Санаачилга

4-р сар 14, 2014

​2014 онд эдийн засаг хэрхэхийг ярилцав

Манай улсын эдийн засгийн ДНБ-ий өсөлт 2011 онд 17.5 хувь, 2012 онд 12.4 хувиар өсөж байсан бол 2013 оны жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 11.7 хувийн өсөлттэй гарч байна. Эдийн засгийн өсөлт өмнөх онуудаас буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь нэгд, гадаадын хөрөнгө оруулалт буурсан хоёрт, гадаад худалдаа болон төсвийн алдагдал зэрэг нэмэгдснээс болсон байна.


Макро эдийн засгийн үзүүлэлтээр ирэх онд эдийн засгийн өсөлт 10 хувиас бага байх магадлал өндөр байгаа бөгөөд жилийн эхний хагас дуустал эдийн засаг сэргэх бодит боломж одоогоор харагдахгүй байгааг Хөрөнгө оруулалтын зөвлөх “UMC ALFA” компанийн шинжээчид хэлж байна.

Эдийн засагчид “Эдийн засгийн хурдац 2011 оноос хойш монгол улсын хувьд  саарч байна. 17,5 хувь байсан өсөлт 2013 онд 11,7 хувь болсон. 2014 онд эдийн засгийн өсөлт 9,5 хувьтай байх болов уу гэж харж байна. Энэ нь Оюутолгойн баяжмалын үйлдвэрлэл уул уурхайн олборлолттой шууд холбоотой. 2015 онд эдийн засгийн тэлэх бодлогуудаа чангатгавал эдийн засагт уул уурхайгаас бусад салбарын өсөлт ажиглагдах болов уу гэж таамаглаж байна” хэмээж байна. Тиймээс 2014 онд төсөөлж байсан 17 хувьтай өсөлт талаар болох эрсдэл байгаа юм. 

Бид түүхий эдийн валюттай орон. Үүнтэй холбоотойгоор нүүрсний экспорт 2011 оноос хойш үнийн дүнгээрээ ихээхэн хэмжээгээр буурсан атлаа хэмжээ нь төдийлөн буураагүй. Үүнийг БНХАУ-ын эдийн засагт нийлүүлэгдэж буй нүүрсний зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгдэж байна гэж харж болно. Тус улсын экспортын хэмжээ өссөн атлаа, Монголоос нийлүүлсэн нь буурсан байдаг. Үүнээс үүдээд төсвийн орлого, уул уурхайн салбарт орж буй гадаадын хөрөнгө оруулалт удаашралтай буурсан үзүүлэлтүүд харагдаж байгаа юм.
4-р сар 14, 2014

​Өрхийн орлого зарлагаа давахгүй бол эдийн засгийн өсөлт ярихаас татгалзъя

Ирэх онд эдийн засаг хэрхэх тухай асуултуудыг хэвлэлийнхний зүгээс шинжээч, мэргэжилтнүүдээс түлхүү асууж байна. Гэхдээ манай улсын макро эдийн засагт тодорхой бус байдал их байдаг нь ул суурьтай судалгаа хийхэд хүндрэл учруулахыг үгүйсгэхгүй гэдэг. Өнгөрсөн жил бидний тавьсан зорилт ёсоор инфляци найман хувьтай байсан ч тэрхүү төсөөлөл рүү оны дунд хагаст багахан дөхөж очсоноо эргэн өссөн. Инфляци ийм тогтворгүй байгаа нь мөнгөний бодлогын арга хэрэгслээ анхаарах, хэт хатуу бодлого барихгүй байхыг зөгнөж байгаа хэрэг хэмээн Монголын Банкны холбооны мэргэжилтнүүд хэлж байна. 


Дэлхийн банкнаас жил бүрийн сүүлийн улиралд бидэнд ирэх онд хэрхэх тухай ёсчлон сануулга өгнө. Сүүлийн таван жил шахам тэд манай мөнгөний бодлого хатуу байх ёстой тухай сургаж ирснээс гадна гадаад зах зээл дээр бонд гаргах асуудлыг дэмжихгүй явж ирсэн. Парламент болон эдийн засгийн мэргэжлийн байгууллагууд Дэлхийн банкны сануулгаас эш татдаг ч тэр бүр үйл ажиллагаандаа тусгахаа больсон нь бид өөрсдөө эдийн засгийн бодлогын шийдвэр гаргах түвшинд харьцангуй туршлагажиж, чадваржиж буйг харуулж байгаа хэрэг болохыг Санхүүгийн зах зээлийн холбооны мэргэжилтнүүд онцолсон юм. 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эдийн засгийн бодлогын асуудлаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсдог “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн хэд хэдэн дугаараар мөн л эдийн засаг ирэх онд хэрхэх туай хөндсөн байна. Тухайлбал, эдийн засагч Ч.Хашчулуун, “Манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй төмөр зам, ТЭЦ-V, нефтийн төслүүд, хүнд аж үйлд¬вэрийн гэх зэрэг хэд хэдэн том төсөл бий. Эдгээр том бүтээн байгуулалт одоо бүрэн зураг төсөлгүй, бодитоор хэрэгжиж эхлээгүй, ирэх жил ч яаравчлан хэрэгжихгүй учраас эдийн засагт төдийлөн үр дүн гарахгүй болов уу” хэмээн эргэлзсэн бол  Оюутолгой төсөл ирэх онд тодорхой шийдэлтэйгээр тасралтгүй ажиллаж чадна гэдэгт итгэсэн, мөн түүний экпортын орлогыг тооцоолж өөдрөг төсөөлөлтэй суугаа эдийн засагч олон байна. 

Мөн нөгөө талаас эдийн засгийн тоон өсөлтийг эрс шүүмжилдэг санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн байр суурь тун чухал. Үнэхээр ДНБ-ий өсөлтөөр хэмжиж ирсэн эдийн засгийн өгөөж маань нэгж иргэн бүрт, нийгмийн гишүүд болгонд хамаатай эсэх нь асуудал аж. Жишээ нь, өнгөрсөн сард манай улсын нэгж өрийн сарын орлого 860 мянган төгрөг байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 орчим хувиар өсчээ. Гэтэл өрхийн сарын зарлага нь үүнээсээ давж 27 орчим хувиар өссөн байх жишээтэй. 

Зах зээлээ ерөнхий төлөвөөр нь харвал ирэх оны хавраас эдийн засаг сэргэх магадлал байгааг манай улсын банкны салбарын лидерүүд хэлж байна. Яагаад гэвэл, Самурай бондын зарцуулалт, уул уурхайн салбарын сэргэлт энэ үеэр эхлэх аж. Мөн Чалкагогийн өрийг дуусгах Засгийн газрын тэргүүний амлалт хэрэгжвэл нүүрсний экспортын орлого эдийн засагт орж ирэх гэхчлэн боломжууд бий гэнэ. Харин энэ бүхэн биднээс бүрэн дүүрэн шалтгаалахгүй учраас хүлээх л үлдэж байгаа юм.
4-р сар 14, 2014

Хөгжлийн урт хугацааны бодлого байхгүйгээс хүч тарамдаж байна уу

Улс орны хөгжил, нийтлэг эрх ашиг, бизнес ба төрийн харилцан уялдаатай ажиллагаа, бодлого энэ бүхний талаар талуудын байр суурийг сонсдог “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн ээлжит дугаар өнгөрсөн долоо хоногт цацагдлаа. 


МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат, Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаа, “NextGen” хөдөлгөөний тэргүүн Б.Дөлгөөн, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн орлогч дарга Б.Сайнбаяр нар энэ удаагийн дугаарт оролцсон бөгөөд ирэх жилийн эдийн засгийн төлөв байдлын тухай нэвтрүүлгийн эхний хэсэгт ярилцав. 

Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 17 хувиар тооцсон ерөнхий төсөөллөөс гадна, Дэлхийн банк, бусад санхүүгийн байгууллагуудын таамагласан 10-12.5 хувийн өсөлт өнөөдрийн түвшнээс харахад хэр бодитой вэ гэдэгт оролцогчид эргэлзсэн хариулт хэлж байна. 

Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн орлогч дарга Б.Сайнбаяр, “Ирэх онд хоёр том төсөөлөл байна. Байгаа байдлаар нь буюу эдийн засгаа улстөрчиддөө найдаад орхивол 10 хувь байна гэж харж байгаа. Хэрэв дотоодын нөөц бололцоог нэлээд ашиглаад, жишээ нь Оюутолгойгоос үл хамаарах байдлыг авч үзвэл эдийн засаг 17 хувь хүртэл өсөхийг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн яриад байгаа тэр ухаалаг төрийн асуудал, улс төрийн тогтвортой байдлын талаарх байр сууриуд ч энд хамаатай” хэмээсэн юм.  Түүнийхээр дотоодын нөөц бололцоог ашиглах, улс төр эдийн засгийн харилцан уялдаатай ажиллагааны төлөвшил манай улсын хөгжлийн бодлогын гол асуудлын нэг болох бололтой. 

Харин МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат, “Манай улсын эдийн засгийн нэрлэсэн өсөлт, худалдааны түншүүдийн өсөлтийнхөөс даваад явчихаар манай төгрөг сулардаг. Макро эдийн засаг хэр зөв зохистой явж байна вэ. Өнөөдөр инфляци 12 хувьтай байна.Зорилт найман хувьтай байсан. Ирэх жил хэрхэхийг одоо тааж хэлэх нь учир дутагдалтай. Магадгүй макро эдийн засагт тодорхой бус байдал их байгаа нь ул суурьтай судалгаа хийхэд хүндрэл учруулж байхыг үгүйсгэхгүй” гэлээ. 

Санхүүгийн зах зээлийн холбооны бие даасан шинжээчид энэ салбарын индикаторуудад үндэслэж тогтмол судалгаа явуулдаг. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаа, “Санхүүгийн зах зээлийн холбооны харж буйгаар ирэх онд эдийн засаг 10 хувь болох байх. Гэхдээ төсөөллөөс өөр үр дүн гарахыг үгүйсгэхгүй. Эдийн засгийн тогтвортой өсөлт, таамаглаж, тооцоолоход дөхөмтэй бодит байдлыг бий болгохын тулд бид хөгжлийн бодлогын тал дээрээ нэг ойлголтод хүрэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Ингэвэл бид хүч тарамдахгүй. Миний харж байгаар хөгжлийн томъёогоо тодорхойлчихвол гурван төрлийн шилжилт хийж болно. Нэгдүгээрт, уул уурхайгаас бусад эдийн засаг руу шилжих шилжилт. Хоёрдугаарт, баялгийн төвлөрөл яваад байна. Өсөлтийг яаж хүн бүрийн амьдралд хүртээх тухай нэгдсэн бодлогод анхаарах, гуравдугаарт одоогоос ирээдүй рүү яаж шилжүүлэх вэ гэдэг асуудал. Одоо олж авсан ололтоо хэрхэн ирээдүйд алдагдсан боломж болгож орхихгүй байх тухай ажиллах хэрэгтэй” хэмээв. 

Ирэх оны эдийн засгийн төлөв байдлын талаар “NextGen” хөдөлгөөний тэргүүн Б.Дөлгөөн, “Дэлхийн банкнаас энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 12.5, ирэх жил 10 хувь өснө гэсэн таамаг гаргасан байна. Гэхдээ энэ өсөлт, ДНБ-ий хэмжээний тухай тоонд дулдуйдсан яриа хэр чухал вэ гэдэг нь эргэлзээтэй. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар нэгж өрхийн сарын мөнгөн орлого 860 мянган төгрөг. Өмнөх жилийнхтэй харьцуулахад 14.7 хувиар өссөн байна. Гэтэл зарлага 26.7 хувиар өссөн. Энэ юунаас болов гэхээр бид хэрэглээнийхээ 60 гаруй хувийг импортоор авдаг. Тэгэхээр ам.долларын ханшын хэлбэлзэл эдийн засагт маань ямар их нөлөөтэй байгаа нь харагдаж байна. Магадгүй энэ жил бид үнэ тогтворжуулах хөтөлбөрт 2.9 их наяд төгрөгийг эдийн засаг руу нийлүүлээгүй бол энэ онд манай эдийн засаг хасах өсөлттэй гарах байсан” хэмээв. Түүний ярьснаар өнөөдөр манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банк, нийт зээлийн 40 хувь нь ам.доллараар гарч байна. Гэтэл ханшийн зөрүүний эрсдлээс хамгаалах даатгалын бүтээгдэхүүн байхгүй. Нэг талаас харахад эдийн засаг өсөөд байдаг. Гэтэл ам.долларын ханш, бусад хүчин зүйлээс болж тоон өсөлтөөс өөр зүйлгүй эдийн засагтай улс болох вий гэсэн болгоомжлол төрж байгаа тухайгаа хуваалцсан юм.

4-р сар 14, 2014

​Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагыг ярилцав

Эдийн засагч Д.Ганболд, Гурамсан холбоо нэвтрүүлгийн үеэр, "Бид эдийн засгийн олон шилжилтийн үеийг давж туулаад өдийг хүрсэн. Социалист эдийн засгийн сууриар нэг хэсэг явсан. Монгол Улс 1990 оноос хойш шилжилтийн эдийн засгийг дайрч өнгөрсөн. Одоо ч гэсэн тэр үед хүсэж тэмүүлж байсан нийгмийн байгуулалтдаа хүрч чадаагүй учраас эдийн засгийн шилжилтийн үе дуусаагүй" гэв. 


Оролцогчдын нэг УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, “Төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлогын хэрэгжилт үр дүн муутай, төрийн оролцоо хэт их, хүнд суртал, шат дамжлага, орон тоо их байгаа нь бизнесийнхэнд ихээхэн дарамт болж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлмээр байна. УИХ-аас батлан гаргах хуулиудад хувийн хэвшил, бизнесийнхний дуу хоолой, санал бодлыг тусгах хэрэгтэй. Төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнд бизнес эрхлэгч, татвар төлөгчид маань сэтгэл дундуур байгаагаа компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган “CEO SAMMIT -2013” арга хэмжээний үеэр ярьж байна. Иймээс шийдвэр гаргагч бид энэ асуудалд онцгой анхаарлаа хандуулах шаардлагатай юм байна. Бизнес дэх төрийн оролцоо нь эдийн засгийн хүндрэлийг үүсгэж байгаад анхаарах ёстой.” хэмээсэн юм.

Түүнчлэн Төр, засгийн бодлогын алдаанаас болж хөдөөд хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж ч ховордсон тухай асуудлыг нэвтрүүлгийн оролцогчид хэлж байв. Санхүүгийн эрсдэл, дэд бүтцийн сул дорой байдал, зах зээлээс алслагдсан байдал гээд тулгамдсан олон бэрхшээлийг хөдөөд чиглэсэн төрийн оновчтой бодлогоор л засч чадах аж.  

Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлж, эрчимжүүлэх, төв суурин газрын дэргэд суурин фермерийн аж ахуй хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, дэлхийн зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гаргах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.
 
Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 2,2 мянган аж ахуйн нэгж байгууллагын 33,9 хувь нь бүтээгдэхүүнээ 100 ба түүнээс дээш км хол зам туулж зах зээлд гаргадаг гэсэн судалгаа ч бий аж.
4-р сар 14, 2014

Ц.Оюунгэрэл: Соёлын салбарын зах зээл маш эмзэг

Соёлын асуудлаар Гурамсан холбоо нэвтрүүлэгт оролцогчид энэ удаад ярилцлаа. Энэ салбарт нийт 3800 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн зөв бодлого, мөн эрхзүйн томоохон шинэчлэл хэрэгтэй байгаа тухай сайд нэвтрүүлгийн эхэнд онцолсон юм. 


Нэвтрүүлгийн оролцогч “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор, “Өнөөдөр соёлын салбарыг зөвхөн урлагтай холбож хараад байдаг тал бий. Өргөн хүрээгээр нь харахад тийм биш гэдэг нь илэрхий. Гэтэл салбараа бүхлээр нь харахаар аль ч түвшиндээ хангалтгүй. Өнөөдөр бүх музей хангалтгүй түвшинд ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарт ажилладаг хүний хувьд үүнийг алхам тутамдаа мэдэрдэг. Ер нь бол энэ салбарт аялал жуулчлал л мөнгө оруулж ирж байна. Гэтэл гуравхан сард олсон орлого маань эргээд татварын дарамтанд ордог нь үнэн. Сайдтай нүүр тулж нэвтрүүлэгт орж байгаагийн хувьд үүнийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Сүүлийн 5-6 жил манай “Цэрэн Турс” компани соёл урлагийн олон арга хэмжээг ивээн тэтгэлээ. Өнгөрсөн жил л гэхэд 18 сая төгрөгийг соёл, урлагт зориулсан. Ийм нөхцөлд хэдхэн тур оператор компанидаа татварын хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг ярих хэрэгтэй гэж бодож байна” хэмээсэн юм.

Сайд хариуд нь, “Татварын асуудал миний эрх хүрээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ эрхзүйн үүднээс шийдэх боломжтой. Соёлын өвийн тухай хуулиа бид шинэчлэхээр ажиллаж байна. Ер нь бол эдийн засгийн хувьд нээлттэй бодлого явуулахгүй бол соёл ч тэр спорт ч тэр хүнд байгаа. Одоо жишээ нь, бооцоот тоглоом, спортын санхүүжилтийн асуудлыг хийхгүй бол салбар хөгжихгүй байна. Соёлын тухайд ганц жишээ хэлэхд Чойжин ламын сүм музей үзэж буй хүмүүстээ зориулж Дарь-Эхийн зураг тавиад календар хийхээр Эрүүгийн цагдаагийнхан хураагаад авчихдаг. Уг нь аль ч музей энэ мэт орлоготой ажиллах ёстой шүү дээ. Тийм учраас Иргэний хууль болон Соёлын өвийн тухай хуульд яаралтай шинэчлэл хэрэгтэй байгаа юм” гэлээ.

Гэхдээ соёлын салбарын зах зээл эмзэг учраас төр зөв зүйтэй үр өгөөжтэй байх алхам хийх нь чухал байдаг аж. Энэ салбарын бизнес хялбархан нээгдчихдэггүй. Жишээ нь нэг театр байгууллаа гэхэд түүний байршил, мэргэжлийн урлагийнхны ажиллагаа, тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах гэх мэтчлэн олон эрш ашгийн уулзвар нэгдэж ирдэг. 

Энэ тухайд кино найруулагч С.Бямба, “Олон жил бид соёлыг дайвар зүйл гэж бодож иржээ. Нэгэнтээ л хүн байж байж соёл байх учиртай учраас хувьсаж өөрчлөгдөх зүйл байнга гарах нь ойлгомжтой. Тэр хувьслаас хоцролгүй явах нь чухал” хэмээв. Оролцогчид соёлын хөгжлийн жишиг тогтолцоог олон улсад харьцуулахад манай улс дор хаяж 20 жилээр хоцорч яваа тал бий гэдэгт санал нэгдэж байлаа.