Монголын хөгжлийн “хөдөлгүүр” бол хувийн хэвшил

ХХДҮЗ-өөс зарлаж буй уралдаанд оролцогч Г.Батзориг

Монголын хөгжлийг хэн авч явах вэ. Зарим хүний хувьд төрөөс хэрэгжүүлж буй уул уурхайн салбар дахь томоохон төсөл хөтөлбөр, гэрээ хэлцлүүд Монголын хөгжлийг авч явна хэмээн төсөөлж байж болох юм. Энэ нь үнэний ортой ч эцсийн дүндээ улс орон урт хугацаанд тогтвортой хөгжихөд хувийн хэвшлээс бүх зүйл шалтгаална. Тиймээс хувийн хэвшлийг өнөөгийн Монголын хөгжлийн төлөө “хуруу хумсаа хугалж”, түмэн бэрхшээлийг туулж яваа хэмээн үнэлэх нь зүйн хэрэг юм. Бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайд хамаг итгэл найдвараа тавьж ирсэн. Одоо ч энэ хандлага хэвээр байна. Гэхдээ нэг салбараас хэт хамааралтай энэ байдал ирээдүйд биднийг унагах том нүх болж байгааг үгүйсгэх учиргүй. Учир нь хямралын давтамж ойр ойрхон болж байна. Дэлхийн улс орнуудыг дайрсан 2008-2009 оны хямралыг бид мэдрэхгүй мэт төсөөлж, зарим хариуцлагатай албан тушаалтан “Монгол шиг жижиг эдийн засагтай оронд нөлөөлөхгүй” хэмээж байсан. Гэвч тухайн он жилүүдэд багагүй хүндрэлийг даван туулж, одоо ч байдал сайнгүй хэвээр байгаа билээ. Тиймээс урт хугацаанд баялагийг бүтээж, нөхөн сэргэж байдаг баялаг руу яаралтай орох хэрэгтэй байна. Үүнд хүрэх “хөдөлгүүр” нь хувийн хэвшил гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Чөлөөт зах зээл гээд хаях уу

Манай улсад нөөц баялаг бий ч Засгийн газрын бодлогын уялдаа, залгамж халаа байхгүй байгаа нь хамгийн том алдаа хэмээн дүгнэвэл хэлсдэхгүй болов уу. Тиймээс төрөөс эрхзүйн тогтвортой орчин бий болгох, хувийн хэвшлийн бизнесийг булааж хийх бус зохицуулалтын үүрэг хүлээх гэсэн хоёр үндсэн зарчмыг баялаг бүтээгчид хүсдэг. Саяхан болсон Эдийн засгийн форумын үеэр танилцуулсан судалгаанд бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь төр засгаас тогтвортой байдал хүсч байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурсан. Гадныхан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдэхийг анхааралтай харж байна, хэрэв амжилттай шийдэгдвэл гадны хөрөнгө оруулалт дагаад нэмэгдэнэ гэсэн ярианаас дээрх хандлагыг харж болно. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин тогтвортой байх эсэхэд гадны хөрөнгө оруулагчид одоо ч эргэлзсээр байгаа юм. Ийм байдал нь хувийн хэвшлийн хөгжилд шууд нөлөөлж байна. Дөрвөн жилийн өмнө гаргасан шийдвэр өнөөдөр хүчингүй болох, хөрөнгө оруулагчтай нь гэрээгээ цуцлах асуудал хөндөгдөж байна. Үүнээс хамаарч Монголын нэр хүнд олон улсад унаж буй юм. Хамгийн ойрын жишээ гэвэл манай улсаас олон сая ам.долларын нүүрс импортлохоор гэрээ байгуулж байсан “Чалко” компани Орос улсад болсон томоохон чуулган дээр Монгол Улс анх ярьснаасаа эргэж буцдаг хэмээх шүүмжилсэн. Үүгээр “Чалко”-тай байгуулсан гэрээг эргэж харсан нь буруу гэж хэлэх гээгүй, харин тогтворгүй байдал Монголын олон улс дахь нэр хүндийг ингэж унагаж буй тухай жишээ болгож оруулсаныг анхаараарай. Тиймээс эрхзүйн орчин ямар байх нь хамаагүй. Гол нь тогтвортой байснаар компаниудад урт хугацаанд эрсдэлээ тооцох боломжийг олгодог.

Нөгөө талаас залгамж халаа муу байгаа нь эдийн засгийг урт хугацаанд төлөвлөн хөгжүүлэхэд бэрхшээл авчирч байна. Хэдхэн жилийн өмнө уул уурхайн бүтээгдэхүүний ханш өндөр мэт байхаар төсөөлж эдийн засагт том өсөлт авчирна хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл бодит байдал дээр хямралаас үүдэлтэйгээр тухайн төсөөлөл өөрчлөгдөж байна. Мөн 2-3 жилийн өмнө нүүрсний экспорт эрс өсч, зэсийн орлогыг давж байв. Тухайн үед Монгол Улс нүүрсэн дээр суурилж хөгжинө хэмээж байлаа. Харамсалтай нь өнөөдөр нүүрсний ханш эрс унаж, “Эрдэнэс Тавантолгой” компани хямдаар экспортолж байна. Уг нь манай гол худалдан авагч Хятадын нүүрсний импорт өссөн дүнтэй байгаа юм. Гэвч уг зах зээлийг нь гол тоглогч Австралиас гадна Орос, Индонез, Мозамбик зэрэг шинэ тоглогчид эзэлсэн төдийгүй Хойд Америк, Африкаас нүүрсний  нийлүүлэлт нэмэгдсэн байна.  Энэ нь алсыг харсан нэгдсэн бодлого, төлөвлөлт үгүйлэгдэж буйн жишээ юм.

Дараагийн асуудал нь төр зохицуулагчийн үүрэг хүлээх үү, эсвэл оролцогч байх уу гэсэн асуудал юм. Дөрвөн замын уулзвар дээрх дохиур барьсан цагдаагаар төрийг төлөөлбөл дохио хүлээн эгнэн зогсох автомашинууд дунд төрийн “жолоодлоготой” олон “тэрэг” байна. Ингээд ирэхээр л зарим машиныг улаан гэрлээр гаргах зэргээр төр зохицуулагчаас гадна оролцогч болон хувирч байгаа юм. Тиймээс хувийн хэвшлийнхэн төрийг бизнесийн үйл ажиллагаанд оролцох бус харин зохицуулагчийн үүрэг хүлээхийг хүсч байна. Гэхдээ төр бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй, зохицуулалт хийж байна гээд бүх зүйлийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд найдаад хаячихаж болохгүй. Хэдийгээр шударга өрсөлдөөн байх ёстой ч 10 компани өрсөлдөөд 8 нь дампуурж, үлдсэн нь амжилттай ажилдаг байх уу, эсвэл тухайн зах зээлд 3 компани хамтарч оролцоод эрсдэлгүй амжилттай ажиллах уу гэсэн сонголтыг бодож үзэх л ёстой. Энэ тухай Төрийн соёрхолт инженер Н.Нацагням “Англид төлөвлөгөө, эрэлт нийлүүлэлт нь таардаг. Хүн амынхаа тоо, зах зээлийнхээ хэрэгцээг гаргаад түүнд тааруулж, түүхий эддээ тулгуурлан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эрэлт, нийлүүлэлт нь тэнцдэг. Ерөөсөө хоосон эдийн засаг гэж байхгүй. Нэг үгээр хэлбэл, хэрэглэгчийн эрэлтийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг. Нөгөө талд үйлдвэрлэгч нь хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чаддаг. Ингэж нэг нэгнээ дэмжиж үйлдвэрлэлээ хөгжүүлдэг. Яг л социалист нийгэм харагдаад байгаа юм. Ганц ялгаа нь аж үйлдвэржүүлэлтийг төр хийдэггүй, хувийн компани хийдэгт л оршиж байна” хэмээн ярьж байна. Европын өндөр хөгжилтэй орнууд ч энэ зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, хамгаалах бүх талын бодлогыг хэрэгжүүлдэг гэсэн үг. Үүнийгээ стандарт гэсэн энгийн зарчмаар зохицуулдаг. Тухайн орон өөрийн гэсэн стандарттай. Уг стандартад нийцүүлж үйл ажиллагаа явуулах учиртай. Харин манайд монгол стандарт гэсэн тогтсон зүйл ховор байна. Уг нь Монгол стандартаар үйлдвэрлэсэн гэвэл хэрэглэгчийн сэтгэлд чанартай, эко бүтээгдэхүүн гэх зэргээр бууж байх ёстой. Яг л евро стандартаар үйлдвэрлэсэн гэхэд чанар буудаг. Гэтэл зарим төрлийн бүтээгдэхүүн нь Монголын ижил төрлийн бараатай харьцуулахад байгалийн цэвэр байдал, чанар зэргээр ялгаагүй байх жишээтэй. Гагцхүү европ стандарт чанартай гэсэн сэтгэлзүйг бий болгосонд ялгаа нь оршиж байна. Тиймээс монголын стандартыг бий болгож, хэвшүүлэх асуудал төрийн зохицуулалтын чухал хэлбэр юм.

Мөн төр хэрэглэгчийг бий болгож өгөх ёстой. Ер нь олон тооны захиалга авч байж тухайн бизнес амжилттай, эрсдэлгүй урагшилдаг. Яг үүнийг Англид хэрэгжүүлдэг тухай Н.Нацагням ярьж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд гаргахад худалдан авах зах зээл нь бэлэн байдаг байна. Үүнтэй адил манай улсад хэрэглэгчийн сэтгэлзүйгээс эхлээд бэлдэх асуудал чухал байна. Монголдоо үйлдвэрлэе хэмээн уриалж байна. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал ч худалдан авах зах зээл нь хангалттай бий юу хэмээх асуулт урган гарч байна. Тухайлбал, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, хөрөнгө мөнгө зардаг ч тухайн үйлдвэрлэл нь хэдхэн сар яваад хаалгаа барих хандлага байдаг. Шалтгаан нь худалдан авах зах зээл байхгүйтэй холбоотой юм. Төр засгаас дэмжлэг авч, ямар ч сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлээд худалдан авах хүн байхгүй бол тэр бизнес дампуурна. Тиймээс зах зээлийн асуудлыг давхар судлах шаардлагатай аж. Тухайлбал, сум бүрт уул уурхайн лиценз олгогдсон. Тэгвэл тэдгээр компани орон нутгийн аж ахуй нэгжүүдээс ханган нийлүүлэлтийнхээ 90 хувийг хийх зэргээр зохицуулж үйлдвэрлэгчдийн хэрэглэгчийг бэлдэж өгч болох санаа байна. Тиймээс бид гадагшаа гарна хэмээн төлөвлөхөөс гадна дотоод нөөц боломжоо бүрэн ашиглах ёстой. Гурван сая хүн ам гэдэг бага тоо биш. Тухайлбал, Монголд арьсан пүүз үйлдвэрлэж буй нэгэн компани гутлаа 70-80 мянган төгрөгөөр борлуулахад хүн худалдаж авахгүй байгаа тухай ярьж байсан. Хийц загварын хувьд том брэндүүдийг гүйцэхгүй ч үнэхээр чанартай, сайн материалаар хийгдсэн тухай тайлбарлав. Харамсалтай нь монголчууд, тэр дундаа хүүхэд залуус брэнд рүү хошуурдаг. Чадвал олон зуун мянган төгрөгөөр пүүз авч өмсөнө. Чадахгүй бол хүний хэрэглэж байсан хуучин брэнд пүүз, бүр болохгүй бол урд хөршид үйлдвэрлэсэн хулхи брэнд пүүз худалдан авах жишээтэй. Гэтэл хажууханд нь илүү чанартай, хямд үнэтэй пүүз зарагдаж байгаа юм. Хэрэв залуус үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж пүүз худалдаж аваад эхэлбэл тухайн бизнес цэцгэлж, улмаар загвар хийц нь улам сайжирч дэлхийн зах зээлд өрсөлдөх чадавхитай болно. Тиймээс хэрэглэгчийн сэтгэлзүйг бэлдэх асуудал төрийн нэгэн чухал зохицуулалт байх учиртай.

Бидэнд боломж байна

Монголчуудад асар их боломж байна.  Манай улс 36 сая малтай атал экспортоос жилд 100 мянган ам.доллар олж байна. Гэтэл 5 сая малтай Голланд 35 тэрбум доллар олж байх жишээтэй. Тэд малын түүхий эдийг бүрэн ашиглаж чаддаг. Тухайлбал, эмийн бүтээгдэхүүн, мэс заслын утас зэргийг үйлдвэрлэж байна. Мөн Монгол дэлхийн 26 оронтой яг ижил нарлаг байдаг. Өөрөөр хэлбэл, 250 гаруй өдөр нь нарлаг гэсэн үг. Үүнийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэн Хятадад экспортлох боломж бүрэн бий аж. Урд хөрш дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэгийг дангаараа хэрэглэж байгаа юм. Үүнээс гадна ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өндөр хөгжсөн орнууд ноолуур, арьс ширээр дутагдаад манайд санал тавьж байгаа тухай хэлсэн. Тиймээс ноолуур, арьс ширээ боловсруулах, мөн органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо өргөн байгааг дурдсан. Харамсалтай нь манайд нэг хэсэг нь арьс ширээ боловсруулаад гаргаж байхад, арьсан цүнх гутал үйлдвэрлэдэг нөгөө хэсэг нь гаднаас түүхий эдээ авч байх жишээтэй. Тэгвэл энэ ойлгомжгүй байдлыг нэгтгэх шаардлагатай байна. ХХБ-ны захирал О.Орхон бүх улс хямарч байгаа тул экспортыг дэмжихээр ажиллаж байна. Тиймээс гаднаас технологи авахад хямд болсон. 10-20 хувийг нь төлөхөд үлдсэнийг нь бага хүүтэй зээлээр өгье гэж байна. Бусад улсад технологи, материал хямдарч байна. Зөв юм руу хурдан, хямдхан орох боломж байна хэмээж байсан. Энэ бүхнээс боломжийг зөв олж, нэгдэн хамтран ажиллах асуудал ихээхэн чухал юм. Үүнд нийцүүлж ухаалаг төр лүү шилжих алхам хийгдэж, Ерөнхий сайд баялаг бүтээгч компаниудтай шууд гар барьж байгаа нь чухал алхам юм.

Г.Батзориг

Н.Нацагням: Миний бүтээл долоон тэрбум долларын импортыг долоон тэрбум төгрөгөөр орлуулна

(Линк: http://www.ntn.mn/mn/content?id=5767864455790592)

"Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam_AX12 болон түүний виртуал лаборатори" хэмээх бүтээлээр Төрийн соёрхол  хүртсэн инженер Н.Нацагнямтай ярилцлаа. Тэрбээр энэ бүтээлээрээ технологийн салбарт Англи, Япон зэрэг хүчирхэг гүрэн л тэргүүлэх ёстой гэсэн хэвшмэл сэтгэлгээг эвдэж, Монгол Улс энэ салбарт өрсөлдөх хүчирхэг инженерүүдтэй гэдгийг харуулж чадсан юм. Тийм ч учраас бидний ярилцлага боловсролын салбар руу түлхүү чиглэлээ.

ЗҮТГЭЛ ГЭДЭГ ХҮНИЙ ЗОРИЛГО, ШУНАЛААС ХАМААРДАГ

-Юуны өмнө Төрийн шагнал хүртсэнд сэтгүүлийнхээ нийт хамт олны өмнөөс баяр хүргэе. Яриагаа таны аав, ээж, нутаг усны талаар эхлэх нь зүйтэй гэж бодлоо?
-Баярлалаа. Аав, ээж маань Ховдын Булган сумын хүмүүс л дээ. Аав маань Москвад Эрчим хүчний сургууль төгсөөд насаараа энэ салбарт ажилласан Найдангийн Намхай гэж хүн бий. Эрчим хүчний гавьяат ажилтан. Манайх ах дүү тавуулаа. Гэхдээ би  ганцаараа аавынхаа мэргэжлийг өвлөсөн юм. Ээж маань Чойжоогийн Отгонбулаг гэж хүн бий. Польшид олон жил ажилласан эмч хүн. Бид гэр бүлээрээ Польшид байсан. Ээж тэнд байхдаа арван настай дүлий хүүхдэд зүү тавьж сонсгол оруулж,  Монголын уламжлалт анагаах ухааны гайхамшгийг харуулсан юм. Тэр хүүгийн аав нь Польш, Германы бүх эмнэлгээр яваад хүүгээ эмчилж чадаагүй гэсэн. Ээж маань зүү тавиад үзье гэхэд тэр хүн өөрөө хатгуулж үзээд өвдөхгүй юм байна гээд зөвшөөрсөн гэдэг. Бас нэг гар нь мэдээгүй болсон охины гарыг мэдээтэй болгосон гэх мэт их олон гайхамшигтай ололтоор дүүрэн ажилласан. Польшид Монголын уламжлалт анагаах ухаан тухайн үедээ их нэр хүндтэй байсан.

-Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ, онц сурдаг сурагч байсан уу?

-Тухайн үед сургуулиа төгсөнгүүт илгээлтээр явуулдаг байсан. Энэ зарчмаар ээж маань Дарханд хуваарилагдаж, би тэнд төрсөн. Харин аав Москвагаас төгсөж ирээд хотод томилогдон ажиллаж байлаа. Төрөөд хэдэн сар болоод хот руу нүүж ирсэн. Би нийслэлийн 65 дугаар цэцэрлэгт анх явж, 40 дүгээр сургуульд арван жилээ төгссөн юм. Тийм "улаан" онц пионер байгаагүй ээ. Хичээл таслах үедээ тасалдаг, хийх үедээ хийчихдэг, ер нь хүүхэд насны бүх л юмыг хийсэн л дээ. Харин сайн ангийн багш таарч чанга гараар хүмүүжсэн. Спортоор хичээллэж байгаад долоодугаар ангиасаа эхлэн дан тоо, физикээр хичээллэх болсон.

-Бүр багаасаа л инженер болох зорилго тавьж, зүтгэж ирж ээ?
-Зүтгэл гэдэг хүний зорилго, шуналаас хамаардаг. Долоо, наймдугаар ангидаа Раднаабазар гэдэг гайхамшигтай сайн багш манай ангид физик заасан. Тэгээд янз бүрийн фантаз сэдэж эхлээд дараа нь Англи, Америкт инженер хийе гэсэн зорилго тавьсан. Гэхдээ тэр үед нууцалж байлаа. Яагаад гэвэл хүмүүс энэ нөхөр ямар солиотой юм бэ гэж бодно шүү дээ. Би инженер болох зорилго тавиад физик, математикаас бусад хичээлээ орхисон. Зөвхөн тэр хичээлүүдээ л хийнэ. Сайн ойлгохгүй бол хувийн багш хөлсөлнө.  Техникийн их сургуульд би хамгийн бага оноо авсан хүүхдүүд ордог ангид орж байсан даа. Дараа нь ангиа солиод цахилгааны ангид орсон юм.
Дээд сургуульд орсон хойноо мөн Ч.Нацагдорж гээд хувийн багшаар хичээлээ заалгаж байсан. Багш маань Латвийн Ригад доктор хамгаалсан. ЗХУ-ын бүх цахилгаан системийн автоматыг Москвад биш Латвийн Ригад хийдэг юм. Тиймдээ ч тэнд сураад ирснээрээ манай багш Москвад байхгүй ховор багш байсныг хожим нь Польшийн Техникийн их сургуулиудаар орж үзээд ойлгосон.

-Хувийн багш хөлслөхөд багагүй зардал гарах байх. Аав, ээж тань таны боловсролд мөнгө хайрладаггүй байж ээ? Ер нь та хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Аав ээжээсээ мөнгө авч хувийн багш хөлсөлж үзээгүй. Би арван жилдээ зуны амралтаар ачигч хийдэг байлаа. Уг нь зуслангийн дэлгүүрт ачигч, цэвэрлэгч тус тусдаа 200 төгрөгийн цалинтай байсан. Гэтэл зөвхөн Найрамдалын район хэмнэлт гаргахын тулд энэ хоёр ажлын орон тоог нэгтгээд туслах ажилтан гэж нэрлээд нэг хүний цалин өгдөг болсон. Би хоёр хүний ажил хийж, нэг цалин авдаг байхад Октябрийн районы хариуцсан зуслангийн дэлгүүрт хоёр хүн тус бүр 200 төгрөг авч байсан. Долдугаар ангийн хүүхэд 80 кг-ийн шуудайтай гурил зөөнө гэдэг хэцүү шүү дээ. Аав маань Найрамдалын районы бүх үйлчилгээ, үйлдвэрийг хариуцсан дарга байсан. Тиймдээ ч намайг арай гайгүй ажилд оруулж болох байлаа. Ядаж л би цэвэрлэгч хийхгүйгээр зөвхөн ачигчаа хийгээд 200 төгрөг авах боломжтой. Гэхдээ аав маань их хатуу, зарчимч хүн. Тухайн үед хөдөлмөр хүнийг голно, хүн хөдөлмөрийг голж болохгүй гэсэн утгатай социалист орнуудын уриа лоозон байсан. Аав тэр үгийг хэлээд тас загнасан. Тиймээс тэр зуны гурван сар гүрийсэн дээ. Харин дараа зунаас нь зусланд биш, хотод Сансарын үйлчилгээний төвд ачигч хийсэн. Тэнд цалингаа хийснээрээ авдаг байсан. Сар хагас болоод 600 төгрөг авсан даа. Харин залхуу ачигч нар тогтмол сарын 200 төгрөгөө авдаг байсан. Тухайн үеийн хүүхдүүд 65 төгрөгийн гутал өмсөж байхад би 144 төгрөгөөр гутал авдаг байсан. Хүүхдүүд 40-50 төгрөгөөр өмд авч байхад би 400 төгрөгийн фирмийн жинс өмсөнө. Мөн хүүхдүүд 14 төгрөгийн цагаан цамц өмсөхөд би цалингаараа 65 төгрөгийн хятад цагаан цамц авч өмсдөг байлаа.

-Аавын хатуу, зарчимч байдал таныг хөдөлмөрт сургаж, бэрхшээлийн өмнө тууштай, сөхрөхгүй тэмцэх дадлыг олгожээ. Өнөөгийн өндөрлөгт хүрсэн нь үүнтэй холбоотой байх?

-Хүүхэд бүрийн хувьд аав нь агуу хүн байдаг. Харин хүүхдүүд эрийн цээнд хүрэх тусмаа ааваасаа хөндийрч аавдаа заагаад, дараа нь хөгшрөх үедээ аав нь өөрөөс нь илүү ухаалаг байсныг мэдээд харамсаж, эцэст нь үхэхээсээ өмнө аав минь агуу хүн байж гэж бодох хандлага нийтлэг юм шиг санагддаг. Харин миний хувьд аав минь анхнаасаа л агуу хүн байсан. Одоо ч агуу. Загнуулах аавтай байна гэдэг азтай хэрэг.  Би аравдугаар ангиа төгсөөд конкурст тааруу оноо авсан. Тиймээс Найрамдалын районд монтёр хийж олсон мөнгөөрөө тухайн үеийн ханшаас бараг 100 дахин өндөр хөлсөөр физик, математикийн хувийн багш авч сурсан даа. Тэгээд ТИС–д орсон чинь физикийн хичээлд нь суух ямар ч шаардлага байгаагүй.

Найрамдалын районд хоёр бригад байсан юм. Нэг нь агаарын шугам руу гардаг цэвэр, хоргүй ажил. Тэгтэл аав намайг хамгийн хортой ажилд оруулж байгаа юм. 15 см зузаан нарийн шороог цэвэрлэнэ. Өвөл газар доорх кабел тасрахад хөлдүү газар ухаж кабелийн холболт хийнэ. Дугуй шатаадаг тул их муухай үнэртэй. Гагнуур хийхэд хүмүүсийн гараар юм туурна. Хүмүүс танай аав дарга байж яагаад заавал хамгийн хортой ажилд оруулсан юм бэ гэнэ. Энэ тухай аавд хэлэхэд нөгөө лоозонгоо хэлээд тас загнана. Бүр би хордоод үхвэл яах юм гэхэд "үхэхгүй юу" гэж хэлж байсан тийм л хатуу зарчимч хүн. "Хүний хийдэг ажлыг чи яагаад хийж болдоггүй юм бэ." гээд их уурлаж байсан.

Би анх удаа кабелийн холболт хийхдээ шургуулж хийдэг хонгиог нь мартаад гагначихсан юм. Тэгтэл Мөнхнаст багш маань "за яахав буцаагаад салгачихая" гээд салгах гэтэл салгаж чадаагүй. Чи ямар сайн гагнасан юм бэ гээд гайхаж байсан. Эхлээд "А" тугалга, дараа нь "Е" тугалга гэх зэргээр яг номоор нь гагнавал хэзээ ч салдаггүй юм билээ. Тэгээд шургуулах ёстой хонгиог задлаад бүрж байсан. Тухайн үед өөрийнхөө ажлыг шалгуулаад баярлаж байлаа.

МАНЧЕСТЕР, ОКСФОРДЫН СУРГАЛТЫН ПРОГРАММ МАНАЙХААС МУУ. АНГЛИЙН БАКаЛАВР, МАГИСТРИЙН ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ХАРААД БИ ШОКОНД ОРЖ БАЙСАН

-Та энд бакалавр, магистрт сураад Англи руу явжээ. Тэнд хэдэн жил сурсан бэ?

-Би бакалаврт сураад, ШУТИС-д хоёр жил магистрт суусан. Бакалаврт сурч байхад гол хичээлийг Нацагдорж багш ордог байсан. Магистрт ороод Нацагдорж багшийн семинарын хичээлийг зааж би гол юмаа сурсан.

ШУТИС-д магистрт байхдаа цахилгаан хөдөлгүүрийг алгуур асаах аргуудыг сурсан. Гэтэл Английн Манчестерийн техникийн их сургуульд орсон чинь цахилгаан машины багш гэж байдаггүй. Тэгээд Манчестерийн техникийн их сургуулийг голж, өөр сургууль руу шилжинэ гэхэд бусад сургуулийн багш нар энэ бол Англи, дээрээс нь баруун Европдоо хамгийн том техникийн их сургууль гэсэн. Гайхаад итгэж чаддаггүй. Одоо ч гэсэн монголчууд миний үгийг сонсоод итгэхгүй байх. Тэгвэл нотолгоо байна. Манчестерийн техникийн их сургуулийг 2000 онд төгссөн гээд миний нэрийг хэлээд дипломын ажлыг үзвэл нөгөө Орос автоматикуудыг орчуулчихсан байгаа. Орос аргачлалыг сайжруулсан шинэ бүтээл оновчтой санал байгаа. Өөрөөр хэлбэл, Монголд сурсан зүйлсээрээ Англид дипломын ажлаа хийчихсэн. Тэгсэн чинь тэд UMIST–ийн супер прожект боллоо гэсэн тодорхойлолт хийж өгсөн. Үүний ачаар "ALSTOM"–д инженерийн ажилд орсон. Энэ нь манай сургалт илүү гэдгийг баталж байна. Хэрэв би Англид бакалавраа хамгаалсан бол тэнд ажилд орж чадахгүй байх байсан.

-Манай залуус сургуулиа төгсөөд гадаадад сурахыг мөрөөддөг. Тэр дундаа Англид сурах нь маш том боломж гэж ойлгодог. Гэтэл та манайх илүү, тэднийх муу гэж ярихаар шууд буухгүй байна л даа?  

-Манчестерийн магистрт сурсан чинь жижигхэн, хялбар зүйл заагаад эхэлсэн. Манай бакалаврын бодлого л заана. Жишээ нь эрчим хүчний автоматжуулалт, цахилгаан машины хичээл байдаггүй. Гэхдээ реле хамгаалалт заадаг юм байна. Цагаан багшийг манай эрчим хүчнийхэн бүгд мэднэ дээ. Хоёрдугаар курст Цагаан багш шугамын чадлын алдагдал мөн актив чадал хуваагдах цэгийг олох гэх мэт их гоё бодлого бодуулдаг байсан. Гэтэл Английн магистрт зөвхөн шугамын чадлын алдагдал заасан. Тэгэхээр нь шугамын актив чадал хуваагдах цэгийг олдог бодлого орохгүй юм уу гэсэн чинь "Өө чи доктор хамгаал, тэгээд сураарай" гэсэн.

Бүр гайхаад, ангийнхаа оюутнуудыг харсан чинь нэг ч англи байдаггүй. Дан Грек, Араб, Азиуд байгаа юм. Тэгэхээр нь Бакалаврын ангиудыг нь харсан чинь дандаа шар толгойтой англи хүүхдүүд байсан. Энэ капиталистууд тэнд л нууц юмаа заагаад, бид хэдэд худлаа юм заадаг байх нь" гэж бодоод бакалаврын төгсөх курсын хичээлд нь нэг удаа сууж үзлээ.Тэгсэн чинь бидний хоёрдугаар курст үздэг ваттметрийн холболт зааж байдаг байгаа. Тэдний гурван жилээр төгсдөг бакалаврт шүү дээ. Тэгэхэд би үнэндээ шоконд орсон. Би том юм мөрөөдөж ирсэн. Гэтэл бидний бакалаврт үздэг зүйлийг магистрт заагаад, нэг, хоёрдугаар курст үздэг хичээлийг бакалаврын төгсөх курсдээ зааж байгааг хараад итгэхэд бэрх байсан.

Хэсэг гайхаад, оюутнуудаас асуутал тэд нэг, хоёрдугаар курстээ бидний арван жилд үздэг тоо, физикийг заадаг юм байна. Тэгээд гуравдугаар курс нь манай нэг, хоёрдугаар курст үздэг мэргэжлийн хичээл заагаад боллоо гээд явуулчихдаг. Тэгэхээр боловсролын системийн хувьд бид илт давуу байгаа юм. Гэтэл манайх тэднийг дуурайх гээд Кембрижийн сургалт гээд байдаг. Кембрижийн сургалтын бусдаас ялгарах онцлог нь диктатур байдаг. Хүнийг шахаж, дарамталдаг болохоос биш программ нь манайхаас муу. Манай Монголын тооны сонгонд байсан хүүхдүүд тэнд очоод хоёр, гурван анги дэвшээд явчихдаг гээд бод доо. Манчестерийн их сургуульд жил бүр таван монгол оюутан эдийн засгийн магистрт очдог. Тэдэнд заадаг эхний хичээл бол кв тэгшитгэл. Нөгөө бидний наймдугаар ангид үздэг кв тэгшитгэл байхгүй юу. Тэгээд тэрийг заалгаад бодож сурсандаа баярлаад гүйж яваа англи оюутан байна гээд төсөөл дөө. Итгэхэд хэцүү ч үнэн бодит зүйл. Бид хуучин Зөвлөлт Холбоот Улсын ачаар гайгүй боловсролын системтэй юм байна лээ. Харин бид яагаад гадны муу юм бүрийг хуулаад байна вэ. Ичих нүүр байх хэрэгтэй.

-Гэхдээ Английн үйлдвэрлэл, технологи өндөр түвшинд хөгжсөн шүү дээ. Ийм амжилтад хүрэхэд англичууд багаасаа өндөр мэдлэг, боловсрол эзэмших ёстой гэж санагдах юм?

-Бидний 9, 10 дугаар ангидаа үздэг бодлогыг Английн 18 настай залуус бодож чадахгүй. Англичууд арван жилдээ тоо, физиктээ маш муу.  Арван жилийн хүүхдүүдийн 99 хувь нь инженерийн бус салбараар явж байна гэж ярьдаг. Энэ бол үндэсний бэрхшээл болчихсон. Дээрээс нь магистрт сурдаг англи оюутан байдаггүй. Яг амьдрал дээрээ еврейн эрлийз, эсвэл цэвэр еврей, грек, италийн эрлийз нар гол ухаалаг ажлыг нь хийж байна. Гэхдээ тэд сурагч байхдаа хичээлдээ муу, дунд авдаг байсан нөхөд байгаа юм. Яг амьдрал дээр гарч, практикаар юмаа сурсан байдаг.

ЖИНХЭНЭ МЭДЛЭГИЙГ ТЕХНОЛОГИ ЭЗЭМШИЖ БАЙГАА КОМПАНИД АЖИЛЛАЖ ОЛЖ АВДАГ

-Английн боловсролын салбар, үйлдвэрлэлийн хооронд их том зөрүү байдаг гэж ойлголоо. Тэгэхээр яг үйлдвэрт нь ажиллаж байж жинхэнэ мэдлэг хуримтлуулах нь ээ? 

-Тийм ээ. Би Манчестерийн их сургуульд магистрт элсээд юу ч сураагүй гэдгээ ямар утгаар хэлсэн гэвэл тэдний заасан зүйл Английн "ALSTOM"–д ажиллаж байхад огт хэрэг болоогүй. Харин монгол багш нарын заасан зүйл хэрэг болсон. Монголын ШУТИС бол Оросын техникийн их сургуулиудтай адил нэг номер юм. Английн сургууль бол нарийн технологи заахгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэл нь хувийн өмч болохоор сургуульдаа нууцлаад өгдөггүй. ЗХУ-ын үед бүх зүйл үнэгүй байсан тул бидэнд үйлдвэрлэлйин нууцалсан технологи зураг схемүүдийг үнэгүй заадаг байсан. Тийм учраас бид арай илүү бүтээлч багш нартай. Арваад жилийн өмнө бүтээлч доктор, профессорууд Монголд байсан. Одоо бол Англи шиг худалдаж авдаг болсон. Дээр үед манай багш нар Орост очоод тэдний багш нартай өрсөлдөж докторын зэргийг нь булааж авдаг байсан.

-Англид хэдэн жил ажилласан бэ?

-Анх ажилд ороод реле хамгаалалт, өдөөлтийн систем, аналоги электрон, доод/дээд түвшний программ хангамж зохиох гэх зэргээр сурч эхэлсэн. Alstom power conversion компанид долоон жил ажиллаад, дараа нь хагас жил NEC Electronics компанид ажилласан. Үүний дараа холбоо дохиоллын системийн Castle Care-Tech компанид жил хагас ажилласан. Нийт есөн жил ажиллачихаад ирсэн. Тэнд янз бүрийн аналог бүтээгдэхүүн, цахим тоног төхөөрөмж хийж сурсан. Ихэнх нь эрчим хүчний салбарт хийгдсэн. Ингэж хийж сурахад бас аз таарсан. Хүн бүр очоод үйлдвэрлэлийн нарийн зүйлсийг сурах боломж байдаггүй. Үйлдлийн систем хийдэг хүн Англид ховор байдаг. Хоёр янзын үйлдлийн систем бий. Нэгийг нь нэг хүн мэддэг байхад нөгөөг нь хийдэг бас л ганцхан хүн байх жишээтэй. Тиймээс бүгдийг нь хийж сурна гэдэг сохор аз. Олон компаниудаар орж хүмүүстэй найзлаад ярилцахад ерөнхийдөө Английн дүр төрх харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үйлдлийн систем хийдэг ганц, хоёрхон хүн байдаг. Тэгвэл тэрийг нь хийгээд монгол хэл дээр зохиочихлоо. Энэ хоёр систем байсан цагт бүх цахим төхөөрөмжийг хийх боломжтой. 

МИНИЙ БҮТЭЭЛ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ХӨРӨНГӨ ЮМ

-Таны бүтээлийг мэргэжлийн бус хүн ойлгоход ихээхэн төвөгтэй юм. Мэргэжлийн олон нэр томъёо, салбарын хэллэгүүд байгаа тул бүтээлийнхээ талаар аль болох энгийнээр тайлбарлахыг хичээгээрэй гэж хүсье. Бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хэр төвөгтэй вэ?

-Аж үйлдвэрийн бүх салбарт ашиглаж болох компьютер гэж ойлгож болно. Миний бүтээлийг хаанаас нь яаж ч харсан монгол хүний оюуны бүтээл юм. Хэн ч, хэзээ ч хүний юм хулгайлчихлаа гэж хэлж чадахгүй. Миний шавь нар, монгол хүмүүс ямар ч цахим төхөөрөмж үйлдвэрлэхэд миний хэрэглэгч байхад хангалттай. Бүтээлийг минь ашиглаад явахад Английн өнөөгийн инженерүүдийн түвшинд ажиллах боломжтой. Бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд надад "том" доктор, профессорууд хэрэггүй. Цахим төхөөрөмжүүд хийе гэвэл МУИС-ийн Бат-Отгон багшийн шавь, эрчим хүчний автоматжуулалт хийе гэвэл Нацагдорж, Өлзий-Орших багшийн шавь нар л хэрэгтэй. Тэд сайхан суурьтай төгсөөд гараад ирнэ. Дээр нь юмаа заагаад ажиллуулна.
Ер нь дээд сургуулийг гурван жил болгох хэрэгтэй. Гурван жил сураад 21-тэй төгссөн залуус ажиллаад явахад болж байна. Тэгэхгүй гадаадад очоод насаараа магистр, доктор болж байна гээд сураад л байдаг. Гэтэл манай бакалавр тэндэхийн магистраас илүү байна шүү дээ. Миний бодлоор хүүхдийг багаас нь физик, тоогоор нүдчих хэрэгтэй. Авто загварын дугуйлан явуулдаг Хэнмэдэх багшийн шавь нар байна. Тэд гараараа мужаанаа ч хийнэ, авто загвараа ч хийж байна. Эхлээд цаасаар машины загвар хийж, дараа нь хуванцар, төмрөөр хийж сурдаг. Дугуйг нь хүртэл түүхий резинээр хийдэг. Энэ хүүхдүүдийг Бат-Отгон багшийн шавь болгоод 21 нас хүртэл нь "нүдэхэд" сайхан суурьтай гараад ирнэ. Тэгэхгүй энд тэнд доктор хамгаалаад бэлэн юм ашиглаад сурчихсан. Юм гагнаж, программ зохиож чадахгүй. Хэрэглэгчийн түвшинд ажилладаг том цолтнууд хэрэггүй. Бид гар утас хэрэглэх биш, түүнийг бүтээх гээд байна шүү дээ.

-Оюуны бүтээлийн нэг давуу тал нь материаллаг өртөг маш бага боловч оюуны өндөр үнэлгээтэй байдаг. Бидний олон зуун мянган төгрөгөөр авдаг гар утасны материаллаг зардал нь үнийнхээ дүнгийн өчүүхэн бага хувийг эзэлдэг байх жишээтэй. Тэгэхээр таны бүтээлийг ашиглаад асар их баялаг бүтээж болох нь ээ?

-Манайд бүх боломж нь байна. Ажиллах хүч, сайн багш нар байна. Ерөнхий сайд сайн багш нарын лабораторид тус бүр 10 сая төгрөг жилдээ өгнө гэж ярьж байсан. Сардаа хуваавал сая хүрэхгүй төгрөг байгаа биз. Тэгвэл тэр 10 сая төгрөг чинь арван сая доллар болно. Мөнгөөр илэрхийлэх боломжгүй. Жишээ нь би Нацагаа багшийн шавь. Миний гаргасан NaNyam стандарт байна. Зөвхөн энэ стандартаар хийсэн лифтийг барилгын салбарт хэрэглэнэ гээд хууль гаргачихая. Тэгвэл бүх барилгын компани надад захиалгаа өгнө. Ингэж гадныхан үндэсний үйлдвэрлэлээ хамгаалдаг юм байна. NaNyam стандарт нь Английн стандартаас илүү. Хэрэв Англиас энэ стандартыг нь авна гэвэл жил бүр хоёр сая фунт (6 тэрбум орчим төгрөг) төлнө. Тэгж төлж авлаа ч бид тэр стандартыг нь уншаад ойлгохгүй. Яагаад гэвэл бидэнд тэр стандартад нийцсэн технологи нь байхгүй, хэрэглэж байгаагүй тул сайн мэдэхгүй. Харин монгол хүн очоод толгойндоо хийгээд ирчихлээ. Тиймээс энэ стандартаа үндэсний үйлдвэрлэл, импортоо хамгаалах арга болгож ашиглая гэсэн санал байгаа.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХАМГААЛАХ ЦОГЦ БОДЛОГО БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Та сая англичууд стандартаар дамжуулж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалдаг гэлээ. Тэгэхээр тэд чөлөөт зах зээлд бүхнийг даатгадаггүй байх нь ээ?

-Ер нь англичууд үндэсний үйлдвэрлэлээ дипломат аргаар хамгаалдаг. Нэг стандарт ашиглана. Яг тэр стандартын дагуу үндэсний үйлдвэрлэл нь хөгжиж, импортоос хамгаалагддаг. Англид чөлөөт өрсөлдөөн гэж байхгүй. Монопол захиалгаар үйлдвэрлэл нь явна. Олон тооны захиалга байж оюунлаг инженерийн масс бизнес хийх боломж гардаг юм байна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргахад хэрэглэх, худалдан авах зах зээл нь бэлэн байх ёстой. Тиймээс олон тооны захиалга гаргаж ирэхийн тулд төлөвлөгөө гаргадаг.
Манайх социалист нийгмийнхээ бүх зүйлийг хаячихсан. Гэтэл тэнд авах зүйл их байжээ. Социалист, капиталист, фашист гээд ямар ч нийгэмд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх арга нь ижил юм байна.
Тэгвэл Англид төлөвлөгөө, эрэлт нийлүүлэлт нь таардаг. Хүн амынхаа тоо, зах зээлийнхээ хэрэгцээг гаргаад түүнд тааруулж, түүхий эддээ тулгуурлан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эрэлт, нийлүүлэлт нь тэнцдэг. Ерөөсөө хоосон эдийн засаг гэж байхгүй. Нэг үгээр хэлбэл, хэрэглэгчийн эрэлтийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг. Нөгөө талд үйлдвэрлэгч нь хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чаддаг. Ингэж нэг нэгнээ дэмжиж үйлдвэрлэлээ хөгжүүлдэг. Яг л социалист нийгэм харагдаад байгаа юм. Ганц ялгаа нь аж үйлдвэржүүлэлтийг төр хийдэггүй, хувийн компани хийдэгт л оршиж байна. Гэтэл манай төр сүүлийн 20 жил үүнийг хийхээр барахгүй улам том хүрээгээр хийж ялзарсан социализмыг хайрлаж хадгалсаар л байна.
Одоо Ерөнхий сайд импортыг орлуулах гэж хичээж байгаад талархдаг. Нийт эдийн засгаа базаад энэ мөнгөө Монголдоо шингээе гэж байна. Шууд бүтээлч инженерүүдтэй хамтарч ажиллая хэмээн гар барьж байна. Ийм боломж сүүлийн 20 жилд байгаагүй. Сайхан боломж гарч ирлээ. Өмнөх Ерөнхий сайд нарыг дамын наймаачид хөнгөхөн молигоддог байсан бол энэ удаад чадсангүй. Урьд нь хүний хийсэн зүйлсийг хийх хэрэггүй шууд импортлоё гээд хэдхэн жилийн дотор долоон тэрбум долларын технологийн импорт хийж байсан. Гэтэл үүнийг бид маш богино хугацаанд долоон тэрбум төгрөгөөр хийх боломжтой байсныг NaNyam бүтээлээрээ харууллаа. Ерөнхий сайдын чин хүсэл бол IT паркийн импортыг зогсоож үндэсний IT инженерүүддээ оюунлаг ажлын байр гаргаж өгөх. Урьд нь IT парк нэрээр бүх шинэ санааг хулгайлж урьд хөршөөр хийлгэдэг байсан. Харин одоо түүнээс хурдан хугацаанд мянга дахин хямд зардлаар бүх hardware & software–ийг NaNyam дүрмээр хийх гэж байна. Ийм аргаар Ерөнхий сайд бидэнд анх удаагаа IT–г бүтээх боломж олгож байгаа юм. Урьд нь IT парк маань зөвхөн IT–г хэрэглэгч байсан. IT–г бүтээх боломж бол NaNyam бүтээл дахь монголжсон үйлдлийн систем, монголжсон PID tool юм. Энэ хоёргүйгээр IT–г бүтээх боломжгүй. Үүнийг мэрэгжлийн хүний хувьд баталсан Л.Гантөмөр сайдад баярлах хэрэгтэй. Үүнийг ашиглаж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж, импортыг хориглож байгаа Ерөнхий сайддаа баярлах учиртай.

-Манайх Евро стандарт гэж их ярьдаг. Таны бодлоор энэ нь буруу юу?
-Хэрэв бид евро стандартыг авчихвал Европоос л юм худалдаж авна. Өөр хаанаас ч авч болохгүй. Энэ аргаар Франц, Герман хөгжиж байна. Яагаад гэвэл Европын стандарт гэдэг чинь тэр хоёр улсынх. Тэнд үйлдвэрлэл хөгжөөд байдаг, харин Европын бусад улс нь өр зээлэндээ баригдаад байна. Энэ бол колонийн бодлого юм. Тэрнээс гаръя гээд Грек, Италийн ард түмэн тэмцэж байна. Германы канцлер ирэхэд чулуу шидэж угтдаг. Гэтэл хуучин соц орнууд би оръё гээд гүйгээд байдаг.

-Таны ярианд шууд бүтээлч инженерүүдтэй хамтран ажиллах ёстой гэсэн агуулга дурдагдлаа. Үнэхээр ч манай төрийг их нүсэр бүтэцтэй. Энэ нүсэр бүтэц нь бизнесийн үйл ажиллагаанд оролцож, хянах, зохицуулах гэж оролдож байна. Өөрөөр хэлбэл, бизнес, үйлдвэрлэл хөгжих эрх мэдэл нь тухайн компанийн удирдлага бус төрийн нүсэр бүтцэд байгаа учир хүнд суртал, авлига бий болдог шударга бус зарчим үйлчлээд байх шиг?

-Ер нь бүх капиталист улсууд бүтээлч инженерүүдээр ажлыг нь хийлгэдэг. Боловсрол, Хууль зүй, Байгаль орчны яам гэж байдаг. Хэзээ ч барилга, эрчим хүч, уул уурхайн яам гэх мэтийн инженерийн яам байдаггүй. Англид бүх барилгыг нэг, хоёр компани барьдаг. Тэр компанийг шалгадаг улсын байгууллага байхгүй. Зах зээл нь шалгадаг. Зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангаж чадахгүй өчүүхэн гологдол гарахад тухайн компани монопол эрхээ алдах аюултай. Ийм эрсдэлийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тиймээс төрийн хяналтгүйгээр өөрсдийн үйл ажиллагаагаар шалгаж, сайжруулж явдаг.
Социализмын үеийн муу тал нь төр бүхнийг шалгадаг. Аппаратын хувьд нүсэр, зардал өндөртэй байсан. Ингээд нурсан. Гэтэл бид социализмыг нураасан энэ муу шинжийг одоо болтол авч яваад байна. Яамны техникийн зөвлөлийн хурал энэ тэр чинь аль 1980-иад онд манай сайд нар болино гэж ярьж байсан зүйл шүү дээ. Тэнд мэргэжлийн бус хүмүүс орчихсон мэргэжлийн хүмүүсийн ажлыг хянаж, зохицуулах гээд сууж байдаг. Зарим нь хор найруулж байна. Энэ нь тэдэнд ашигтай. Баялаг бүтээхгүй атал улс төрийн боломжоо ашиглаад бусдын халаасанд гараа дүрээд сууж байна. 100 тэрбум төгрөг байлаа гэхэд яам, тамгын газраар явсаар байгаад яг бүтээлч хүн дээрээ нэг тэрбум нь очно. Үлдсэн нь замдаа шингээд алга болчихдог. Энэ олигархи үзэгдэл чинь манай засаглалын нэг онцлог юм. Үзэл суртал байдаггүй болохоор бүгд хүссэнээ хийдэг.
Л.Гантөмөр сайд төр мэдлэггүй байж мэдлэгийг шалгахаа больё гэсэн. Ерөнхийлөгчөөс эхлээд том төрөөс ухаалаг төр лүү хэмээн улс төрийн системээ сайжруулах гээд бүгд тэмцэж байна. Ерөнхийлөгч эрээвэр хураавар жижиг төслүүд санхүүжүүлэхээр үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байна. Захиалга гарч ирж, олон тоогоор хийж байж үйлдвэрлэл ашгаа нөхдөг. Та нар аймгийнхаа бүх цонхны захиалгыг авдаг ганц үйлдвэр орон нутагтаа байгуулчих гэж хэлж байсныг сонссон. Үүнд таарсан ухаалаг тогтолцоотой болъё гэж байна. Түүнээс биш Ерөнхийлөгч мөнх биш. Тийм учраас олон зуун жил үндэсний үйлдвэрлэлээ хамгаалсан ухаалаг засаглалтай болох нь зүйтэй. Масс захиалгаа гаргаж байж л үндэсний үйлдвэрлэл хөгжинө гэж Ерөнхийлөгч хүртэл хэлээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэг төслөөр 100 төслийг хийвэл 100 дахин хямд, мөн өөрсдөө хийх масс захиалгатай болно.
Хөөсгүй эдийн засаг хэрхэн байгуулах вэ гэдэг нь дэлхий нийтийн бэрхшээл болчихсон. Үүнийг байгуулахад хууль дүрэм биш, харин үзэл суртал хэрэгтэй гэдгийг англи, америкчууд ойлгож 20, 30 жилийн өмнөөс хүүхдүүдийг багаас нь шударга бай хэмээн хүмүүжүүлж лоозондож байна. Энэ хүүхдүүд нь одоо төр засгийнхаа буруу бодлогуудыг шүүмжлээд ОХУ руу цагаачилж байна. 60, магадгүй 100 жилийн дараа Англи, Америк үнэхээр гоё болно. Яагаад гэвэл нөгөө шударга үзэл суртлаар хүмүүжсэн хүүхдүүд төр барьж эхлэх юм.

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ АВЧ ЯВАХ ХҮҮХДҮҮДЭЭ БИД ЭРТНЭЭС ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЁСТОЙ

-Манай нийгэмд танил талгүй бол ажил бүтдэггүй, ажлаа бүтээхийн тулд цаад хүндээ хэдэн “цаас” атгуулчихад болно гэсэн үзэл нийтлэг болж. Ихэнх эцэг, эх хүүхдээ шударга бай гэхээсээ овсгоотой сэргэлэн байвал мөнгө олно гэх болж. Тэгэхээр ирээдүй болсон үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх нь хөгжлийн амин судас байх нь ээ?

-Тийм. Хөгжлийг зөвхөн эд мөнгөөр төлөөлүүлж ойлгож болохгүй. Үзэл суртал байх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий их байж болохгүй. Жишээ нь, Төвдийг хар. Бүх эрэгтэйчүүд нь лам болсон. Үйлдвэр дээр нь дандаа эмэгтэй хүмүүс ажиллаж байна. Тиймээс үзэл суртал 60, актив үйлчлэл 80 хувь байх ёстой. Энэ хоёрын кв нийлбэр нь нэг бүхэл. Багаас нь зөв хүмүүжүүлдэг, зөв үлгэр дууриалал үзүүлдэг. Ийм үзэл суртлаар өссөн хүүхэд сайн дураараа татвар төлдөг. Ийм үзэл суртал Англид бий болж байна. Сүүлийн 20 жил ардчилсан үзэл суртал гэж гарч ирсэн. Тэр нь хүннүгийн үеийн арга билэгийн үзэл сурталтай төстэй. Манайх эрт дээр үеэс буруу зүйлийг багаас нь тайлбарлаж ойлгуулаад явдаг байсан. Айлын буурин дээр бууж болохгүй. Муу зүйл тохиолдоно гэдэг. Хүний юм хоол болохгүй. Тиймээс хулгай битгий хий гэдэг. Энэ түүхэн уламжилж ирсэн зүйл чинь ардын ёс заншил, үзэл суртал юм. Энэ бол монгол төрийн нэг том үнэ цэнэ.
Өвөрмонголд монгол үзэл суртал харагддаг. Тиймээс манайд гардаг гэмт хэргүүд тэнд байхгүй. Хэзээ ч 20 настай залуу 40 гарсан аав шигээ хүнтэй зодолддоггүй. Болохгүй гэдгийг нь багаас нь тайлбарлаад, үлгэр дууриал үзүүлчихсэн учир тэр юм.
Монголд одоо бүх юм мөнгө болжээ. Дээр үед тийм байгаагүй. Жишээ нь, Хамарын хийдийн хувилгаан ламын бүх эд зүйлийг 200 жил түүний тахилч ламын үр удам хадгалж ирсэн. Хүмүүс очоод мөнгө амлаад худалдаж авъя гэхэд өгдөггүй. Энэ бол үзэл суртал юм. Өмнө нь тэр хүнд мөнгө өгөөд за чи тэдэн хувийг нь аваарай, хариуд нь тэрийг хадгалаарай гээгүй шүү дээ. Социализмын үед лоозонтой байсан нь нэг талаар зөв юм. Тухайн үеийн үзэл суртлаас хүннүгийн үеийн үзэл суртлын ялгаа нь юмыг хүчилдэггүй, харин учрыг нь тайлбарлаж өгдөг байсан. Ингэхээр автоматаар хэрэгжээд явчихдаг. Социалист үзэл суртал чинь заавал тэрийг тэг гэдэг. Үүнийг хянаж, хэрэгжүүлж байх аппарат нүсэр, тэр хэрээр зардал ихтэй. Харин хүннүгийн үеийн үзэл суртал хямдхан. Ямар ч аппаратын зардалгүй. Тэгсэн атал автоматаар хэрэгжээд 2000 жил энэ төрт ёсыг тогтоож чаджээ. Тэгэхээр манай үзэл суртал илүү ухаалаг байгаа юм. Энэ уламжлалыг цаашид авч явж, хүүхдүүдийг багаас нь шударга, зөв хүн болгож төлөвшүүлэх ёстой. Энэ бол ардчиллыг байгуулах цорын ганц арга зам юм байна. Тэрнээс биш эрх зүйт төр хууль дүрэм биш гэдгийг 100 жилийн дэлхийн ардчиллын түүх харуулж байна. Нэгэнт толгойд нь шударга, хүнлэг байх ёстой гэсэн үзэл багаас нь суучихсан бол заавал хууль дүрмэнд захирагдалгүйгээр хэрэгжүүлээд явчихна. Тэгэхгүйгээр бүх зүйлийг хуулиар зохицуулна гэвэл хэцүү, бүтэхгүй.         

-Та бид хоёрын ярилцлага нэлээн удаан өрнөлөө. Сүүлийнхээ асуултыг таны Монгол Улс 5-10 жилийн дараа ямар байх вэ гэсэн төсөөллөөр өндөрлөе?

-Бүтээл маань гараад ирлээ. Үүнийг инженерийн бүх салбарт хэрэглэнэ. Өнгөрсөн жил аж үйлдвэрийн технологид инноваци гээд долоон тэрбум ам.долларын импорт авсан байна. Миний бүтээл үүнийг долоон тэрбум төгрөгөөр хийх боломжтойг баталсан. Дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлснээр импортыг хориглоно. Ямар үр дүн гарах вэ гэвэл хүмүүсийн цалин хэвээрээ ч бүх юмны үнэ арав дахин хямдарна. Хэрэв номоор нь хийх юм бол 4-5 жилийн дотор бид ийм үр дүнд хүрэх боломжтой. Номоор нь яаж хийх вэ гэвэл NaNyam стандартаар л инноваци хийнэ. Өөр стандарт байхгүй. Миний хийсэн бүтээлийг дахиж хийх гэж дөрвөн жил зарцуулахгүй. Шууд л NaNyam бүтээлийг хэрэглээд бүх импортоо орлуулчихвал үр дүнд хүрнэ.

Би гар утас зэрэг энгийн хэрэглээний зүйлсийг дотооддоо үйлдвэрлэхийг хүсдэг. Гар утас бол талх шиг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн шүү дээ. Хүн бүр гар утас барьж байна. Бидэнд капиталист дүрмээр энгийн амьдрах боломж байна. Импорт хийх тусам бид улам л ядуурна. Гэтэл хүний хийсэн юмыг хийж яах юм бэ импортлоё гэдэг. Гадны хүний хийдэг юм чинь NaNyam бүтээл. Одоо бүр бидэнд үнэгүй байна. Тэгвэл бидэнд үнэгүй байгаа зүйлсээ яагаад импортоор аваад байна вэ. NaNyam бүтээлийг ашиглаад бүх төрлийн IT–ийн төхөөрөмжүүдийг программ хангамжийн хамт хийвэл Хятадад захиалгаар хийлгэхээс 100 дахин хямд ба 10 дахин богино хугацаанд, Английн стандартаас илүү чанартайгаар Монголдоо бүтээх боломжтой. Энэ бол өрсөлдөх чадвар, дэлхийг байлдан дагуулах боломж. Оюунлаг экспорт маань материаллаг импортоосоо 10 дахин их болж масс эдийн засагт том ахиц гарна.

Г.Батзориг

Мэдээ