Бизнесийн орчин

12-р сар 12, 2013
12-р сар 05, 2013
11-р сар 28, 2013
11-р сар 26, 2013
11-р сар 20, 2013

Т.НАРАН: НҮҮРСНИЙ САЛБАРТ ДОТООДДОО ӨРСӨЛДВӨЛ БИД ДУУСНА

Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед эрх баригчдын анхаарал хандуулах гол салбарын нэг нь нүүрс болоод байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын үр дүнд БНХАУ 20 жилийн хугацаанд жил бүр 50 сая тонн нүүрс Монголоос импортлохоор болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын эдийн засагт гол нөлөө үзүүлэгч нүүрсний зах зээл тойрсон асуудлаар “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай ярилцлаа.

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна. Мэргэжлийн байгууллагуудын санаа бодлыг тусгах зайлшгүй шаардлагатай энэ бодлогын баримтад нүүрсний салбарынхны санаа оноог хэр сонсож байна вэ?

-Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхийн өмнө Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг өөрчлөх шаардлагатай гэсэн саналыг Ерөнхийлөгч гаргаж, УИХ-д Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэргэжлийн хүмүүсийн саналыг бичгээр аваад өнгөрөх биш олон удаа уулзалт зохион байгуулж санаа бодлыг нь биечлэн сонсож, нэлээд сайн ажиллаж байгаа. Өмнө нь баахан санал авчихаад нэгийг нь ч тусгадаггүй өнгөрдөг байсан. Тиймээс бидний хүссэн хэмжээнд биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд тусгах болов уу. Бодлогын баримт бичгийн хувьд маш том хүрээг хамарсан. Ерөнхий заалтуудаа хамааруулахын зэрэгцээ дотор нь нүүрсний, зэсийн, жоншны гээд дэд хөтөлбөрүүд гаргана.

-Энэ жил 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч энэ хэмжээнд гаргаж чадахгүй нь тодорхой болчихлоо. Үүнийг юутай холбоотой гэж Та үзэж байна?

-Манай Засгийн газар 2013 онд 30 сая тонн нүүрс экспортолно, нэг тонн нүүрсээ 100 орчим ам.доллараар борлуулна гэж төлөвлөсөн. Гэвч энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хангалттай ажиллаж чадаагүй учраас орлого тасарсан. Үүнийг дагаад хөгжлийн төлөвлөгөө ч тасарсан. Гадаад зах зээл ч төлөвлөгөө хийж байх үеийнхээс өөрчлөгдөж, БНХАУын зах зээлд огцом өөрчлөлтүүд гарсан. Урд хөршид хэрэглээ буураагүй, үнэ л буурсан. Нүүрсний зах зээлд нийлүүлэгчдийн тоо нэмэгдсэн төдийгүй, өмнө нь нийлүүлж байсан орнуудын нийлүүлэлтийн хэмжээ ч өссөн. Хямд үнийн өрсөлдөөн асар хүчтэй болж байна. Бид үнийн өрсөлдөөнөөс шахагдаж байна. Үүн дээр манай бизнесийн хурд маш муу байна. Хүмүүс 2015, 2016 оноос нүүрсний үнэ өсөж, 2010, 2011 оных шигээ эргээд их хэмжээний ашиг олох болов уу гэж асуудаг. Тэр цаг өнгөрсөн, дахиж тийм боломж ирэхгүй.

2010 оны үед байдал ямар байсныг сануулья. БНХАУ-ын зах зээлд нүүрс нийлүүлдэг топ орон нь Австрали байлаа. Гэтэл Австралид үер болсноос Хятадын зах зээл хомсдолд орсон юм шүү дээ. 2010-2011 онд Монгол Улс олон улсын нүүрсний зах зээлд айдас төрүүлж байсан нь үнэн. Энэ жижиг орон ийм том тоглогч болж байхад бид яагаад болохгүй гэж гээд л Оросын хэвлэлүүд бичиж байсан. Тэр үед БНХАУ-ын эрэлт хэрэгцээ өндөр, гангийн үйлдвэрлэл их хүчтэй, түүхий эдийн эргэлт ч их хурдтай байж. Тэр үед л зах зээлээсээ шахагдаж гарахааргүй нөхцөл бүрдүүлэх байсан юм. Төмөр замаа тавьчихсан байсан бол өдийд бид ийм байдалд орохгүй байх боломжтой байв. Одоо бол Орос, Африк гээд олон орон БНХАУ руу нүүрс экспортолж эхэлсэн төдийгүй хэдийнэ дэд бүтцээ байгуулчихсан. Харамсалтай нь эдгээр орон сураггүй байх үед бид БНХАУ-ын гол нийлүүлэгч байсан атлаа өнөөдөр хол хаягдчихлаа л даа. Амжилт олъё гэж байгаа бол өрсөлдөх чадвараа л нэмэгдүүлэх ёстой юм.

-Манай нүүрсний салбарыг БНХАУ-д ажиллахад амархан, хэдхэн км давхиж очоод л нүүрсээ зараад бөөн мөнгө аваад ирдэг гэж ойлгох хүмүүс бий. Ер нь нүүрс тийм амар хялбар зах зээлтэй салбар уу?

-Хятад бол асар хүнд зах зээлтэй. Хурал зөвлөлгөөн дээр гаднынхан гайхдаг юм. Олон улсын зах зээл дээр ажиллах ямар ч дадлага туршлагагүй атлаа энэ том зах зээл рүү яаж орж чадав аа гэж. Тэр дундаа нүүрсний салбарынхан маань 100 жилийн түүх, туршлагатай Австралитай өрсөлдсөн. Монгол хүн Хятадын зах зээл рүү орж, мөнгө олж ирнэ гэдэг нэр төрийн хэрэг. Маш их хурд, овсгоо шаарддаг. 2008-2012 онд Монгол амжилттай байсан. Гэтэл 2012 онд, ганцхан сарын дотор нүүрсний зах зээл дээрх үнийн уналт бараг гурав дахин явагдсан. Ийм үед ямар ч улс орон юу болов, ямар арга хэмжээ авах вэ гээд бодлогын шийдвэр гаргадаг. Гэтэл манай төр, засаг тоогоогүй, ямар ч арга хэмжээ аваагүй. МАК, “Энержи Ресурс” компани яг энэ хүнд хэцүү үед зах зээлд хэрхэн ажиллах вэ гэж хамаг боломж, бололцоогоо шавхсан. Зардлаа бууруулах, ээлжийн зохицуулалт хийх, түншүүдтэйгээ олон удаагийн хэлэлцээ хийх гээд олон талаас нь зүтгэсэн. Ер нь бол энэ хоёр компани төмөр замгүйгээр олон улсын зах зээлд нүүрс гаргана гэж байхгүйг хэдэн жилийн өмнөөс хараад, төслөө бэлэн болгоод, зөвшөөрлөө авчихсан байсан юм. Гэтэл гэнэт л зогсоосон. Олон улсын зах зээл дээр тоглогч болохын тулд тухайн улсын Засгийн газар бодлогын чанартай томоохон арга хэмжээ авах ёстой. Түүнээс биш нэг, хоёр аж ахуйн нэгж яаж ч зүтгээд нэмэргүй. Харин Засгийн газар нь бүх боломж, бололцоогоо дайчилж буй хувийн хэвшлийнхэндээ тусалдаг байх ёстойгоос биш, түлхэж болохгүй.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлах үеэрээ жилд 50 сая тонн нүүрс экспортлох санамж бичиг үзэглэсэн нь их таатай, гэрэл гэгээтэй сонсогдож байлаа. Гэтэл манайд 50 байтугай 30 сая тонн нүүрс нийлүүлэх боломж байхгүй хэмээн мэргэжлийнхэн үзэж байна. Таны бодлоор ийм боломж бий юү?

-Үнэхээр 20 жилийн хугацаанд нийтдээ нэг тэрбум тонн нүүрс экспортолчихдог бол түүн шиг сайхан мэдээ гэж хаана байхав. Салбарын бидний хувьд төдийгүй, малаа маллаад явж байгаа хүнд ч сайхан мэдээ. Гэвч одоо байгаа дэд бүтцээр энэ бол ямар ч боломжгүй тоо. Яагаад гэвэл бид нүүрс тээвэрлэх төмөр замгүй. Дээрээс нь боомтын нэвтрүүлэх хүчин чадал байхгүй. Манай нүүрсийг урд хөрш рүү гаргаж байгаа хоёр боомт бий. Гэтэл энэ нь бол орон нутгийн боомт. Өвөрмонголын Баяннуур аймгийн Эзнээ хошууны мэдлийн боомт. “Нүүрсний үнийг буулга” гээд Ганц модны боомтыг Сэхэ хошууны дарга нар хаачихаж байсан удаа ч бий. Байнгын ажиллагаатай олон улсын боомттой, олон улсын төмөр замын стандарттай байхгүй бол энэ мөрөөдөл биелэхг үй. Энгийнээр хэлэхэд, нэг литрийн саванд нэг л литр багтана шүү дээ.

-Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”- н үйл ажиллагаа харьцангуй сэргэлээ гэсэн таатай мэдээлэл гарч буй. Нүүрсний салбар дахь төрийн мэдлийн ганц том аж ахуйн нэгжийн маань үйл ажиллагаа өнөөдөр хэр байгаа гэж Та үнэлэх вэ?

-“Нүүрсний компаниуд говийн хөрсийг орвонгоор нь эргүүлж байна, амьдрах нөхцөлгүй боллоо” гэж байгаль орчны иргэний хөдөлгөөн, төрийн албаны дарга, цэрэг нар очиж замыг нь хааж байсан. Бас нүүрс ачиж буулгах Цагаан хадны талбайг “тамын газар” хэмээн сүйд болж байлаа. Миний мэдэхийн “Энержи Ресурс” энэ үед ганцаараа өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам тавьж, түүгээрээ тээвэрлэлт хийж байсан. Уг нь тухайн үед нүүрсний компаниуд “Цагаан хадыг болиулж өгөөч ээ. 200 км давхиж очоод нүүрсээ дахин буулгаж, ачаад 30 км зөөж байна. Энэ нь зардал өсөхөд нөлөөлөөд байна” гэж олон удаа хэлж байлаа. Одоо ч байдал хэвээрээ. Уурхай дээрээ гаалийн бүрд үүлэлт хийх хүсэлт тавьсан ч олон жил хэрэгжээгүй. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн чинь “Winsway” компанийн 100 тоннын даацтай машинууд шороон замаар тээвэрлэлт хийж, тэр байтугай уурхай дээрээ гүнийн гаалийн бүрдүүлэлт хийгээд Цагаан хадаар дамжилгүй шууд хил рүү нүүрсээ зөөж байна. Хувийн хэвшлийн компаниуд өчнөөн жил ийм боломж олгохыг хүсэж, санал тавиад шийдүүлж чадаагүй асуудлыг төрийн компанид болохоор шууд шийдээд өглөө. Хувийн компаниуд тээвэрлэлтээ шороон замаар хийлээ гээд дээр дооргүй шүүмжилж, зам хаагдсан. Гэтэл өнөөдөр төрийн мэдлийн компанийн 100 тоннын даацтай машинууд говийн хөрсөн дээгүүр давхихад яадаг ч үгүй болж байна уу. Хууль хүн бүрт адилхан үйлчилдэг байх ёстой. Нүүрсний компаниуд өдөртөө орж гардаг хятад жолооч нарыг ажиллах хүч болгон оруулж ирсний төлбөр хураамж гэж их хэмжээний татвар төлдөг. Үүнийг болиулж өгөөчээ гэж төрөөс хүсээд дийлээгүй. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”- н нүүрсийг тээвэрлэдэг хятад жолооч нарт энэ татвар огт үйлчилдэгг үй. Ийм шударга бус, ялгавартай хандлага нүдэн дээр илт үйлчилж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компани шороон замаар тээвэр хийж байгаа гэсэн үг үү. Нүүрс тээвэрлэх автозамыг төрийн мэдэлд авсан биш бил үү?

-Тийм.Баруун Цанхиас олборлосон нүүрс тээвэрлэж байгаа компани хатуу хучилттай автозамын төлбөрөөс зугтаж байна л гэж ойлгож болно. Анх нүүрсний экспорт шороон замаар яаж манаруулж эхэлж байсан билээ, яг тэр үе рүүгээ буцаад орчихсон. Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд, Монголын нүүрс экспортлогч компаниуд хоорондоо өрсөлдмөөргүй байна. Хилээсээ гарч чадахгүй хоорондоо өрсөлдөх юм бол бид энэ зах зээлд дуусна. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой”. Манай хувийн хэвшлийнхэн зах зээлийнхээ талаар тойрч суугаад ярьж хэлэлцдэг, ойлголцдог. Гэтэл төрийн мэдлийн компани Засгийн газраас ямар үүрэг даалгавар өгнө, тэр зарчмаар л ажиллаж байна. Төрийн компани хувийн компанитай хямд үнээр өрсөлдөх байдал руу орж байна. Худалдан авагчдад хямд л нүүрс хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой”- н нүүрсний үнэ Монголын хамгийн өндөр чанартай “Тавантолгой”-н ордоос гарч байгаа гэдэг утгаараа нүүрсний салбарын жишиг үнэ болох ёстой. Гэтэл Хятадын гүнд байгаа нүүрсний үнийг жишиг болгодог байдал нь манай салбарт улам бүр дарамт болж байгаа.

-Овор хэмжээ ихтэй нүүрсийг хил гаалиар гаргахад манай хил гааль, боомтын хүчин чадал, ажилчдын ажиллах нөхцөл хэр хангалттай байдаг бол?

-Манай нүүрсний компаниуд хил гааль, мэргэжлийн хяналтын байцаагчдад амьдрах орон байр, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг бас нуруун дээрээ үүрдэг шүү дээ. Тэгэхгүй бол ажиллах орчин нөхцөл нь бүрдээгүй гээд ажлын цаг нь эрт дуусчих жишээтэй. Төр бол “та нар өөрсдөө хий л” гэдэг... Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. БНХАУ-ын төрийн эрх баригчид Засгийн газрынхаа мэдлийн компаниудыг хязгаарлаад, эдийн засагт хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхээ зарлалаа. Анхаарал татахуйц шийдвэрүүд гаргаж байгаа нь цаанаа дэлхий нийтэд батлагдсан зах зээлийн зарчмыг дагаж байна л гэсэн үг. Зах зээлийн хууль гэдэг бол байгалийн хууль. Хэн зохицож чадсан нь сайхан амьдардаг хуультай юм. Эцэст нь хэлэхэд, би бодит байдлыг хэлж байгаагаас хэн нэгийг буруутгах гээгүй юм шүү.

Эх сурвалж: http://www.mongolnews.mn/i/47606