Монголын бизнесмэн захирлуудын клуб байгуулагдлаа

          Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмрийг оруулж, хувийн хэвшлийн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлсон бизнесийн салбарын томоохон төлөөлөгчид санаачлан МҮХАҮТ-ын дэргэд Гүйцэтгэх Захирлуудын Клуб буюу СЕО (Chief Executive Officer) Club-ийг байгууллаа.

Монголчууд өөрсдийн оюун ухаан, бодол санал, бизнесийн туршлага, дотоод нөөц боломждоо түшиглэж улс эх орноо хурдан хөгжүүлэх боломж байгаад СЕО Клубын гишүүд итгэл дүүрэн байна.

СЕО Клуб нь хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, дэмжин урамшуулахад чиглэсэн эдийн засаг, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, захирлуудын шинэ санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, шинэ технологи нэвтрүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн удирдлагын нэгдмэл санааг УИХ, Засгийн газарт илэрхийлэн хамгаалах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болно.

Төрийн зохицуулалтын шинэтгэлийг хийх, хөгжлийн төлөө хамтдаа алхах зорилгоор дээрх СЕО Клуб нь эхний ээлжинд Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулахад бизнес эрхлэгчидийн дуу хоолой, санал санаачилга бүхий хувийн хэвшлийнхний тодорхой саналуудыг УИХ-ын ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж ярилцах үеэрээ хүргүүлээд байна.

СЕО клуб нь анхны хуралдаанаасаа Хас Банкны Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуягийг Ерөнхийлөгч, Отгонтэнгэр Их сургуулийн ерөнхийлөгч Д.Оюунхорол, Өгөөж ХХК –ын захирал С.Түмэнгэрэл нарыг Дэд Ерөнхийлөгчөөр тус тус сонгон ажиллуулж байна.

Мэдээ