Голомт Банк

Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг юм.

Тус банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн анхдагч алхам олныг хийж, анхны Олон улсын төлбөрийн картын систем, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, хосолсон валют бүхий Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юаний карт, Интернэт банк, ухаалаг утсанд суурилсан “Смарт банк”, “Өөртөө үйлчлэх банк”, төгрөгийн олон улсын MasterCard зэргийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн билээ.

Голомт банк зөвхөн дотоодын төдийгүй олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын итгэлийг хүлээж ирсэн бөгөөд дэлхийд тэргүүлэгч Credit Swiss, Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл, Швейцарийн Swiss-MO болон Trafigura Beheer B.V. банктай хувь эзэмших сонирхолд суурилсан хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө татсан Монголын цорын ганц банк бөгөөд Бээжин, Лондон хотуудад төлөөлөгчийн газраа ажиллуулж байна.

2011 болон 2012 онуудад дэлхийд алдартай The Banker, EuroMoney болон Global Finance сэтгүүлүүд Голомт банкийг “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тус тус өргөмжилсөн юм.