“Номин-Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан

Шагдарсүрэн овогтой Баярсайхан нь 1992 онд “Номин-5” ХЭАА-г гэр бүлийн гишүүдийн хамтаар үүсгэн байгуулж, электрон барааны худалдаагаар бизнесийн гараагаа эхлүүлжээ.

Худалдаа бизнесийн үйл ажиллагаа нь шаргуу хөдөлмөр, эв нэгдлийн ачаар өргөжин тэлж, 1996 онд “Номин Трейд” компани болон хөгжиж, өөртөө үйлчлэх супермаркетын анхны дэлгүүрийг бий болгон цаашид өнөөгийн 30 орчим салбартай Үндэсний сүлжээ дэлгүүрийн эхлэлийг тавьсан билээ. Тухайн үед санхүүгийн хямралд өртөөд байсан “Эрдэнэт хивс” үйлдвэр болон Улсын их дэлгүүрийг хувьчлан авч үйл ажиллагааг нь сэргээн хөгжүүлсэн бөгөөд эдүгээр дээрх компаниуд Монгол улсын үйлдвэрлэл худалдааны салбартаа тэргүүлэх байр суурийг эзлэж байна.

2002 онд “Номин Холдинг” ХХК болон өргөжүүлж, эдүгээ 4500 гаруй ажилтан албан хаагчидтай үйлдвэрлэл, худалдаа үйчилгээ, барилга, санхүү, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 10,000 гаруй харилцагч түншүүдтэй, жилдээ 40 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөгч Үндэсний шилдэг компани болгон хөгжүүлжээ.