гэсэн байр суурьтай байна. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хөдөө орон нутгийн хөгжлийн ирээдүйг харсан бодлого гаргахад онцгой анхаармаар байгаа юм. Хөдөө аж ахуйн салбараа дэмжиж, эдийн засгийн нэг бааз суурь, хөл болгон авч явах ёстой. Төр, засгийн ийм бодлого муугаас хөдөөд хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж ч ховордсон. Санхүүгийн эрсдэл, дэд бүтцийн сул дорой байдал, зах зээлээс алслагдсан байдал гээд тулгамдсан олон бэрхшээлийг хөдөөд чиглэсэн төрийн оновчтой бодлогоор л засч чадна. Иймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийг дэмжиж, хөрөнгө оруулалтын болон татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгуулсан юм. Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлж, эрчимжүүлэх, төв суурин газрын дэргэд суурин фермерийн аж ахуй хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, дэлхийн зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гаргах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 2,2 мянган аж ахуйн нэгж байгууллагын 33,9 хувь нь бүтээгдэхүүнээ 100 ба түүнээс дээш км хол зам туулж зах зээлд гаргадаг гэсэн судалгаа ч бий.

-Хувийн хэвшил, бизнест хутгалдах төрийн оролцоо хэт их боллоо гэсэн шүүмжлэл их байна. Танд юу мэдрэгдэж байх юм?

-Төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлогын хэрэгжилт үр дүн муутай, төрийн оролцоо хэт их, хүнд суртал, шат дамжлага, орон тоо их байгаа нь бизнесийнхэнд ихээхэн дарамт болж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлмээр байна. УИХ-аас батлан гаргах хуулиудад хувийн хэвшил, бизнесийнхний дуу хоолой, санал бодлыг тусгах хэрэгтэй. Төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнд бизнес эрхлэгч, татвар төлөгчид маань сэтгэл дундуур байгаагаа компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган “CEO SAMMIT-2013” арга хэмжээний үеэр ярьж байна. Иймээс шийдвэр гаргагч бид энэ асуудалд онцгой анхаарлаа хандуулах шаардлагатай юм байна. Бизнес дэх төрийн оролцоо нь эдийн засгийн хүндрэлийг үүсгэж байгаад анхаарах ёстой.

Б.БАТ

Эх сурвалж: news.mn

9-р сар 13, 2013

​Ж.Оджаргал: Бид бие биеэ шаардаж хариуцлагатай амьдарцгаая

М-Си-Эс Группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын "Маш нууц сэтгүүл"-д нийтлэгдсэн ярилцлагын хэсгээс хэсэгчлэн хүргэж байна.

- Одоо ид шуугиж байгаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар Та юу гэж боддог вэ? Энэ гэрээ манай улсад ашигтай болж чадсан уу?

- Ер нь бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Зуун хувь төгс төгөлдөр, сайхан гэрээ гэж хэзээ ч байдаггүй. Мэдээж, ямар нэгэн алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Ийм том хөрөнгө оруулалт, нарийн технологи шаардсан ордод Рио Тинто гэсэн том хөрөнгө оруулагч орж ирсэнд бид нар талархах ёстой юм. Хөрөнгө оруулалтын гэрээ нь тухайн үеийн зах зээлийн байдлаараа Монголд ашигтай гэрээ гэж бодож байгаа. Гэрээнд алдаатай, засч залруулах ёстой зүйл байхыг үгүйсгэхгүй. Түүнийгээ л хэвийн, ажил хэргийн зарчмаар ойлголцож, зөвшилцөж, тохиролцон засах ёстой юм байвал засаад явна биз дээ. Тэрнээс биш “Ерөөсөө энэ орд Монголынх”, “Ер нь гадны хөрөнгө оруулагчгүйгээр өөрсдөө хийнэ” ч гэдэг юм уу, эсвэл “Болохгүй бол хөөгөөд явуулъя” гэж хандвал асар том алдаа, буруу ойлголт гэж бодож байна. Энэ бол тийм амар асуудал биш, дэлхий даяараа биднийг харж байна. Миний хувийн бодол бол энэ хувьцаа эзэмшинэ гэж ярьдаг чинь бас заавал эзэмших ёстой эд биш шүү дээ. Янз янзын хэлбэрээр Монголд ашигтайгаар тохирч болно. Өнөөдөр ийм их хөрөнгө оруулалт шаардсан төслийг эргэн харж өөрчлөх гэж байгаа бол аль аль талдаа ашигтай хувилбарыг ярихгүй бол зөвхөн Монголд ашигтай байлгаад, хөрөнгө оруулагчид маш их эрсдэл хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Яагаад гэвэл зэсийн үнэ хоёр жилийн дараа баталгаатай 4000-5000 доллар байна гэж хэн ч хэлж чадахгүй. Олон тэрбум доллараар Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол хөрөнгө оруулагчдын хувьд асар их эрсдэл хүлээсэн зүйл. Тэрнийг бид дандаа тооцож байхгүй бол ерөөсөө л баялгийг маань булаагаад аваад явчих гэж байгаа юм шиг хараад байвал буруу болов уу.

-Дэлхийн түүхий эдийн зах зээл, тэр дундаа нүүрсний зах зээл хямралд ороод байгаа. Энэ нь “Энержи Ресурс” компанийн үйл ажиллагаанд хүндээр нөлөөлж эхэлсэн. Хямралаас гарах ямар арга замууд байгаа вэ?

- Биднээс хамаарах юм байна, хамаарахгүй юм ч бас байгаа. Хятадын гангийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа коксжих нүүрсний үнэ унасан. Гэхдээ хэрэглээ нь бол багасаагүй шүү дээ. Яагаад үнэ унаад байна вэ гэхээр Монголын нүүрс хэр өрсөлдөхүйц байна вэ гэдэгтэй холбоотой. Өрсөлдөхүйц гэдэг нь одоо Австралийн олборлосон коксжих нүүрс тэндхийн боомтоос Хятадын далайн боомт хүртэл нэг тонн нь 12-хон доллараар тээвэрлэгдэн очиж байгаа. Тэгэхэд манайд уурхайгаас хил хүртэлх тээвэрлэлт 20 доллар байгаа юм. Хилийн наана, цаана хоёр талд ачиж, буулгах баахан зардал нэмэгдэнэ. Ингээд Хятадын хилийн боомтоос цаашаа хэрэглэгч рүү очихдоо 60 долларын үнэтэй болчихож байгаа юм. Зардлуудаа нэмээд 80-90 долларын өртөгтэйгээр эцсийн хэрэглэгчид очиж байна. Сүүлдээ Австралиас гадна Канад, ОХУ, АНУ зэрэг томоохон өрсөлдөгчид гарч ирсэн. Далайн тээвэр хямдхан байгаа юм. Тэгэхээр бид нар Монголын нүүрсийг яаж өрсөлдөхүйц болгох вэ гэдэг дээр анхаарах ёстой. Нүүрсийг олборлоод гаргаад ирж болно. Гол асуудал тээвэртээ байгаа юм. Нүүрс ахиухан экспортлож байж доллар тэр хэмжээгээр орж ирнэ. Доллар орж ирж байж эдийн засаг маань тогтвортой байх юм. Иймээс шат шатандаа үүнийг ойлгож тээврийн асуудлыг маш хурдан шийдэх ёстой. Энэ талаар одоогийн Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллаж байгаа. Хилийн боомтуудаа томсгож, сайжруулж байна. Дэд бүтцээ шийдэж байна. Жаахан л тэсэх хэрэгтэй юм. Нүүрсний үнэ өөрөө өсч, буурч байдаг зүйл. Одоо бууралтынхаа доод цэгт хүрсэн, удахгүй өсөлт ирэх байх гэж найдаж байна.

- Монголын банк, санхүүгийн зах зээл өнөөдөр туйлын эмзэг байна. Сүүлийн хэдэн жилийн дотор гурав, дөрвөн ч банк дампуурлаа зарлалаа. Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа та монголчуудын хийж чадахгүй байгаа гэхдээ чухал салбарт хөрөнгө оруулалт хийнэ, өөрсдийн хүчийг сорино гэж ярьж байсан. Арай банкны салбар руу орох бодолтой байгаа юм биш биз дээ?

- Үгүй, нүүрс шингэрүүлэх үйлдвэр, том цахилгаан станц төслүүдийг л ярьж байгаа юм. Манайд өнөөдөр гайгүй банкууд байгаа шүү дээ. Банкны салбарт бол одоохондоо орох бодолгүй байна.

- Нууц биш бол ойрын үед та бүхэн ямар төслүүд дээр ажиллах гэж байна вэ?

- Бид ойрын таван жилдээ нүүрс шингэрүүлэх төсөл буюу нүүрснээс дизель түлш гаргаж авах төсөл дээр ажиллах байх. Түүнээс гадна Засгийн газар Тавантолгойд цахилгаан станц барих гэж байгаа, тэр төсөл дээр ажиллах байх. Энэ хоёр том төсөл дээр цаг зав зарах байх. Мөн бусад охин компаниуд дээр төлөвлөсөн төслүүд байгаа.

- Гадны хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж байна. Харин үндэсний хөрөнгө оруулагчид маань тунаад үлдэх нь мэдээж. Тэднийгээ дэмжих тал дээр төр дутмаг байх шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

- Гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулалт хийгдэж байж улс хөгжинө. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг асар их хэмжээний мөнгөөр Монголд байшин барилга барьж, ажлын байр бий болгох зэрэг олон зүйлийг цогцлоож байгаа юм. Бүгдээрээ сайн сайхан амьдаръя, хурдан хөгжье гэвэл хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Бонд босгоод зээл авах зүйл байлгүй яахав. Улсын төсөв маань орлого, зарлага гээд дотроо эргэх талаар ярихаасаа илүү яаж өргөжиж, хэмжээ нь томрох вэ гэхээр хөрөнгө оруулалт ахиухан хийх хэрэгтэй болно. Тиймээс Монгол хөрөнгө оруулагчдыг татсан хууль эрхзүйн орчин, ялангуяа тоглоомын дүрэм нь өөрчлөгдөөд байдаггүй тэр орчныг л хурдан баталгаажуулж, хуульчилж өгөөд зөвхөн гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагч ертөнц рүү нэвтрэн орсноор хурдан хөгжинө. Монголчууд бид маш олон улс оронтой өрсөлдөж байна гэдгээ мартаж болохгүй. Хөрөнгө оруулагчид хаана илүү таатай, ашигтай, боломжтой, тогтвортой байна тэр газарт очиж мөнгөө оруулдаг. Монголд л ганцхан Оюутолгойн орд шиг зэс нь байдаг, нүүрс нь байдаг гэж бодоод байвал тэр их том эндүүрэл болно. Хөрөнгө оруулагчид нэг оролдоно, хоёр оролдоно, гурав оролдоод энэ ер нь бүтэхгүй улс байна гээд цаашаа хараад явчихвал тэднийг эргүүлж авчрахад асар их хугацаа шаардагдана шүү гэдгийг бид бүх улс орон даяараа ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед бид байгалийн баялгаа дэлхийд өөр хаана ч байхгүй юм шиг бодож, шүтэж эндүүрээд хөрөнгө оруулагчдаа үргээсэн, гомдоосон, итгэлийг нь алдагдуулсан яриа, популизм энэ тэрээ дор бүрнээ бодож, хариуцлагатай байхгүй бол эргээд бүгдээрээ хохирно. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ? Тэр утгаараа энэ бол яах ч аргагүй хамгийн чухал сэдэв учраас УИХ ээлжит бус чуулганаа хуралдуулж хууль батлах гэж байх шиг байна. Асуудлыг нэн даруй шийдэж, энийгээ баталгаажуулаад, ялангуяа нэг засаг юм уу нэг УИХ гараад өөрчлөөд байдаггүй, тоглоомын дүрмээ их тодорхой, баталгаатай тогтворжуулсан байх ёстой. Үүн дээр улс төржилт, популизм хийх огт хэрэггүй. Бодит амьдрал, эцсийн зорилго юу юм бэ гэвэл бизнесмен ч бай, улс төрч, ард иргэд ч бай бүгдээрээ нэг л зүйлийг хүсч байгаа. Яаж сайн сайхан амьдрах вэ гэж бодож байгаа. Сайн сайхан амьдрах баялаг нь байгаад байдаг, үүнийг яаж өөрсдөө амьдрал дээр айл өрх бүрт хүртээх вэ гэхээр хөрөнгө оруулалтгүйгээр хийгдэхгүй нь ойлгомжтой. Тийм учраас хөрөнгө оруулагчдыг татсан, ярьсан хэлсэн зүйл нь өөрчлөгдөөд байдаггүй тийм орчныг бүрдүүлэхийн тулд хүн болгон хажуудахаа, иргэн болгон улс төрчдөө, сонгогч болгон гишүүнээсээ, орон нутгийн засаг захиргаанаасаа шаардах ёстой. Тэрнээс биш хэн нэг нь популизм хийж, тодорхой хүмүүс цаг хугацаанд таалагдсан юмаа яриад, амлаад хүмүүсийн толгойг эргүүлээд байх хэрэггүй. Ялангуяа дөрөв дэх засаглал, хэвлэл мэдээллийнхэн үүн дээр онцгой анхаармаар байна. Одоо сэтгүүлчид маань энэ талаар тодорхой мэдлэгтэй, гадарладаг болж байгаа байлгүй дээ. Хэн нь худлаа юм яриад, улс төрийн ямар эрх ашгаар хандаад байгааг ч хүмүүс ойлгодог болсон цаг үе. Тэгэхгүй бол улс орон, бүгдээрээ хохирно, ялангуяа дэлхий даяарчлагдаад энэ бүх мэдээлэл, өнөөдөр энд Монголд нэг улс төрчийн хэлж байгаа үг маргааш нь дэлхий даяар цацагдаж байна. Тиймээс үүн дээрээ л бид бие биеэ шаардаж, хариуцлагатай амьдарцгаая. Хөрөнгө оруулагчдыг хөөж туулгүй, улс даяараа таатай орчныг хурдан бий болгохгүй бол “Монгол моодноос гарах гээд байна шүү” гэдгийг л хэлмээр байна. Бүх юм цаг, минутаар өөрчлөгдөж байна шүү дээ.

- Монголын ирээдүй зөвхөн уул уурхайгаас хамаарах юм уу?

- Үгүй дээ. Бид нарт аялал жуулчлал, хөдөө аж ахуйд суурилсан экспортын бүтээгдэхүүнүүд гээд зөндөө боломжууд бий. Уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгөө зөв зүйтэй зарцуулах ёстой. Түүнээс биш орж ирсэн мөнгөө талын нэг цацаад байвал утгагүй юм болно.

-Дэлгэрэнгүй ярилцсан таньд баярлалаа.

Эх сурвалж: "Маш нууц сэтгүүл"

8-р сар 22, 2013
8-р сар 20, 2012

СЕО Клубын Ерөнхийлөгч С.Амарсайхан Япон улсын Элчин Сайдтай уулзлаа.

 

СЕО Клубын Ерөнхийлөгч С.Амарсайхан Клубаа төлөөлөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Такэнори Шимизүтай уулзаж үдийн зоог барилаа. Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.