​ Монголд өр, үнийн өсөлт хоёроос өөр зүйл алга

Бид энэ ондоо багтаан зарим өрөө нүүрс гадагш нь зөөх замаар тэглэх ёстой билээ. Өрийн тухай эргэн нэг сануулбал Монгол Улс “Оюутолгой”-гоо 250, “Эрдэнэс Тавантолгой”-гоо 350, “Эрдэнэт” үйлдвэрээ 200 сая ам.доллараар барьцаалаад өр тавьчихсан билээ. 

Энэ мөнгөөр биднийг эрхлүүлэх санаа төрсөн эрх баригчдын шийдвэрийн гороор өнөөдөр экспорт нойл зааж, валютын хомсдолд орж буй. Ам.долларын ханш энэ өдрүүдэд дахин чангарах тухай мэргэжилтнүүд хэлж байгаа. Ерөнхийдөө хямралын бас нэгэн монгол хувилбарт бид ээрэгдэж байна. Бид тодорхойгүй хугацаанд элгээрээ мөлхөх байх. Мэдээж дараа нь “Юу болсон бэ, та минь” гэсэн шүү юм яриад босоод л ирнэ. 

Уул уурхайн элдэв асуудалд сонирхлын зөрчилтэйгээр ханддаг маш олон байр суурьтан бий. Гэвч тэр бүрийг үл тоон цаашлах нь бидний тэнэглэлийг улам тархи рүү нь шигдээнэ биз. “Дисковер Монгол-2013” чуулгын үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат үүсээд байгаа нөхцөл байдлыг, “Төр хувь  эзэмшихээр алдагдал хүлээдгийг одоогийн нөхцөл байдал харуулж байна. “Оюутолгой”-н хайгуулын ажилд 500 гаруй тэрбум төгрөг зарцуулж, өндөр эрсдэл гаргахад нь Монгол Улс 34 хувийг нь гаргаагүй. Уг нь 34 хувиар хөрөнгөө оруулж, 34 хувиар ашгаа хүртэн, 34 хувиар эрсдэлээ үүрэх учиртай. Ер нь одоо гэрээг нэг амьсгаагаар хөдлөөд сайжруулчихна гэж бодохгүй байна. Алхам алхмаар хийх ёстой” гэсэн юм.

Үнэхээр ч уул уурхайн салбар биднээс хамааралтайгаар зогсонги байдалд ороод байгаа бол харамсалтай л хэрэг. Эдийн засгийн 20, төсвийн орлогын 40, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлж буй энэ салбараа ашиглахгүй суугаад байгаагаа яаж тайлбарлах учиртай юм бүү мэд.

Зөвхөн Оютолгой ч биш “Эрдэнэс Тавантолгой” компани ид ажлаа эхлэхээсээ өмнө “Аль эрт дампуурчихсан” гэдгийг Ерөнхий сайд өөрөө мэдэгдсэн. Энэ дампуурлынх нь шалтгаан бол Хятадын төрийн өмчин “Чалко” компаниас авсан өр. Өр шир, ажилгүй унхиагүй байдлын улмаас иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа болон “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх асуудал сураг алдарсан. Манай төр бизнест ингэж оролцдог. Хамгийн гол нь “Чалко”-д өгч буй өрийн хариуд бид нүүрсээ хямд нийлүүлж байгаагийн хариуцлагыг өмнөх Засгийн газар, энэ Засгийн газрын эрхмүүдийн хэн нь хүлээх нь тодорхой биш. Шоглоод ч юм уу хэлчихэд гайхлуудыг амьд байгаа дээр нь тооцоо хийх хэрэгтэй юм шиг ээ. 

Манай талаас “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудал тавьж, хэлэлцээр эхлүүлээд нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй долоон сарын хугацаа өнгөрчихөөд байна. Энэ хугацаанд “Rio Tinto” санхүүжилтээ зогсоогоогүй ч далд уурхайн бүтээн байгуулалтын бүх ажлаа аргагүйн эрхэнд хойш тавьсан гэдгээ учирлаад байгаа. Үүнээс улбаалж Оюутолгойтой холбоотой бүх л эдийн засгийн судас тэмтрэгдэхээ больж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Монголын арилжааны банкууд Оюутолгой компанитай холбоотой зээлийн харилцаагаа түр зогсоосон байна. 

Эцэст нь Монголд өр, үнийн өсөлт хоёроос өөр зүйл алга болжээ. Өр тавьсан нөхөд өөрсдийгөө өмгөөлөх үгтэй л байх. Дээр нь тэдэнд өр, үнийн өсөлт нөлөөлөх ч үгүй. Тэгэхээр “Энэ бол ард түмний асуудал” юм байна л даа.

                                                                                                                                              Т. Бэх