БАН ГИ МҮН-ТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай холбогдуулан НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн-тай үдэлтийн уулзалт хийв. Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд энэхүү харилцааг эрчимжүүлэн бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажилласан ЕНБД-д талархал илэрхийлэв.

2007-2012 оны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч 5 удаа, Ерөнхий сайд 3 удаа тус тус НҮБ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд НҮБ-ын ЕНБД-ын 2009 онд манай улсад хийсэн айлчлал зэрэг нь дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээг тогтмолжуулж, олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв. Манай улс НҮБ-ын үйл ажиллагааг дэмжих, ялангуяа ардчиллыг хөгжүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах болон тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэнийг Байнгын төлөөлөгч тэмдэглэв.

Мөн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 66 хувьтай байгааг дурдаад ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах болон жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаардлага байгааг онцлов. ЕНБД Бан Ги-Мүн Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх болон эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр амжилттай ажиллаж байгаад баяр хүргэв.

НҮБ-ын гишүүн болсон 50 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцож ирсэн Монгол Улсад талархал илэрхийлээд, энэхүү сайн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Байнгын төлөөлөгчийн оруулсан хувь нэмэр, мэргэжлийн ур чадвар, туршлагыг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.

Мөн НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн албаны Дээд төлөөлөгч Ч.Диарра болон ЕНБД-ын Ажлын албаны дарга С.Малкора нартай тус тус үдэлтийн уулзалт хийв. 

Мэдээ