Бидэнд хэрэглэгч биш бүтээгч орон болох нэн тэргүүний зорилт тулгарч байна

“Гурамсан холбоо” нэвтрүүлгийн ээлжит дугаараар Улсын төсөв, Мөнгөний бодлогын талаар ярилцлаа. Юуны өмнө эдгээр өдрүүдэд Засгийн газар төсвийн зардалаа нэг тэрбумаар хорогдуулж, төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу Дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас түүнийг хэтрүүлэхгүй байхаар тодотгож байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

Тус нэвтрүүлгийн эхэнд Монгол Улсын төсөв 1,5 их наядаар тасарч төсвийн алдагдал хязгаарласан түвшингээсээ давсан учир төсвийг тодотгохоос өөр аргагүй байдалд хүрч байгаа тухай УИХ гишүүн Ж.Энхбаяр хэлээд төсөв ийнхүү их хэмжээний орлогоор тасарч байгааг Засаглалын дотоод зохион байгуулалтын алдаатай холбон тайлбарлаж байв.

Өөрөөр хэлбэл, энэ талаар төрөөс баримтлаж буй хэтийн төлөв буюу тухайлсан бодлогогүй байгаагаас үүдэж ийм нөхцөлд хүрсэн гэлээ.

Дэлхий нийтийн жишгээр бол онцгой тохиолдолд буюу эдийн засагт хямрал нүүрлэсэн хүнд нөхцөлд төсөвт тодотгол хийдэг гэж судлаач ярьж байна.

Мөнгөний бодлого нь улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд Засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизм дээр суурилан хэрэгждэг онцлогтой.

Энэ нь нийт эдийн засагт байх мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх, багасгах, мөнгөний үнэ болох хүүгийн хувь хэмжээг өсгөх, бууруулах байдлаар удирдаж нийт эдийн засгийн идэвхижлийг өдөөх эсвэл хязгаарлах байдлаар хэрэгжинэ.

Монгол Улсын хувьд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч нь Монгол Улсын төв банк болох Монголбанк юм. Улс орон бүр Мөнгөний бодлого хэрэгжүүлэх байгууллагыг хуульчлан тогтоодог. Эдийн засгийн зорилгод үнийн ерөнхий түвшний тогтвортой байдлыг хангах, үндэсний валютын ханшийг удирдах, зээлийн хүүг удирдах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, бүрэн ажил эрхлэлтэд тэмүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэргийг хамааруулан ойлгож болох хэдий ч мөнгөний бодлогын зорилго нь тухайн улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх дүрмээс хамаардаг.

Гэхдээ мөнгөний бодлогын зорилгыг ерөнхийд нь үнийн тогтвортой орчинд эдийн засгийн өсөлтийг дэмжих гэж тодорхойлсон байдаг. Мөнгөний бодлогыг зөөлөн ба хатуу мөнгөний бодлого гэж хоёр ангилдаг байна. Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөхийг зөөлөн мөнгөний бодлого гэдэг. Харин хатуу мөнгөний бодлого гэдэг нь эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн болон оргил үед үнийн ерөнхий түвшний өсөлтийг бууруулах, үнийн ерөнхий түвшний өсөлтөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг бууруулахыг хэлдэг ажээ.

Монгол Улс нь өнгөрсөн хорин жилийн туршид бүтээгч биш хэрэглэгч орон болж хувирчээ. Үндсэндээ нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг импортоор хангадаг байна. 2012 онд л гэхэд 6,7 тэрбум ам.долларын импорт хийжээ. Үүний хажуугаар улс төрийн намууд сонгуулийн мөчлөг дагасан халамжийн бодлогыг хавтгайруулан авч хэрэгжүүлдэг нь байдлыг улам дордуулжээ. Зөвхөн 2011-2012 онуудын хооронд 1.5 их наяд төгрөгийг халамжид зарцуулсан гэсэн тооцоо судалгаа гарсан байна.

Энэ нь явсаар манай улсын иргэдийн хэрэглээний зээл хоёр жилийн дотор гурав дахин өсөхөд хүргэжээ. Хэт хэрэглэгч болох аваас импортыг өдөөх аюулд өртөдөг гэж нэвтрүүлэгт оролцогчид онцолж байв.

Эндээс харахад бид хэрэглэгч биш бүтээгч орон болох цаг аль хэдийнэ иржээ. Өөрөөр хэлбэл, гагц уул уурхайд найдаж дулдуйдалгүй нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд нийлүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр үүний тулд мэргэжилтэй боловсон хүчин олноор нь бэлтгэх, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн орчныг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж, тэдгээрийг хууль эрх зүй, татварын таатай орчноор дэмжих бодлогыг Засгийн газар ойрын үед авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ирэх 2014 оны төсвийн орлого их хэмжээгээр тасалдаж байгаа нь харууллаа.

Р.Оргил

Эх сурвалж: Time.mn