Санаачилга

10-р сар 18, 2013
10-р сар 08, 2013

Хөрөнгө оруулалтын хууль нийгмийн захиалга байлаа

Улсаа хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын хуулиа зайлшгүй шинэчлэх шаардлагатай

“NTV” телевизээр долоо хоног бүрийн пүрэв гарагийн орой үзэгчдэд хүрч байгаа “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн дугаараар УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Уул уурхайн томоохон ордууд, түүнийг тойрсон зарим нэг чухал асуудлуудаар оролцогчид голлон ярилцсан юм.

Энэ удаагийн нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монголын нүүрсний ассиоцацийн гүйцэтгэх захирал Т.Наран, “БСБ Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан болон “Голомт” банкны дэд захирал Д.Чингүүн нар уригдан оролцов.

Манайд хэрэгжиж байсан хөрөнгө оруулалтын тухай хууль одоо байгаа шаардлагыг нэгэнт хангаж чадахгүй байгаа учир энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тус хуулийн зарим нэг журмыг шинээр найруулан зохиох шаардлага УИХ, Засгийн газрын өмнө зайлшгүй тулгарсан. Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хэлэцүүлэг төрийн ордонд өнгөрсөн долоо хоногийн турш өрнөж өнөөдөр л нэг юм батлагдлаа.

Уул шугамандаа энэхүү хуулийн төслийг шинээр батлах болсон шалтгаан нь нэг хэсэг хөрөнгө оруулалтын цар хүрээ хумигдсанаас үүдэн улс орны эдийн засаг суларч эхэлсэнтэй холбоотой. Ийнхүү хөрөнгө оруулалтын цар хүрээ хумигдах болсон шалтгааныг шинжээчид судалж үзээд манайд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын тухай хуулинд алдаа, дутагдал байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Нөгөөтэйгүүр гадны томоохон хөрөнгө оруулагчид манайхыг хөрөнгө оруулалтын хуулиндаа ямар нэгэн дорвитой өөрчлөлт оруулах эсэхийг олон жилийн турш хүлээж, ажиглаж байгаад төдийлөн ахиц гарсангүйд өөр арга зам эрэлхийлэхээр нэг л өдөр орж ирсэн шигээ буцаад гараад явчихаж.

Үлдсэн цөөхөн хэд нь хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээ багасгаж, зарим нь бүр ор тас зогсоожээ. Зөвхөн гадны хөрөнгө оруулагчид гэлтгүй дотоодын томоохон хөрөнгө оруулагчид ч их бага хэмжээгээр тухайлсан салбаруудаас хөрөнгөө татаж авсан болон түр зогсоосон байдалтай байгаа тухай өмнөх “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн оролцогчид онцолж байсан билээ.

Ийнхүү хөрөнгө оруулалтын хувь хэмжээ багассаны үр дүнд ам.долларын ханш чангаран эсрэгээрээ төгрөгийн ханш шалдаа бууж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах нөхцөл бүрэлдсэн гэж хэлж болно. Энэ нь жирийн иргэдийн толгой дээр лантуу буух шиг хүндээр тусч байгаа талаар өдөр бүхэн мэдээллийн хэрэгслүүдээр ярьж бас бичиж байгаагаас харж болох юм.

Үүнээс үндэслэн УИХ, Засгийн газар “түргэн авч” ямар нэгэн арга зам шуурхай эрэлхийлэх зайлшгүй шаардлагатай болсон нь хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн төсөл.

Өнгөрөгч долоо хоногийн “Гурамсан холбоо” нэвтүүлгийн оролцогчид ч бас гадаадын хөрөнгө оруулалт саарсан шалтгааныг манайд хэрэгжиж байгаа энэ мэт чухал хуулиуд хэт тогтворгүй байдагтай холбон тайлбарлаж байв. Гадны хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа эрчтэйхэн эргэлтэнд оруулъя гэвэл юун түрүүнд хууль эрх зүйгээ боловсронгуй, тогтвортой болгох шаардлагатай аж.

Тэгж чадаж гэмээнэ одоо байгаа боломж дээрээ тулгуурлан Монгол Улс Азийн бар орнуудын нэг болж, нийслэл Улаанбаатар хот маань ч жинхэнээсээ Азийн цагаан дагина болон хөгжих боломж харагдаж байна.

Энэ тухай УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ярихдаа “Хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх шинэ хуулийн хэлэлцүүлэгүүдийг эрчимтэй явуулж байгаа нь гадаад орчинд монголчууд алдаагаа засахын тулд ажилладаг юм байна гэсэн сайн үзүүлэлт болж байна. Үүнтэй уялдаад гадныхны манайханд итгэх итгэл сэргэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь “Чингис бонд”-ын хүү огцом өсч байснаа буурч эхэлж байгаа зэргээс харагдаж байна. Тэгэхээр гадныхан монголчуудад бүрмөсөн итгэхээ больчихсон юм биш гэдэг нь эндээс харагдаж байгаа юм” гэлээ.

Мөн бид гаргасан хуулиа тогтвортой мөрдөх механизмуудыг амьдралд нэвтрүүлэх хэрэгтэйг онцолсон.

Харин “Голомт” банкны дэд захирал Д.Чингүүний харж байгаагаар манай дотоодын зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгөн дүн 16 их наядын хэмжээнд аль хэдийнэ хүрчээ. Энэ нь 10 жилийн өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 10-20 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй харагдаж байгаа юм байна.

Ийм хэмжээний мөнгөтэй болсон үндсэн шалтгаан нь уул уурхайн салбарт хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалт.

Манай экспортын хэмжээ 2000 онд нэг тэрбум ам.долларт ч хүрдэггүй байсан бол энэ жилийн тухайд таван тэрбум ам.долларт хүрчээ.

Үр дүнд Засгийн газар, Монголбанктай хамтраад тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бололцоотой болсон байна.

Арваад жилийн өмнө орон сууцны зээл бараг олддоггүй шахам байсан бол өдгөө найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэн. Энэ бүхэнд үндэслэн Д.Чингүүний хэлж буйгаар ирэх жил гэхэд хоёр их наяд төгрөгийн хүрээнд ойролцоогоор зуун мянган айл, өрхийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах бололцоо харагдаж байгаа юм байна.

Энэ нь үндсэндээ Засгийн газрын олон улсын зах зээл дээр гаргасан бонд, түүнээс бий болгосон санхүүжилтийн дэмжлэгээр бий болж байгаа тухай тэрээр дурдаад эдийн засгаа хөгжүүлэх эх сурвалж нь өнөөдрийн нөхцөлд үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалт болчихоод байна гэсэн юм.

Гадны хөрөнгө оруулагчид монголд итгэх итгэл нь хэдий чинээ нэмэгдэх тусам тэр чинээгээрээ уул уурхай гэлтгүй бизнесийн бусад салбаруудад хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тухай ярьсан нь сайшаалтай сонсогдож байв.

Их хурал дээр хэлэлцэгдэж байсан хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа. Энэ бол эдийн засгаа гацаанаас гаргах нэг төрлийн мэргэн ухаан төдийгүй томоохон дэвшил юм. Ингэснээр одоо зогсчихоод байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх боломж бололцоо бүрэн нээгдэж байна гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, тэдгээр төсөл хөтөлбөрүүд хэдий түргэн хугацаанд дахин сэргэж хөдөлгөөнд орно тэр чинээгээрээ манай эдийн засагт эерэгээр нөлөөлж, бодит өгөөжөө өгч эхэлнэ хэмээн олон хүмүүс итгэл тавин харж байгаа. Гагцхүү одоо Б.Гарамгайбаатар гишүүний хэлсэнчлэн гаргасан хуулиа тогтвортой мөрдөх механизмуудыг амьдралд нэвтрүүлэх нь л юу юунаас илүү бидэнд хэрэгтэй байна.

Р.Улам-Оргих

Эх Сурвалж: time.mn

10-р сар 08, 2013
10-р сар 04, 2013

​Хувийн хэвшлийн ажилд хошуугаа дүрдэг байдлаа төр хэзээ зогсоох вэ

“Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл”-өөс санаачлан “Гурамсан холбоо” хэмээх нэгэн шинэ нэвтрүүлгийг долоо хоног бүрийн пүрэв гарагт “NTV” телевизээр бэлтгэн хүргэж эхэллээ. Энэхүү нэвтрүүлэг нь төр засаг, хувийн сектор, иргэний нийгэм буюу мэдээлэлтэй иргэдийн төлөөллүүдийг оролцуулан тухайн цаг үеийнхээ тулгамдаад буй онц ач холбогдолтой асуудлуудаар санал солилцож, үзэл бодлоо хуваалцах зорилготой аж.

“Гурамсан холбоо” нэвтрүүлгийн анхны дугаарт төр, хувийн хэвшлийг төлөөлөн Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Санхүүгийн зах зээлийн холбоо болон бусад компани, судлаач, оюутнуудын төлөөлөл оролцов. Энэ удаагийн нэвтрүүлгээр ээлжит бус чуулганаар яригдаж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох хуулиудыг өөрчлөх болсон шалтгаан, Засгийн газар, хувийн хэвшил хоорондын үйл ажиллагааны тэнцвэржүүлэлт, хөрөнгө оруулалттай холбоотой уур амьсгалын тухай асуудлаар оролцогчид голлон ярилцсан юм.

Юуны өмнө хувийн хэвшил гэдэг зүйл нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? гэсэн асуултад хариулт эрье. Зах зээлийн чөлөөт эдийн засагтай ардчилсан орнуудад хувийн хэвшилд үйл ажиллагаа эрхлэгчид тухайн орныхоо дотоодын нийт бүтээгдэхүүний наяас ерэн хувийг дангаараа бий болгон бүрдүүлдэг аж. Энэ нь нэг үгээр төрийн ачааг хөнгөвчилж өгч байгаа хэрэг юм байна. Харин тэдгээр баялаг бүтээгчдийн төрд төлсөн татварийн мөнгийг төр оновчтойгоор захиран зарцуулж иргэдээ өлсгөхгүй, гудамжинд гаргахгүй байх үүрэг хүлээдэг.

Тэр тусмаа төр мөнгө олох гэж тархиа гашилгах биш баялаг бүтээдэг үндэсний хэмжээний хувийн томоохон үйлдвэрлэгчдээ хууль эрх зүйн тогтвортой орчноор хангаж, нөгөөтэйгүүр гадаад, дотоодоос мөнгө босгох хөрөнгө оруулалтын нөхцөлийг нь хангалтай бүрдүүлж өгөх юм байна. Товчхондоо бол урт хугацаанд хэрэгжих оновчтой бодлогыг л боловсруулах аж. Яг энэ зарчмаар богино хугацаанд асар хурдацтай хөгжсөн улс орнууд замнасан бөгөөд өнөөдөр ч мөн адил тэр л зарчмаар явж байгаа.

Гэтэл манайд энэ нь шал эсрэгээрээ байдаг гэнэ. Үүний хамгийн тод жишээ бол яг өнөөдрийн байдлаар гадны томоохон компаниуд манай зах зээлд нийлүүлээд байсан асар их хэмжээний хөрөнгө оруулалтаа багасгасан. Улмаар үүнээс үүдэж манай улсын эдийн засаг зогсонги байдалд орсон нь асуудлын зангилааг дахин авч үзэх шаардлага бий болгож байна.

Ганцхан гадны гэлтгүй дотоодын томоохон үйлдвэрлэгчид ч хөрөнгө оруулалтаа таг зогсоон төр засаг ямар шийдэлд хүрэхийг нь хүлээсэн нөхцөл байдалд байгаа аж. “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн үеэр хувийн хэвшлийн төлөөлөл болсон манай томоохон бизнес эрхлэгч “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл энэ тухай онцлоод Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 75-80 хувийг хувийн хэвшил дангаараа бүрдүүлж байгаа гэв. Мөн хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нөгөө л хувийн хэвшлээс хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын нийт хувийг төр засагт ад үзэгдээд байгаа хувийн секторынхон дангаараа бүрдүүлж байгаа гэсэн үг юм. Энэ нь ч нотлох албагүй үнэн биз.

Энэ тохиолдолд Монголын төр ямар арга хэмжээ авч байна гэхээр хувийн секторуудыг дэмжихийн оронд тэдний цар хүрээг улам хумьж, заримыг нь татан буулгаж өөр дээрээ ачааг нэмэгдүүлэн данхайлгаж байгаа нь үнийн хөөрөгдөл, ажилгүйдэл, ядуурлын түвшинг улам гааруулж өгч байна гэж хэлж болно.

Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг тус нэвтрүүлгийн үеэр Олон улсын Валютын сангаас хийсэн судалгааны дагуу улсын компаниудын гүйцэтгэл, баялаг бүтээх чадамж нь хувийн компаниудаас маш муу үзүүлэлттэй гарсан болохыг дурдав. Төр бизнесийн менежмент гэдэг зүйлийг огт хийж чаддаггүй болох нь дээрх судалгаагаар батлагдаж байгаа аж.

Тэр тусмаа манайх шиг хөгжиж байгаа, нөгөөтэйгүүр зах зээлийн нийгэмд шилжээд хорь гаруйхан жилийн нүүрийг үзэж байгаа буурай орны хувьд төр хувийн хэвшлийнхнийг түлхэж унагаагаад тэдний хийх ёстой ажлыг гартаа авна гэдэг бол шууд амиа хорлож байгаагаас өөрцгүй гэж хэлж болно.

Мөн төрийн хамгийн том алдаа гэвэл үнэ тогтоох гэж оролддог байдал. Энэ нь чөлөөт зах зээлийн өрсөлдөөний хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байгаагийн нэгэн илрэл гэж үзэж болохоор байна.

Гэтэл энэ байдал манайд бас л эсрэгээрээ үйлчилж байгаа тухай нэвтрүүлэгт оролцогчид дор бүрнээ хүлээн зөвшөөрч байсан юм. Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн тэргүүн Да.Ганболд үүний гол шалтгааныг зах зээлийн эдийн засаг болон өмчийн тухай нийт иргэдийн ойлголт 90-ээд оны эхэн үед байсан шигээ тэр хэвэндээ байгаатай холбон тайлбарлав. Тухайлбал хувийн өмч гэдэг зүйлийг Үндсэн хууль болон Иргэний хуулиараа хүлээн зөвшөөрчихсөн атлаа хамгаалж чадахгүй байна гэсэн юм.

Шүүх хувийн өмчийг хэлбэрэлтгүй хамгаалж байх атал Монголын шүүх хувийн өмчийг хамгаалж чадахгүй байна гэв. Үүний тод жишээ бол сүүлийн үед томоохон хувийн секторуудын удирдлагуудыг барьж хорьж шоронд хийж байгаа явдал юм. Улмаар шоронд хийгээд зогсохгүй хөлсөө дуслуулан байж босгосон хөрөнгө мөнгийг нь лацдан хурааж улсын орлого болгож байгааг бид бэлхэнээ харж байна. Энэ бүхнээс ажиглалт хийхэд манай төр засаг баян хоосны ялгааг арилгаж нийтээрээ эргээд социализм руугаа явъя гэсэн зорилтыг авч хэрэгжүүлээд байгаа бололтой.

Энэ тухай уул уурхайн салбарын жишээн дээр авч үзэхэд 1996 оноос хойш энэ салбарын ихэнх компианиуд хувьчлагдсан аж. Хувьчлагдаагүй үлдсэн нь Эрдэнэт, Шивээ-Овоо гэх мэт тун цөөхөн үлджээ. Саяхан “Эрдэнэс МГЛ” гэж уул уурхайн төрийн өмчит хувьцаат компани байгуулагдсаныг бид мэднэ. Үүгээрээ төр хийсэн сонголтоосоо хэдэн арван алхам ухарч байгаа хэрэг юм гэж “Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Да.Ганболд ярьж байна. Яагаад ингэж үзэх болов гэдэг шалтгааныг нь ухаж үзвэл хувийн хэвшлийн хурдацтай хөгжлийг гүйцэж төр зохицуулалтаа хийж чадахгүй байгаа учир төр эргээд бүхнийг мэдэлдээ авах тэр чиглэл рүүгээ явж байгаа нь энэ гэнэ.

Уул уурхай хөгжсөн орнуудын төр засаг энэ салбарыг тэр чигт нь хувийн хэвшилд өгч байсан бөгөөд ингэх болсон шалтгаан нь ердөө л хувийн секторынхон илүү санаачилгатай, бүтээмжтэй, хурдтай ажилладагтай холбоотой. Нөгөөтэйгүүр одоогийн манайх шиг нөхцөлд бол юун түрүүнд дан ганц уул уурхай ч гэлтгүй бусад тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт орж ирэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг нь хангахын тулд хууль эрх зүйгээ тогтвортой болгож, бодлогын уян хатан чанарыг төр засгаас авч хэрэгжүүлэх ёстой гэсэн шийдэлд “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн оролцогчид хүрч байсан юм.

Эндээс үүдэн төр, засаг хувийн хэвшлүүдийг өдөр шөнөгүй хянаж цагдаж, болохгүй бол татан буулгана, өөртөө нэгтгэнэ гэж айлган сүрдүүлэхийн оронд улс орноо аль болох түргэн хугацаанд эрчимтэйгээр хөгжүүлье л гэж зорьж байгаа бол эрх зүйн орчноо улам боловсронгуй болгож аль болох урт хугацаанд тогтвортой хэрэгжих хуулийг амьдралд нэвтрүүлэх нь юун түрүүнд хэрэгтэй байгааг онцолмоор санагдаж байна. Үүний тулд хамгийн чухал нь хувийн хэвшлийнхээ санаа оноог сонсож хуульдаа тусгадаг байх нь юу юунаас илүү чухал юм.


Р.Улам-Оргих

Эх сурвалж: time.mn

10-р сар 01, 2013

Гурамсан холбоо нэвтрүүлгийн II дугаар

Энэ нэвтрүүлэгт СЕО клубаас Голомт банкны Дэд Захирал М.Чингүн оролцлоо.