Бизнесийн орчин

10-р сар 21, 2013
10-р сар 18, 2013

​Засаглалын хямралаас гарахын тулд төрийн өмчит компаниудаа хувьчлах хэрэгтэй

“Гурамсан холбоо” нэвтрүүлэгийн гурав дахь удаагийн шинэ дугаараар эдийн засаг дахь төрийн оролцоо, төсөв, төрийн өмчит компаниудыг тойрсон сэдвээр оролцогчид голлон ярилцлаа.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг УИХ баталсан. Энэ бол үүсээд байгаа нөхцөл байдлаас гарахад ямар нэгэн хэмжээгээр томоохон алхам болсон түүхэнд тэмдэглэхүйц үйл явц гэж хэлж болно.

Гэхдээ Монгол Улс яг өнөөдрийн байдлаар эдийн засгийн хямралаас илүүтэй засаглалын хямрал гэдэг зүйлд гүнзгий нэрвэгдчихээд байгаа нь нууц биш.

Энэ тухай саяхан УИХ-ын гишүүн М.Батчимэг нэгэн нийтлэлдээ “Их хурал нь эрх барих дээд байгууллага биш, Засгийн газар нь гүйцэтгэх байгууллага биш болж УИХ, Засгийн газар бантан болтол холилдсон, яван явсаар Засгийн газар нь Их хурлынхаа дээр гараад суучихсан засаглалын завхрал явагдаад байна. Монголд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг байхгүй болж, үүний уршгаар эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрч, засаглалын зарчим ноцтой гажуудсан аюултай ухралт буй болсныг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх учиртай” хэмээн бичжээ.

Энэхүү засаглалын хямрал гээч нь ихэвчлэн тендерийн ил далд будлиантай сонгон шалгаруулалт, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн барьцаанд орсон, тэдгээрийн явцуу эрх ашигт дөрлүүлсэн төрийн албан тушаалтнуудын хуулийг үл тоомсорлож буй үйлдэлүүдээр нэгэнт ил болжээ.

Энэ нь явсаар энгийн иргэд, мөрөөрөө бизнесээ эрхлээд явж байгаа хувийн хэвшлийнхэнд дарамт үүсгэж тэдний цааш хөгжих замд бул хар чулуу болон тээгэлдэж байгаа гэж хэлж болно.

Энэ удаагийн “Гурамсан холбоо” нэвтрүүлэгийн үеэр М.Батчимэг гишүүн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан нь чухал үйл явдал боллоо хэмээн цохон тэмдэглээд цаашид хөрөнгийн зах зээл хөгжсөнөөрөө зах зээлийн эдийн засаг, улмаар бизнес эрхлэж байгаа компаниудад сайхан боломж бүрдэж байна гэв.

Энэ тохиолдолд иргэд өөрсдөө хөрөнгө оруулагчид болох боломжтой болж байгаагаараа чухал ач холбогдолтой аж.

Өөрөөр хэлбэл, иргэд төрийн өмчит компаниудын хувьцааг нь худалдаж авах эхлэл энэхүү хөрөнгө оруулалтын сангийн хуулиар тавигдаж байна хэмээн ойлгож болно. Гэхдээ төрөөс энэ тухай дахин бодлого боловсруулж төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй болгож иргэдэд хувьцааг нь худалдъя гэдэг санал санаачлага, бодлого гарч ирсэн тохиолдолд энэ зүйл жинхэнээсээ амьдралын хөрсөнд буух нь.

Ямартай ч огт хийгээгүй байснаас ямар нэгэн эхлэлд хүрнэ гэдэг бол аль ч талдаа сайн зүйл.

Үүнээс өмнө Хөрөнгө оруулалтын сан гэдэг зүйл манайд байгаагүйгээс болж хөрөнгийн зах зээл хөгжихөд доголдол үүсэж байсан. Мөн зах зээл хөгжсөн орнуудад хөрөнгө оруулалтын сангууд нь хөрөнгийн биржээрээ дамжуулан иргэд хөрөнгө оруулагч хоёрын гол гүүр нь болж байдаг гэнэ.

Нөгөөтэйгүүр манай төр засгийн хамгийн том алдаа юу вэ гэвэл хамгийн жижиг зүйл рүү хүртэл очиж хошуугаа дүрдэг байдал юм.

Төр бол зөвхөн бодлогоор залж чиглүүлэх үүрэгтэй. Гэтэл өнгөрсөн хорин жилийн туршид монголын төр, төрийн өмч гэдэг зүйлийг тахин шүтэж, хувийн хэвшлийнхний хийх ёстой зүйлийг хажуугаар нь шуурч ороод булаацалдан хийж байсан явдал юм. Үнэндээ бол төр гэдэг үгний цаана засгийн эрхийг гартаа атгаж байсан үе үеийн Ерөнхий сайд нар багтаж байсан.

Нэг үгээр тэдгээр Ерөнхий сайд нар төрийн нэрийн өмнөөс бизнес хийх гэж оролдсон явдал нь буруу алхам байв. Харин хувийн хэвшлийнхэнд бизнес гэдэг зүйлийг даатгаж орхиод зүгээр л тэднийг ажлаа хийхэд нь ямар нэгэн дарамт шахалт үзүүлж саад тотгор болохгүй байхад л бүх зүйл болчих байлаа.

Ингэсэн тохиолдолд манайд хүссэн хүсээгүй аяндаа барууны томоохон корпорациуд шиг үндэсний баялаг бүтээгчид бий болох нөхцөл бүрдэх юм. Улмаар төр нэгэнт бизнес эрхлэх шаардлагагүй болсон тул цаашид түүнд өөрийн гэсэн өмчит компанитай байх нь логикийн хувьд утгагүй болчихож байгаа юм.

Социализмын үед яаж ч төлөвлөгөө гарган өсгөөд хорин саяд хүрдэггүй байсан малын тоо толгой хувийн өмчид шилжсэнээсээ хойш хорьхон жилийн дотор тавин сая хол даваад байгааг бид мэднэ.

Эндээс харахад хувь хүмүүс, аж ахуй эрхлэгчид төрөөс ямар нэгэн байдлаараа илүү байна гэдэг нь батлагдаж байна. Гагцхүү төр тухайн малчинд малаа өсгөн үржүүлж амьдралаа өөд нь татахад таатай нөхцөл боломжийг л бүрдүүлэх ёстой юм.

Үүн лугаа төр бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэх тогтвортой, таатай нөхцөл боломжийг нь хууль, эрх зүйн хувьд нь хангалттай хэмжээнд бүрдүүлж өгөөд хажуугаар нь өөрсдөө өрсөлдөгчийн байр сууринаас оролцохгүй байхад л бүх зүйл сая нэг гольдролоороо урсана. Ингэхийн тулд төр өөрт харъяалагддаг бүх өмчит компаниудаа хувьчлах шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд өдөр ирэх тусам л төрийн өмчит үйлдвэр, компаниуд олширч тэр хэрээрээ тэдгээр үйлдвэр компаниуд алдагдалд орох хандлага илт ажиглагдах болов.

Алдагдалаа яаж нөхөж байна гэхээр төр өөрийнхөө өмчийг дампууруулахгүйн тулд нэг бол татвар төлөгчдийн мөнгийг тухайн компанидаа шингээж байна. Нөгөө тохиолдолд үнэ тогтоох арга замаар алдагдалыг нь нөхөх гэж оролдож байна. Үр дүнд нь иргэд, татвар төлөгчид хохирсон дүр зураг ажигдагдаж байгаа юм.

Адилхан статустай хувийн ба төрийн өмчит компани зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байлаа гэж бодоход ихэвчлэн төрийн өмчит компани нь өнөөдрийн нөхцөлд хамгийн түрүүнд алдагдалд орж байна. Энэ бол төрд бизнес эрхлэх чадамж хомс байна гэдгийн нэгэн баталгаа.

Эцэст нь хэлэхэд улс орныхоо хөгжлийг урагш нь ахиулахыг төрийн эрхийг гартаа атгаж байгаа эрх баригчид маань үнэхээр л хүсэж байгаа бол өөрийн харьяалалд байх шаардлагагүй тодорхой өмчүүдээсээ татгалзах цаг нэгэнт болжээ. Зүгээр л тэдгээр компаниудаа хувийн хэвшлийнхэнд өгчих. Харин тэднийг ажлаа хийхэд нь хажуугаар нь орж бүү саад хий.

Төр шаардлагагүй өмчөө иргэд, хувийн хэвшилийнхэнд хувьчилж өгсөнөөрөө үүсээд байгаа санхүү болоод засаглалын хямралаасаа гарах бас нэгэн мэргэн арга зам ч байж болох юм.

Р.Улам-Оргих

Эх сурвалж: time.mn

10-р сар 18, 2013
10-р сар 08, 2013

Хөрөнгө оруулалтын хууль нийгмийн захиалга байлаа

Улсаа хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын хуулиа зайлшгүй шинэчлэх шаардлагатай

“NTV” телевизээр долоо хоног бүрийн пүрэв гарагийн орой үзэгчдэд хүрч байгаа “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн дугаараар УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Уул уурхайн томоохон ордууд, түүнийг тойрсон зарим нэг чухал асуудлуудаар оролцогчид голлон ярилцсан юм.

Энэ удаагийн нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монголын нүүрсний ассиоцацийн гүйцэтгэх захирал Т.Наран, “БСБ Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан болон “Голомт” банкны дэд захирал Д.Чингүүн нар уригдан оролцов.

Манайд хэрэгжиж байсан хөрөнгө оруулалтын тухай хууль одоо байгаа шаардлагыг нэгэнт хангаж чадахгүй байгаа учир энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тус хуулийн зарим нэг журмыг шинээр найруулан зохиох шаардлага УИХ, Засгийн газрын өмнө зайлшгүй тулгарсан. Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хэлэцүүлэг төрийн ордонд өнгөрсөн долоо хоногийн турш өрнөж өнөөдөр л нэг юм батлагдлаа.

Уул шугамандаа энэхүү хуулийн төслийг шинээр батлах болсон шалтгаан нь нэг хэсэг хөрөнгө оруулалтын цар хүрээ хумигдсанаас үүдэн улс орны эдийн засаг суларч эхэлсэнтэй холбоотой. Ийнхүү хөрөнгө оруулалтын цар хүрээ хумигдах болсон шалтгааныг шинжээчид судалж үзээд манайд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын тухай хуулинд алдаа, дутагдал байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Нөгөөтэйгүүр гадны томоохон хөрөнгө оруулагчид манайхыг хөрөнгө оруулалтын хуулиндаа ямар нэгэн дорвитой өөрчлөлт оруулах эсэхийг олон жилийн турш хүлээж, ажиглаж байгаад төдийлөн ахиц гарсангүйд өөр арга зам эрэлхийлэхээр нэг л өдөр орж ирсэн шигээ буцаад гараад явчихаж.

Үлдсэн цөөхөн хэд нь хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээ багасгаж, зарим нь бүр ор тас зогсоожээ. Зөвхөн гадны хөрөнгө оруулагчид гэлтгүй дотоодын томоохон хөрөнгө оруулагчид ч их бага хэмжээгээр тухайлсан салбаруудаас хөрөнгөө татаж авсан болон түр зогсоосон байдалтай байгаа тухай өмнөх “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн оролцогчид онцолж байсан билээ.

Ийнхүү хөрөнгө оруулалтын хувь хэмжээ багассаны үр дүнд ам.долларын ханш чангаран эсрэгээрээ төгрөгийн ханш шалдаа бууж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах нөхцөл бүрэлдсэн гэж хэлж болно. Энэ нь жирийн иргэдийн толгой дээр лантуу буух шиг хүндээр тусч байгаа талаар өдөр бүхэн мэдээллийн хэрэгслүүдээр ярьж бас бичиж байгаагаас харж болох юм.

Үүнээс үндэслэн УИХ, Засгийн газар “түргэн авч” ямар нэгэн арга зам шуурхай эрэлхийлэх зайлшгүй шаардлагатай болсон нь хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн төсөл.

Өнгөрөгч долоо хоногийн “Гурамсан холбоо” нэвтүүлгийн оролцогчид ч бас гадаадын хөрөнгө оруулалт саарсан шалтгааныг манайд хэрэгжиж байгаа энэ мэт чухал хуулиуд хэт тогтворгүй байдагтай холбон тайлбарлаж байв. Гадны хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа эрчтэйхэн эргэлтэнд оруулъя гэвэл юун түрүүнд хууль эрх зүйгээ боловсронгуй, тогтвортой болгох шаардлагатай аж.

Тэгж чадаж гэмээнэ одоо байгаа боломж дээрээ тулгуурлан Монгол Улс Азийн бар орнуудын нэг болж, нийслэл Улаанбаатар хот маань ч жинхэнээсээ Азийн цагаан дагина болон хөгжих боломж харагдаж байна.

Энэ тухай УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ярихдаа “Хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх шинэ хуулийн хэлэлцүүлэгүүдийг эрчимтэй явуулж байгаа нь гадаад орчинд монголчууд алдаагаа засахын тулд ажилладаг юм байна гэсэн сайн үзүүлэлт болж байна. Үүнтэй уялдаад гадныхны манайханд итгэх итгэл сэргэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь “Чингис бонд”-ын хүү огцом өсч байснаа буурч эхэлж байгаа зэргээс харагдаж байна. Тэгэхээр гадныхан монголчуудад бүрмөсөн итгэхээ больчихсон юм биш гэдэг нь эндээс харагдаж байгаа юм” гэлээ.

Мөн бид гаргасан хуулиа тогтвортой мөрдөх механизмуудыг амьдралд нэвтрүүлэх хэрэгтэйг онцолсон.

Харин “Голомт” банкны дэд захирал Д.Чингүүний харж байгаагаар манай дотоодын зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгөн дүн 16 их наядын хэмжээнд аль хэдийнэ хүрчээ. Энэ нь 10 жилийн өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 10-20 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй харагдаж байгаа юм байна.

Ийм хэмжээний мөнгөтэй болсон үндсэн шалтгаан нь уул уурхайн салбарт хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалт.

Манай экспортын хэмжээ 2000 онд нэг тэрбум ам.долларт ч хүрдэггүй байсан бол энэ жилийн тухайд таван тэрбум ам.долларт хүрчээ.

Үр дүнд Засгийн газар, Монголбанктай хамтраад тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бололцоотой болсон байна.

Арваад жилийн өмнө орон сууцны зээл бараг олддоггүй шахам байсан бол өдгөө найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэн. Энэ бүхэнд үндэслэн Д.Чингүүний хэлж буйгаар ирэх жил гэхэд хоёр их наяд төгрөгийн хүрээнд ойролцоогоор зуун мянган айл, өрхийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах бололцоо харагдаж байгаа юм байна.

Энэ нь үндсэндээ Засгийн газрын олон улсын зах зээл дээр гаргасан бонд, түүнээс бий болгосон санхүүжилтийн дэмжлэгээр бий болж байгаа тухай тэрээр дурдаад эдийн засгаа хөгжүүлэх эх сурвалж нь өнөөдрийн нөхцөлд үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалт болчихоод байна гэсэн юм.

Гадны хөрөнгө оруулагчид монголд итгэх итгэл нь хэдий чинээ нэмэгдэх тусам тэр чинээгээрээ уул уурхай гэлтгүй бизнесийн бусад салбаруудад хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тухай ярьсан нь сайшаалтай сонсогдож байв.

Их хурал дээр хэлэлцэгдэж байсан хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа. Энэ бол эдийн засгаа гацаанаас гаргах нэг төрлийн мэргэн ухаан төдийгүй томоохон дэвшил юм. Ингэснээр одоо зогсчихоод байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх боломж бололцоо бүрэн нээгдэж байна гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, тэдгээр төсөл хөтөлбөрүүд хэдий түргэн хугацаанд дахин сэргэж хөдөлгөөнд орно тэр чинээгээрээ манай эдийн засагт эерэгээр нөлөөлж, бодит өгөөжөө өгч эхэлнэ хэмээн олон хүмүүс итгэл тавин харж байгаа. Гагцхүү одоо Б.Гарамгайбаатар гишүүний хэлсэнчлэн гаргасан хуулиа тогтвортой мөрдөх механизмуудыг амьдралд нэвтрүүлэх нь л юу юунаас илүү бидэнд хэрэгтэй байна.

Р.Улам-Оргих

Эх Сурвалж: time.mn

10-р сар 08, 2013