МОНГОЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБЭЭС САУСГОБИ СЭНДС ХХК-ТАЙ ХОЛБООТОЙ ТАТВАРЫН ХЭРГИЙГ ЗОХИХ ХУУЛЬ, ЖУРМЫН ДАГУУ ШИЙДВЭРЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Монголын “Гүйцэтгэх Захирлуудын Клуб" (CEO Club) нь Монголын эдийн засаг, хувийн хэвшлийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын удирдагч, манлайлагч нарын санаачилгаар 2009 онд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсад бизнесийн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, нийгэмд эдийн засгийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж Монгол Улсад бизнесийн орчинг боловсронгуй болгох чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. Манай клуб Монгол Улсын нэр хүнд бүхий томоохон татвар төлөгч тэргүүний компаниудыг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын Эдийн Засгийн Форум, Монголын Хөрөнгө Оруулалтын Чуулга уулзалт, Бизнесийн орчны шинэтгэлийн жил зэрэг хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулж, бизнесийн эрхлэгчдийн төлөөлж, Засгийн Газар, Улсын Их Хурлаас татварын болон бизнесийн орчинтой холбоотой хууль, тогтоомжид бизнес эрхлэгчийн саналыг хүргүүлж ажилласаар ирсэн.
Дэлхийн даяар эдийн засгийн өсөлт саарч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч байгаа энэ үед бизнесийн орчныг таатай болгож өрсөлдөх чадвараа дээшлүүлэн хөрөнгө оруулалтыг өөрийн улсууд руу татах өрсөлдөөн улс орнуудын дунд ид явагдаж байна. Төр засгаас хөрөнгө оруулалтын дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх бодлого баримталж, хичээн ажиллаж байгаа хэдий ч зарим нэг гэнэтийн арга хэмжээ, хууль хэрэгжилтийн явцад гарах алдаа нь бид бүгдийн бүхий л хөдөлмөр хүчин чармайлтыг талаар болгож, гадаадын
хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын бизнесийн орчин, хууль хяналтын системийн талаар таагүй мэдээ түгэх улмаар энэ нь эдийн засаг, бизнесийн маш их сөрөг үр дагаврыг бий болгоход хүргэж болзошгүй байна.
Монгол Улсын Татварын Ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар татварын маргааныг шийдвэрлэхийг тодорхой зохицуулсан байдаг бөгөөд бусад компаниудын хувьд ч гэсэн захиргааны журмаар шийдэгдэж байгаа юм. Манай клубын зүгээс шүүхийн шийдвэрийн зөв бурууг дүгнэх зорилго агуулаагүй ч татварын асуудлыг захиргааны журмаар шийдвэрлэх боломжтой байсаар байтал Саусгоби сэндс компанийг дааж давшгүй их хэмжээний 35.3 тэрбум төгрөгөөр торгож, хуучин ажилтнуудыг нь маш хатуугаар, шударга бус байдлаар эрүүгийн хэрэгтэн болгож шийдвэрлэсэнд Гүйцэтгэх захирлуудын клубын гишүүд тун харамсаж байна.
Энэ нь зөвхөн нэг компанийн, түүний ажилтнуудын асуудал биш ээ. Татварын хууль, тогтоомж, хуулийг хэрэгжүүлэх аргачлал дутмаг, тодорхойгүй байдлын улмаас татварын байгууллага болон татвар төлөгчдийн дунд ойлголтын зөрүү гарч түүний улмаас татварын маргаан үүсдэг. Жишээ нь дээрх 35.3 тэрбум төгрөгийн дийлэнхи буюу 24.3 тэрбум төгрөг нь сүүлийн жилүүдэд үргэлжилсэн төгрөгийн уналтаас үүдэлтэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь манай улсад буруу жишиг тогтоон, гадаад валютын зээл, өглөгтэй бүхий л аж ахуйн нэгж, иргэдийг яллан хорих үндэс болж магадгүй болоод байна. Хууль эрх зүйн орчин боловсронгуй
биш байгаагийн ачааг зөвхөн татвар төлөгчдөд тохдог, эрүүгийн хэрэгт татдаг арга практикийг өнөөдрөөс эхлэн таслан зогсооё, хуулийн заалтыг хүчингүй болгоё гэж уриалж байна.
Хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бий болгоход, эдийн засгийн хөгжлийг бүтээн байгуулахад чадварлаг хөдөлмөрийн зах зээл, гадаадын болон үндэсний өндөр ур чадвартай мэргэжилтнүүд асар их үүрэг гүйцэтгэдэг, тэдний хүч хөдөлмөрөөр бүтээн байгуулалт хийгдэж байна. Иймд үүссэн нөхцөл байдалд яаралтай дүн шинжилгээ хийж, Саусгоби сэндс ХХК-ийн ажилтан асан Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарыг батлан даалтанд гаргаж, улмаар өршөөл үзүүлж, Саусгоби сэндс ХХК-ийн олон зуун ажилтнуудын ажлын байр, аж амьдралыг хамгаалж, уг хэргийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Гүйцэтгэх захирлуудын клубын гишүүд уриалж байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ

Мэдээ